Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Анатольевич Навальный энэ сарын сарын 16-ны өдөр Ямало-Ненецк автономит тойргийн “ИК-3” засран хүмүүжүүлэх онцгой дэглэмтэй хорих ангид нас барсныг холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
НАВАЛЬНЫЙ ГЭЖ ХЭН БЭ?
Тэрээр Кремлийн хамгийн нөлөө бүхий шүүмжлэгчдийн нэг байсан бөгөөд 2009 оноос хойш авлигын эсрэг тууштай тэмцсэн юм. А.Навальный 2011 онд “Aвлигатай тэмцэх сан”-г байгуулж, Оросын улс төрийн “элитүүдийн” нууц хөрөнгийг илчилсэн баримтыг олон нийтийн сүлжээнд дэлгэж эхэлсэн.
Түүний дэлгэсэн баримтууд нь олон нийтийн анхааралд орж, улмаар Оросын томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаалууд өргөжин тэлсээр байсан тул Навальныйг удаа дараалан эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж, оролцсон гэх үндэслэлээр баривчилж байлаа.
Навальный нь 2018 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлт гаргаж байсан ч залилангийн хэрэгт холбогдож байсан гэх үндэслэлээр шүүхээс татгалзсан хариу авч байв. Хэрвээ тэрээр өнгөрсөн удаагийн сонгуульд нэр дэвшсэн бол Путины хамгийн хүчтэй өрсөлдөгч болно гэж олон улсын шинжээчид үзэж байсан юм.
Навальный 2020 онд Москва хотоос Томск хотын чиглэлд нисэж явах үедээ бие нь муудаж, ухаан алдан комд орж байв. Хожим түүнийг ХБНГУ-д шилжүүлэн эмчлүүлэх үед тус улсын эмч нар Навальныйг цэргийн "Новичок" бодисоор хордуулсан болохыг тогтоосон. Тэрээр уг халдлагын талаар HBO-ийн “Navalny” баримтат киноны үеэр дурссан байдаг. (Navalny, 2022)
Тэрээр 2021 онд эдгэрмэгцээ эх орондоо буцаж ирсэн боловч өмнө нь холбогдож байсан хэргийн ял эдлүүлэх журмыг зөрчсөн гэх үндэслэлээр хилийн шалган дээрээс түүнийг баривчлан хорьсон юм.
Шүүхээс А.Навальныйд 2022 онд ТББ-ын хөрөнгийг хувийн зорилгоор хууль бусаар ашигласан гэх үндэслэлээр, 2023 онд экстремист үйл ажиллагаа явуулсан гэх үндэслэлээр онцгой дэглэмтэй хорих ангид тус тус 9, 19 жилийн ял оногдуулсан. Навальный өөрийгөө “гэм буруугүй бөгөөд эдгээр хэргүүд бүгд улс төрийн зорилготой хуурамч гүтгэлэг” гэж мэдүүлсэн байдаг.
НАВАЛЬНЫЙ ЯАЖ НАС БАРСАН БЭ?
Одоогийн байдлаар олон нийтэд ил болгосон мэдээллийг авч үзэхэд, Алексей Навальный энэ сарын 16-ны өдөр “ИК-3” засран хүмүүжүүлэх онцгой дэглэмтэй хорих ангид орон нутгийн цагаар 14:17-д нас баржээ.
Үхлийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд ”Навальный алхаж яваад гэнэт бие нь эвгүйрхэж, ухаан алдсан” гэж холбогдох албаны хүмүүсийн мэдээлсэн. Энэ талаар “Түргэн тусламж дуудсан боловч сэхээн амьдруулах оролдлого бүтэлгүйтсэн” гэжээ.
Хэд хэдэн эх сурвалжид түүнийг зүрхний шигдээсээр нас барсан гэж дурдсан боловч мэргэжилтнүүдийн үзэж буйгаар задлан шинжилгээ хийх хүртэл үүнийг нотлох аргагүй аж.
Навальныйн ээж хүүтэйгээ энэ сарын 12-нд уулзсан тухайн үед "эрүүл, амьдралын баяр баясгалантай байсан" гэжээ. А.Навальный 2-р сарын 15-ны өдөр шүүх хуралдаанд цахимаар оролцсон бөгөөд шүүхийн хэвлэлийн албанаас түүнийг "биеийн байдал хэвийн, эрүүл мэндийнхээ талаар ямар нэгэн гомдол гаргаагүй" гэж мэдэгдэж байв.
А.Навальныйн хэвлэлийн төлөөлөгч-Кира Ярмыш Алексей түүнийг гаднын нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаагаа дурдаад талийгаачийн цогцсыг ар гэрийнхэнд нь шилжүүлэхийг шаардсан. Гэвч мөрдөн шалгах ажиллагаа дуусах хүртэл цогцсыг шилжүүлэхгүй, “Навальныйн цогцос одоог хүртэл хаана байгаа талаар албаны хүмүүс хариу өгөөгүй гэдгийг өөрийн X хаягтаа нийтэлжээ.
ЯАГААД НАВАЛЬНЫЙН ҮХЭЛ ЧУХАЛ ВЭ?
Уг үйл явдал дэлхий даяар том гүрнүүдийн сонгууль болох 2024 онд, нэн ялангуяа Оросын Ерөнхийлөгчийн сонгууль болохоос ердөө 28 өдрийн өмнө болсон нь анхаарал татна. Өнгөрсөн онд цэргийн “Вагнер” группийн эзэн Евгений Пригожины учир битүүлэг үхэл уг хэргийг энгийн нэг өөр золгүй явдал гэж дүгнэхэд эргэлзээ төрүүлж буй.
Олон улсын зүгээс Навальныйн үхлийн буруутныг Кремль, Путин гэж үзэж буйгаа олон улсын нөлөө бүхий улс төрчид, төрийн тэргүүн нар илэрхийлсэн бол Оросын албаныхны зүгээс Навальныйн үхэл “барууныханд” илүү ашигтай гэж үзэж буйгаа Оросын Төрийн Думын дарга Вячеслав Володин өөрийн Телеграм хуудастаа бичсэн.
Харин түүний мэдэгдэлд Навальныйн үхлийн шалтгааныг “барууныхантай” шууд холбох ямар нэгэн баримт, нотолгоо дурдагдсангүй.Навальный нас барснаар Оросын ард түмэн Путинээс өөр “сонголтгүй” бас “санагалзах хүнгүй” Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэг удаа саналаа өгч, Путин “ногоон гэрлээр” сонгогдох нь бараг л эргэлзээгүй болов. В.Путин Оросын түүхэнд Сталинаас хойш төрийн эрхийг хамгийн удаан барьж байгаа удирдагч юм.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.