“Юбикаб” ХХК-ийн үүсгэн байгуулагчид удирдлага, менежментээ хэрэгжүүлсэн хэвээр байна гэв
Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Юбикаб” ХХК-ийн талаар мэдээлэл гарсантай холбогдуулан тус компаниас залруулга гаргалаа.
"Юбикаб" ХХК-ийг О.Золбаяр, Б.Манлай, Н.Отгонбаяр, Б.Эрдэм нар хамтран үүсгэн байгуулсан бөгөөд хамтран үүсгэн байгуулагч Н.Отгонбаяр өчигдөр "Юбикаб” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэж өгсөн талаараа мэдэгдсэн юм. Такси үйлчилгээний “Юбикаб” ХХК нь “Юбикаб Холдинг” ХХК-ийн охин компани аж.
Тус компаниас гаргасан залруулгад дурдсанаар “Юбикаб” ХХК-ийг анхлан үүсгэн байгуулагчид компанийн удирдлага, менежментийг хэрэгжүүлсэн хэвээр байгаа гэв. Мөн хувьцаа эзэмшил болон удирдлага, менежментээ өөр компанид шилжүүлээгүй талаар дурдсан байна.
УБЕГ-ын нээлттэй өгөгдлөөс харахад тус компанийн эзэмшилтэй холбоотой дараах бүтэц харагдаж байна.
“Юбикаб Холдинг” ХХК-д 2020 онд “М-Си-Эс Венчерс” ХХК хөрөнгө оруулсан. Харин “М-Си-Эс Венчерс” ХХК-ийг “М-Си-Эс Инвестмент” ХХК, М-Си-Эс Инвестмент” ХХК-ийг “М-Си-Эс Монголиа” ХХК эзэмшдэг.
“М-Си-Эс Монголиа” ХХК-ийн эцсийн өмчлөгч нь Ж.Оджаргал. Тиймээс холбогдох журмын дагуу УБЕГ-ын нээлттэй мэдээлэлд Ж.Оджаргал нь “Юбикаб Холдинг” ХХК-ийн эцсийн өмчлөгчөөр бүртгэгддэг аж.
ЖУРМЫН ТАЛААР
- 6.7. Улсын бүртгэгч хуулийн этгээдийн хөрөнгийн дийлэнх хэсгийг дангаараа эсхүл бусадтай хамтран шууд болон шууд бусаар өмчилж байгаа этгээдийг улсын бүртгэлийн мэдээллийн санд эцсийн өмчлөгчөөр бүртгэнэ.
- 6.9. Энэ журмын 6.7-д заасан хөрөнгийн дийлэнх хэсэг гэж холбогдох хуулиудад заасны дагуу тухайн хуулийн этгээдийн хөрөнгийн 33, түүнээс дээш хувийг ойлгоно.
- 6.12 Энэ журмын 6.11-д заасан үргэлжилсэн хэлхээ холбоо бүхий хуулийн этгээдийн мэдээллийн журмын дагуу эцсийн өмчлөгч хувь хүн хүртэл задлан бүртгэнэ.
Эндээс дүгнэвэл, “Юбикаб Холдинг” ХХК-ийг:
- Интелмайнд ХХК
- М-Си-Эс Венчерс ХХК
- Арагууд Отгонбаяр Интерпрайс ХХК
- Э.Мөнххишиг
- Б.Манлай
- А.Наранбаяр
- Г.Өсөхбаяр
- О.Золбаяр
- Б.Эрдэм нарын есөн хувь хүн, хуулийн этгээд хамтран хувь эзэмшдэг бөгөөд нийт хөрөнгийн 33 буюу түүнээс дээш хувийг эзэмшиж буй М-Си-Эс Венчерс ХХК-ийн эцсийн өмчлөгч нь “М-Си-Эс Монголиа” ХХК-ийн эцсийн өмчлөгч Ж.Оджаргал тул улсын бүртгэл дээр дараах байдлаар харагдаж байгаа аж.
Одоогоор тус компанийн такси үйлчилгээ нь нийслэлээс гадна 13 аймагт нэвтэрсэн бөгөөд 900 мянга гаруй хэрэглэгчдэд 40 мянга орчим жолооч үйлчилдэг гэж веб хуудастаа мэдээлжээ.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.