Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газраа бүрдүүлж, ажилдаа ороод байна. Түүний Засгийн газрыг эвлэрлийн гэж тодотгох ёстой. Ажил хийнэ, авлигын эсрэг тэмцэнэ, ална шулна гэхээсээ эвдрэлцээд удсан намын хоёр фракцын эхийг эцээхгүй, тугалыг тураахгүй байдлаар уулзуулж, 2027 оны Ерөнхийлөгчийн, 2028 оны УИХ-ын сонгууль хүртэл нэр нүүрээ бодоцгооё хэмээн жүжиг тавьсан хэрэг ээ.
Жүжиг гэснээс хоржоонтой нь, Г.Занданшатарын Засгийн газар огцорч, Н.Учралыг нам нь дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг гуравдугаар сарын 27 бол Дэлхийн театрын өдөрт тохиосон юм.
Хэдийгээр маш богино хугацаанд МАН-ын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын албан тушаалд үсэрсэн нь түүнийг гайхамшигтай харагдуулж байгаа ч Н.Учрал уг жүжгийн зохиолч хийгээд найруулагч биш, харин гол дүр нь, жүжигчин нь гэдгийг үйл явдал нотлон харууллаа.
Гэхдээ авторгүй жүжиг гэж байхгүй, харин авторыг нууж, нууц нэрээр толилуулж болно. Түүнчлэн туршлагатай уншигчийн хувьд үзэгдэл бүрийн зангилаа, зөрчил, дүрийн өөрчлөлт ба хөгжил, эцсийн тайлал бүгдийг нэгтгэн дүгнээд нууцлагдсан авторыг таних боломжтой гэе.
Хэнийг нь эерэг, алийг нь эсрэг дүр гэж үзэхийг уншигч үзэгчийн үзэл санаа, улс төрийн чиг баримжаа тодорхойлно. Харин нэг талд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан нарын фракц, нөгөө талаас Г.Занданшатар, цаанаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн буюу ах нарын фракц гэж хоёр хуваагдсан талбарт энэ жүжиг гурван үзэгдэлтэйгээр өрнөж үзүүлэв.
Н.Учрал намын дарга болдог (болгодог) нь нэгдүгээр үзэгдэл.
Н.Учрал УИХ-ын дарга болдог (болгодог) нь хоёрдугаар үзэгдэл.
Н.Учрал Ерөнхий сайд болдог (бас болгодог) нь гуравдугаар үзэгдэл ажээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорсноор МАН-ын даргын суудлаа ч бас өгөх шаардлага үүссэн. Учир нь МАН-ын дүрэмд намын дарга нь Ерөнхий сайдаар ажиллах заалт бий.
Улмаар дараагийн Ерөнхий сайд Г.Занданшатар автоматаар МАН-ын даргад дэмжигдэх хүлээлт үүссэн. Гэвч Л.Оюун-Эрдэнийн фракцаас Д.Амарбаясгалан УИХ-ын даргаар ажиллаж байлаа. Иймд тэд гүйцэтгэх засаглалын эрх мэдлээ алдсан ч парламент дээр эрх дархтай хэвээр байгаа тул намаа ч авах амбиц гаргасан. Ингээд МАН-ын даргад Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар зэрэг нэрээ дэвшүүлснээр энэ намын хагарал ил түвшинд гарсан. Г.Занданшатарын хувьд Д.Амарбаясгаланг хамгийн ихээр нүүрсний хулгайч, хүн амины гэмт хэрэгтэн мэтээр цоллож байсан Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар томилчих жишээтэй.
Ингээд нам дээр нэг удаагийн сонгууль явагдаж, Д.Амарбаясгалан олонхын санал авсан ч нөгөө фракц үүнийг хүчин төгөлдөр бус гэж үзэн маргасан юм. Намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь Г.Занданшатарын буюу Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракцынх, ер Ерөнхийлөгчийн нөлөө хүчтэй байгаа цаг.
Улмаар Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах дараагийн тактиктаа Д.Амарбаясгалангийн фракц орж, жагсаалтын гишүүдээрээ дамжуулан гарын үсэг цуглуулсан. УИХ-ын чуулганы хуралдааны шийдвэр Г.Занданшатарыг огцруулах талд гарсан ч Үндсэн хуулийн цэц, Ерөнхийлөгч нь Ардчилсан намтай нийлээд болиулж чадсан.
Эцэст нь Д.Амарбаясгалан өөрөө УИХ-ын даргаа өгч, Г.Занданшатар Ерөнхий сайдаар үлдсэн. Түүнд “Хоёулаа огцоръё” гэсэн сүүлийн так тик байсан болов уу, гэвч тэр нь хэрэгжээгүй юм.
Нэгдүгээр үзэгдэлд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалангийн тал бүрэн бүтэлгүйтлээ.
Ингээд суудалдаа үлдсэн Г.Занданшатар намын даргаа авах боломж бий болсон ч тэгсэнгүй. Тэд Ерөнхий сайд нь намын дарга байх дүрмийн заалтаа умартсан бололтой. Г.Занданшатар энэ удаагийн сонгуульд өрсөлдсөнгүй, харин Н.Учрал гэдэг кандидат 99 хувийн саналаар тодорч, намын дарга болох нь тэр.
Эндээс жүжгийн зохиолд Г.Занданшатар замын дундаас хэлмэгдэн хаягдах буюу жийгдэх дүрээр орсныг олж харна.
Намын дарга нь Ерөнхий сайд байна гэдэг дүрмээ нэгдүгээр үзэгдлийн төгсгөлд мартсан МАН-ынхан Н.Учралаа УИХ-ын даргад нэр дэвшүүлж, улмаар дэмжигдлээ.
