Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаа сонгогдлоо
Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотноо энэ 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдсан Дэлхийн өвийн конвенцын Талуудын 25 дугаар Ерөнхий Ассамблейн чуулганаар Монгол Улс ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн хорооны гишүүнээр анх удаагаа сонгогдлоо.
Сонгууль хоёр үе шаттайгаар явагдсан бөгөөд эхний шатанд бүс нутгийн бүлэг тус бүрт оногдсон суудлын төлөө санал хураалт явагдаж, I бүлгээс Швейцар, II бүлгээс Азербайжан, III бүлгээс Гренада болон Перу, Va бүлгээс Того болон Танзани, Vb бүлгээс Кувейт улсууд сонгогдсон байна.
Харин энэ шатанд сонгогдоогүй улсууд нээлттэй 5 суудлын төлөөх дараагийн шатанд оролцсон бөгөөд Ази, номхон далайн IV бүлэгт энэ жил суудал оногдоогүй тул Монгол Улс нээлттэй суудлын төлөө бусад 11 улстай өрсөлдөв.
Нээлттэй суудлын төлөөх энэхүү санал хураалтаар:
- 🇦🇲 Армени 105
- 🇲🇳 Монгол Улс 97
- 🇧🇩 Бангладеш 84
- 🇨🇿 Чех 81
- 🇵🇱 Польш 42 санал авч Дэлхийн өвийн хорооны гишүүнээр тус тус сонгогдлоо.
Монгол Улс ийнхүү нийт нэр дэвшигчдийн дундаас хоёрдугаар байрт шалгарсан нь манай улсын олон улсын нэр хүнд, нэгдсэн зохион байгуулалттай хийгдсэн нөлөөллийн ажил, тууштай бодлого, хамтын хичээл зүтгэлийн үр дүн болсон түүхэн амжилт юм.
Монгол Улс тус хорооны гишүүнээр сонгогдсоноор конвенцын хэрэгжилтийг олон улсын түвшинд идэвхтэй дэмжихээс гадна манай улсад хамааралтай асуудлуудад байр сууриа бүрэн эрхтэйгээр илэрхийлэх, зөвлөмж, шийдвэрийн хэлэлцүүлэгт шууд оролцох боломж нээгдэж байна.
Түүнчлэн, энэ нь соёлын болон байгалийн өвийн салбарын үндэсний мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн хэмжээнд бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Энэхүү өндөр хариуцлагатай хороонд сонгогдсон нь Монгол Улсын олон улсын тавцан дахь байр суурийг шинэ түвшинд ахиулж, дэлхийн соёлын болон байгалийн өвийг хамгаалах хамтын хүчин чармайлтад манай улс идэвхтэй, жинтэй хувь нэмэр оруулж буйг бататгасан чухал үйл явдал боллоо.
Эх сурвалж: Монгол Улсаас БНФУ-д суугаа Элчин сайдын яам

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.