unnu@Davos '24: Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд оролцогчдыг онцлох нь

unnu.news
Б.Лхагвацэрэн
1 жилийн өмнө

Альпын уулсын дундах Давос хот жил бүрийн өдийд дэлхий дахины анхаарлын төв болдог гэж хэлэхэд нэг их “хилсдэхгүй”. Учирлаваас, Давос хот жирийн үедээ 11 мянга орчим оршин суугчтай бөгөөд жилийн энэ үед Дэлхийн Эдийн Засгийн Чуулганыг зохион байгуулж, 30 мянга гаруй зочныг хүлээн авдаг гэх статистик бий. 

Тэдний 2000 гаруй оролцогч буюу улс орнуудын удирдагчид, бизнесийн манлайлагчид нэгэн дээвэрт нэгдэж, та бидний гэр болсон эх дэлхийд тулгамдаж буй асуудал, сорилт, бэрхшээл төдийгүй бүтээж буй хамтын үнэ цэнээ дүгнэн хэлэлцдэг ээлжит Дэлхийн Эдийн Засгийн Чуулган ирэх Даваа гарагт эхэлнэ. 


ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН ГЭЖ ЮУ ВЭ?

Германы эдийн засагч, инженер, профессор Клаус Шваб одоогоос 52 жилийн тэртээ 1971 онд Европын Менежментийн Форум нэртэйгээр зохион байгуулж эхэлсэн уг чуулган өдгөө дэлхийн хамгийн “нөлөө бүхий” эрхмүүдийн цугларалт болжээ. Ердөө тав орчим хоног үргэлжилдэг Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы үеэр 400 орчим салбар хуралдаан үргэлжилдгээрээ онцлог.

Улс орнуудын төр-засгийн тэргүүнээс эхлээд томоохон компаниудын гүйцэтгэх удирдлага, иргэний нийгмийн зүтгэлтнүүд, эрдэмтэн судлаачдын төлөөллийг нэгтгэж чаддагт Давосын чуулганы ач холбогдол оршдог. Цаашлаад үр дүнг нь дэлхий даяар хэлэлцэж, эндээс гарсан шийдэл, санаа нь олон салбарын бодлого, стратегид нөлөөлдөг.

54 ДЭХ УДААГИЙН ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН: ИТГЭЛЦЛИЙГ ДАХИН СЭРГЭЭХ НЬ

Дэлхий нийтэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашлаад тогтвортой хөгжлийг бэхжүүлэхэд хамтын хүчин зүтгэл буюу бүх л түвшинд хамтын ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Иймд 54 дэх удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулган “Rebuilding Trust” буюу “Итгэлцлийг дахин сэргээх нь” сэдвийн хүрээнд өрнөнө.

Дайн, зэвсэгт мөргөлдөөн зэргээс шалтгаалан дэлхий ертөнц тогтворгүй, тодорхойгүй байгаа энэ цаг үед болох Дэлхийн Эдийн Засгийн чуулган нь тулгараад буй асуудал, сорилтуудын талаарх нээлттэй, бүтээлч яриа хэлэлцээрийг ахиулах, хэлэлцэх талбар байх юм. Үүнээс гадна уг чуулганаар дэлхийн удирдагчдын тууштай, ил тод, хариуцлагатай байх үндсэн зарчмуудыг бэхжүүлж, хамтын ажиллагааг сэргээхийг эрмэлзэж байгаа аж.

Долоо хоногийн турш чуулганд худалдаа, эдийн засгийн өсөлт, шинэ эриний ажлын байр, дэлхийн аюулгүй байдал, уур амьсгал, байгаль орчин, эрчим хүчний шилжилт, технологи, инновац зэрэг өргөн сэдвийн хүрээнд 400 гаруй салбар хуралдаан, хэлэлцүүлэг, уулзалт өрнөнө. Энэ жилийн Давосын чуулга уулзалт 1-р сарын 15-19-ний өдрүүдэд болно.

Борге Бренде, Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы тэргүүн
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нь тухайн жилийн турш нэгдмэл зорилгын төлөөх талуудын хамтын ажиллагааг дэмжсэн судалгаа, холбоо, тогтолцоог хөгжүүлэх бүтцийг хангаж өгдөг.
Борге Бренде, Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы тэргүүн

Ойрх Дорнодод өрнөж буй аюулгүй байдлын хямралтай адил асуудлыг шийдвэрлэж, хуваагдмал байдлыг тогтворжуулах, оролцогч талуудад харилцан ашигтай үр дүнг бий болгохын тулд хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой хэсгүүдийг тодорхойлох талаар хэлэлцэнэ.

Төр, засгийн газар, бизнес, иргэний нийгмийг нэгтгэх, түншлэлийг бэхжүүлэх, хөгжил цэцэглэлтийн гол цөмд хүмүүсийг оруулах эдийн засгийн шинэ тогтолцоог бий болгон, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх нь энэ удаагийн гол сэдвүүдийн нэг байна.