Ингээд ялсан талынхан Засгийн газраа ч, УИХ-ын даргаа ч авчихсан мэт харагдаж байгаа боловч намрын чуулган хаах дөхөж байв. Чуулганы завсарлагааны хугацаанд Г.Занданшатар ажлаа хийх чөлөө тохиов. Н.Учрал УИХ-ын дарга болсон нь жүжиг, харин намын дарга болсон нь ирэх хавар Ерөнхий сайд болохын урьтал байсан гэдэг таамгийг олон хүн дэвшүүлсэн. Тэр ч ёсоор болсон.
Өмнө нь Н.Учралыг УИХ-ын дарга болж байхад юу ч дуугараагүй Ардчилсан намынхан шууд л “Намын дарга хүн парламентыг удирдах ёсгүй. Ажлаа өгтөл нь бид хуралдаа суухгүй” хэмээн эхний хуралдаанаас бойкотолж гарав. Зохиолын дагуу явагдах гэдэг энэ. Удалгүй Н.Учрал ч “Ирц нь хүрдэггүй парламентыг даргалмааргүй байна” гэж өөрийн амаар дуугарав.
Ингээд Н.Учрал ажлаа өгч, Ерөнхий сайд болох бэлтгэлээ хангаж эхэлсэн юм.
Яг энэ давхцал дээр Л.Оюун-Эрдэнэ “амь” орж, ярилцлага өглөө. Энэ үеэрээ “Бодь” группийн нэр холбогдсон авлигын асуудлаар шүгэл үлээсэн. Үүнд нь Г.Занданшатарын танхимд байгаа Б.Энхбаяр, цаашлаад ах нарын фракц шууд “тээглэж” унах эрсдэлтэй байв. Тэр ингэж улстөрчдийг сандаргахдаа, Н.Учралын тухай асуултад ихээхэн бөөрөнхий хариулж байв. “Түүний цаана өөр хүн байгаа” гэдгээс өөрөөр илтэд дайраагүй. Энэ нь Н.Учралыг Ерөнхий сайд болно гэдгийг тооцсон, шинэ Засгийн газар байгуулагдахад нь тохирч, эвсэнэ гэж төсөөлснийг харуулдаг.
Харин Н.Учрал УИХ-ын даргаа өгчихлөө, Ерөнхий сайд болохын тулд Г.Занданшатар огцрох ёстой?
Түүний хувьд “Надад тохирох, ухрах бодол алга” гэж мэдэгдэл хийсэн ч маргааш нь өөрөө өргөдлөө өгчихсөн. Зохиолын дагуу явагдах гэдэг нь ахиад л энэ болов.
Ингээд ногоон гэрлээр Н.Учрал Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд боллоо.
Гэвч дахиад л УИХ-ын даргаар хэн болох вэ, шинэ Засгийн газарт хэн хэн багтах вэ гэдэг асуудал үүссэн. Л.Оюун-Эрдэнийн фракц УИХ-ын даргаа авъя гэсэн ч чадсангүй, нөгөө фракцын С.Бямбацогт сонгогдлоо. Харин Засгийн газарт тэд ХЗДХ-ийн сайдаар С.Амарсайхан, ЦХИХХ-ны сайдаар Ч.Номин, БОУАӨ-ийн сайдаар Ц.Сандаг-Очир, ХХААХҮ-ийн сайдаар Ц.Идэрбат гэж дөрвөн төлөөллөө оруулав.
Харин хамгийн их сандаргасан “Бодь”-ийн авлигын асуудалд нэр холбогдож байгаа Б.Энхбаяраас Н.Учрал салж чадсангүй, ЗГХЭГ-ын даргаараа тавив. Ийм учраас Н.Учрал эвлэрлийн, тохиролцооны Засгийн газрыг ямартай ч бүрдүүлэн ажилдаа орсон юм.
***
Одоо жүжгийн дөрөвдүгээр үзэгдэл өрнөх болов уу.
Н.Учрал анхнаасаа намын дарга, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болох замнал саадгүй явагдсан нь түүнд ах нарын фракцын дэмжлэг байгааг баталдаг. Тэгэхээр жүжгийн автор тэр зүгт байна. Харин жүжгийг сонирхолтой болгон найруулах оролдлого Л.Оюун-Эрдэнийн талд бий. Энэ удаад тэд хэн хэнийхээ авлига, албан тушаал, хэрүүл уруулын асуудлыг өнгөрөөж, сонгууль хүртэл намын нэр хүндээ хичээе гэж ойлголцсон харагдаж байгаа. Гэвч Ерөнхий сайд Н.Учрал гэсэн гол дүртэй жүжгийн зохиолыг дөрөвдүгээр үзэгдлээс нь найруулах эрхийг олж авах, олж аваад төгсгөлийг нь өөрчлөх чиглэлд Л.Оюун-Эрдэнэ зүтгэх эсэх анхаарал татаж байна.
Харин анхнаасаа Л.Оюун-Эрдэнийг явуулах л гол зорилго байж, явуулсан хойно хэн нэгнээр нөхөх шаардлага үүссэн ба нөхөөсөнд түрдээ Г.Занданшатар явсныг зохиолоос ойлгож болох нь. Гол хагарал Ерөнхийлөгч ба Л.Оюун-Эрдэнийн фракц дунд үүссэнийг дахин баталсан. Одоо дундын тоглогч нь Н.Учрал мэт харагдаж байгаа ч тэр өөрөө гол дүрд тоогдох хэмжээний чадварлаг жүжигчин тул дүрдээ хэт автахдаа тайзан дээр зохиолч, найруулагчийн хэлснээс өөрийг, өөрийнхөөрөө хийж эхлэх юм биш биз? гэдэг ч сонирхолтой хүлээлт боллоо.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.