Монгол стартапын түүхэн амжилт: AND Global компани Series B шатны хөрөнгө оруулалтаар 21.4 сая ам.доллар татлаа
Монголд үүсгэн байгуулагдаж, дэлхийн зах зээлд амжилттай тэлж буй финтек компани AND Global нь Олон Улсын Санхүүгийн Корпораци (IFC), AEON Financial Service тэргүүтэй нэр хүндтэй хөрөнгө оруулагчдаас 21.4 сая ам.долларын Series B хөрөнгө оруулалт татсан тухайгаа албан ёсоор зарлалаа. Монгол стартапын хувьд энэхүү хөрөнгө оруулалт нь олон улсын тавцанд итгэл хүлээсэн, түүхэн ач холбогдолтой үйл явдал болж байна.
Санхүүгийн хүртээмжийн дэлхийн сорилт ба AND Global-ийн хариу
Дэлхийн банкны судалгаагаар өнөөдөр 1.4 тэрбум насанд хүрэгчид банк болон санхүүгийн байгууллагад албан ёсны дансгүй, санхүүгийн үйлчилгээ авах боломжгүй хэвээр байна. GSMA-гийн тооцоогоор шинэ зах зээлд оршин буй 400 сая микро бизнесийн 345 сая нь албан ёсоор бүртгэлгүй байгаа нь санхүүгийн хүртээмж, бизнесийн албан ёсны оролцооны томоохон саад хэвээр байгааг харуулж байна.
Ийм нөхцөлд, AND Global-ийн хиймэл оюун ухаанд суурилсан финтек шийдлүүд нь Зүүн өмнөд Азийн бүс нутагт бичил, жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх дараагийн шатны хөгжлийг дэмжих стратегийн чухал алхам болж байна.
ОУСК-ийн дэмжлэг: Монгол технологийн салбарын шинэ хуудас
ОУСК-ийн хөрөнгө оруулалтаар AND Global нь өөрийн технологийн нэгж болох AND Solutions Pte Ltd-ээр дамжуулан хиймэл оюун ухаанд суурилсан финтек шийдлүүдээ улам сайжруулж, дижитал шилжилт хийж буй санхүүгийн байгууллагуудад зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ өргөжүүлэхээр зорьж байна. Тус нэгжийн бичиг баримт боловсруулах, зээлийн оноо тогтоох, менежментийн системүүд нь өнөөдрийн байдлаар 11 улсад амжилттай нэвтэрч, идэвхтэй хэрэглэгдэж байна.
Мөн энэхүү түншлэлийн хүрээнд AND Global-ийн охин компани, Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй “ЛэндМН ББСБ” ХК-аар дамжуулан санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, компанийн засаглалын ил тод байдал, эрсдэлийн удирдлага, хариуцлагатай зээл олголтын чиглэлээр олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Олон улсын хөрөнгө оруулагчдын итгэл ба хамтын ирээдүй
Хөрөнгө оруулалтад Японы Marubeni Corporation, SBI Holdings, Premium Group зэрэг дэлхийн нэр хүндтэй байгууллагууд оролцсон нь AND Global-ийн технологийн шийдлүүдийн ирээдүй, боломж, олон улсын өрсөлдөх чадварыг дахин баталгаажуулж буй хэрэг юм.
ОУСК-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Маттье Лө Блан “Хүн ам сийрэг тархан суурьшсан Монгол Улсын хувьд санхүүгийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд дижитал шийдлүүд асар их үр нөлөөтэй. ОУСК нь технологид суурилсан гарааны бизнесүүдийг дэмжиж, хэрэглэгчдэд нэн шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг дижитал хэлбэрт шилжүүлснээр ажлын байр бий болгох, тэр дундаа эмэгтэйчүүд болон залуусын хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэн ажилладаг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь бидний дээрх зорилгын хүрээнд авч хэрэгжүүлж буй чухал алхмуудын нэг юм” хэмээн онцолжээ.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.