Хиймэл оюун ухааныг нийтэд ашиг тустай байдлаар ашиглах, хиймэл оюун ухааны зохицуулалтын ялгаатай байдал нь нийгэмд, инновацад гарч буй эрсдэлийг хэрхэн тэнцвэржүүлэх талаар ярилцана.

Бид 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаралтыг 0 болгох, байгальд ээлтэй ертөнцийг бий болгох зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд эрчим хүч, хоол хүнс, ус хүртээмжтэй, найдвартай, боломжийн үнэтэй байх урт хугацааны системчилсэн арга замыг хэрхэн хөгжүүлэх сэдвийг хөндөнө.


2800+ ОРОЛЦОГЧ

Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн энэ чуулганд 60 гаруй орны төрийн тэргүүн, дэд ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд болон олон улсын байгууллагын төлөөлөл оролцоно.


ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БУЙ ТӨР, ЗАСГИЙН ТЭРГҮҮН НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ



ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БУЙ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛ



ДАВОСЫН ЧУУЛГАНД МОНГОЛ УЛС

Монгол Улс Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд 1991 оноос оролцож эхэлсэн түүхтэй. Жил бүрийн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад Монгол Улс өндөр ач холбогдол өгч оролцсоор ирсэн юм.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Монгол Улсыг төлөөлж төрийн өндөр албан тушаалтнууд, томоохон хөрөнгө оруулагч, түншүүд, иргэний нийгмийн төлөөлөл энэ жилийн ДЭЗЧ-д оролцож байна.

“Өвлийн Давос” хэмээх энэхүү арга хэмжээнд манай улс 20 жилийн дараа Ерөнхий сайдын түвшинд оролцох гэж байна. Тэрээр тус чуулганд оролцох үеэрээ сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хот төлөвлөлт, цахим хөгжил, мэдээллийн технологи, аялал жуулчлал, олон улсын маркетингийн хамтын ажиллагааны чиглэлээр 30 гаруй уулзалт хийхээр төлөвлөжээ.

Монгол Улсын Засгийн газар 2024 оноос эхлэн хэрэглэх "Go Mongolia" үндэсний брэндингийг саяхан танилцуулсан. Үүнтэй холбогдуулан тус брэндингийг ДЭЗЧ-ны үеэр олон улсын түвшинд танилцуулах аж. Түүнчлэн, Соёлын сайд Ч.Номин нь 2016 онд Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы Дэлхийн залуу манлайлагчаар шалгарч байсан юм.

“Оюу толгой” нь Монгол Улсын хамгийн том зэс, алтны компани бөгөөд Монгол улсын Засгийн газар болон “Рио Тинто” компани хоорондын стратегийн түншлэлийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг. Манай улсын томоохон түншүүдийн нэг “Рио Тинто” компанийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар 2021 оноос хойш ажиллаж буй Б.Болд нь ДЭЗЧ-д оролцох аж.

Өнгөрсөн оны 6-р сард болсон Зуны Давосын үеэр манай улсын системийн томоохон банк Худалдаа Хөгжлийн Банк нь Дэлхийн эдийн засгийн форумын албан ёсны түнш болсон билээ. ХХБ-ийг төлөөлөн тус банкны ТУЗ-ийн дарга Рандолф С.Коппа ДЭЗЧ-д оролцоно.

Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд тус байгууллагын харьяа Глобал Шейперс Нийгэмлэгийг төлөөлөн жил бүр 50 залуу оролцдог. Э.Тэмүүлэн нь Глобал Шейперс Улаанбаатар Нийгэмлэг болон Зүүн Хойд Ази (Монгол, Япон, БНСУ) бүсийг төлөөлөн ДЭЗЧ-д оролцох юм. Тэрээр гэр суурьшлын бүс, хотын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гэр өргөө” ТББ-ын Хөтөлбөр хариуцсан захирлаар ажилладаг.

Э.Тэмүүлэн нь ДЭЗЧ-ийн чуулганы үеэр болох нээлттэй форумын “Take a Deep Breath with Technology” панел хэлэлцүүлэгт оролцож, агаарын бохирдлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд иргэд олон нийт, тэр дундаа залуучуудын оролцоо ямар чухал үүрэгтэй болох тухай хуваалцана.


unnu.news ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНЫГ СУРВАЛЖИЛНА

Дэлхийн хамгийн хүчирхэг эрхмүүдийн цугларалт ДЭЗЧ-ыг unnu.news сурвалжлахаар болсныг уншигч танд дуулгахад таатай байна. 

Энэ удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганыг 400 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлахаар болсны нэг нь unnu.news юм.

unnu.news-ийн Ерөнхий редактор Б.Лхагвацэрэн Швейцарын Давос хотоос чуулганыг газар дээрээс нь сурвалжилж, оролцогчдыг байр суурийг хүргэхээр бэлтгэл хангаж эхлээд байна.

Давос хотоос бэлтгэн хүргэх контентууд, liveblog-той хамт байгаарай.

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.