Буддизмын төлөөх тэмцлийн гол дүр найман настай хүү

unnu.news
Б.Лхагвацэрэн
1 жилийн өмнө

- New York Times-аас орчуулан хүргэж байна -

X БОГДЫГ ХЭРХЭН ТОДРУУЛСАН БЭ?

Хүү дөнгөж хөлд орж эхлэхэд л амьдрал нь тэр чигээрээ өөрчлөгджээ. Тухайн үед аав нь ихэртэй нь хамт Ганданд шалгалт өгүүлэхээр очжээ. 

X Богдыг тодруулахдаа IX Богд нас барсны дараа буюу 2014, 2015 онд төрсөн 80 мянган хүүхдийн нэрээс шашны ном судар, аргын дагуу шигшжээ. Улмаар шалгалтад орох 11 хүүхдийн нэр тодорч, тэднээс хоёр нь татгалзжээ. 

Хүүхдүүдээс шалгалт авахдаа ширээн дээр шашны эд зүйлсээс гадна заримынх нь анхаарлыг татах зорилгоор өнгө өнгийн чихэр жимс харуулжээ. Харин X Богд энэ үед ширээн дээр байсан эрхийг энгэртээ зүүж, хонх дамар цохижээ. 

Тэр ч бүү хэл, өрөөнд байсан лам руу мөлхөж очин хөлд нь авирчээ. Хувилгааны энгэртээ зүүсэн эрх, хонх дамар нь IX Богдынх байсан бол хөлд нь авирсан лам түүний туслах байжээ. 

Шалгалтын дараа тэдний хүү X Богдоор сонгогдсоныг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж аав ээжид нь залгаж хэлжээ. Хөвгүүдээ инженер болж, гэр бүлийн бизнесээ залгамжилна гэж бодож явсан эцэг эх нь энэхүү шийдвэрийг эрс эсэргүүцэв.

Тэд дуудлагын араас Улаанбаатарт яаран ирж, өөр хүүхэд сонгохыг лам нараас шаарджээ. Лам нар хариуд нь оролдъё гэсэн хариу өгсөн ч Далай лам эрс үгүйсгэв. Мөн аав, ээжид нь энэ талаар бодож үзэхийг зөвлөхийн сацуу нэрийг нь зарлахгүй байхаа амлажээ.

Эл үйл явдал болсны дараа эцэг эх нь хүүхдийн эрхийг зөрчиж байна гэх агуулгаар НҮБ-ын Хүүхдийн санд хүртэл хандаж тусламж хүсэж байв. Эцэст нь аав, ээж нь тэнцвэртэй хандах замыг сонгож, хэрвээ хүүгээ бүрэн дунд боловсролоо эзэмшвэл лам нар заан зөвлөж болохыг зөвшөөрсөн.

Эцэг эх нь хүүгээ 18 нас хүрээд Богд байх замыг сонгох эсэх нь зөвхөн өөрийнх нь шийдвэр байхын төлөө санаа нэгджээ. Мөн насанд хүртлээ ихэртэйгээ хамт бусад хүүхдийн адил өсөж торних хэрэгтэй гэж үзжээ.

Гэрэл зургийн эх сурвалж: New York Times

Ийн ТикТок, видео тоглоомд дуртай 3-р ангийн сурагч бяцхан хүү шашны ном сударт суралцаж, насан туршдаа гэр бүлгүй байх, Монголын буддын шашны эсрэг Хятадын дарамтаас хамгаалах зэрэг хүнд хариуцлагатай нүүр туллаа.

X Богд хоёр ихрийн аль нь болохыг нууцалсаар ирсэн бөгөөд А.Ачилдай, А.Агудай нар бие биенгүйгээрээ олны өмнө гарахаа больжээ. Далай лам болон тэдний эцэг эх аль нь ч хэн нь X Богд болохыг зарлаагүй. Мөн ихрүүд ижилхэн хувцаслаж, шашны номд хамтдаа суралцдаг.

<i><b>Ээж Н.Мөнхнасан</b></i>
Бид хүүгээ шашны асар их дарамт шахалтын доор биш бусадтай л ижил энгийн өсөөсэй гэж хүсэж байгаа. Хэрвээ тэр видео тоглоомонд дуртай бол түүнийгээ л тоглох хэрэгтэй. 
Мэдээж хүүгийн хувьд болж байгаа бүхнийг ойлгохгүй байгаа ч тэр үүнийг үгүйсгээгүй. Учир нь энэ бол түүний хоёр дахь төрх юм шиг өөрт нь тухтай байдаг.
Ээж Н.Мөнхнасан

ХҮЧНИЙ ТӨВИЙН ШИЛЖИЛТ

Монголоос X Богдын шинэ дүрийг тодруулж буй явдал нь БНХАУ болон Далай ламын дунд өрнөдөг улс төрийн нүүдэлд Монгол Улс шууд татагдан оролцох болсныг батлан харуулж байна.

Монгол Улсын экспорт болон дэд бүтцэдээ татдаг хөрөнгө оруулалтын дийлэнх хувь нь БНХАУ-д түшиглэдэг. 

Тиймээс Монгол Улс БНХАУ-ын өмнө нэг л буруу нүүдэл их хохирол учруулах боломжтой.Далай лам 2016 онд Монголд айлчлах үеэрээ Монголоос дараагийн Богд тодорсон тухай гэнэтийн мэдээг дуулгаж цочирдуулсан. 

БНХАУ үүний хариуд хилээ хааж, гаалийн татвар оногдуулж, хоёр талт хэлэлцээг удаа дараа хойшлуулсан зэрэг шийдвэрээ тэр даруй илэрхийлж байсан удаатай. Түүнээс хойш Далай лам Монгол Улсад дахин айлчлаагүй юм.

Богд хэн байх вэ гэдэг нь Монгол, Хятад, Төвөдийг шууд татан оролцуулсан эмзэг асуудал. Тиймээс ч Хятадын Коммунист Нам урт хугацаандаа Төвөдийг бүрэн захирах зорилгынхоо хүрээнд Буддын шашныг гартаа оруулахаар (БНХАУ-ын хилийн гадна байсан ч хамаагүй) зорьж буй. 

IX богд 2012 онд нас нөгчсөнөөс хойш дараагийн Богдыг тодруулахад Хятадын тал оролцох вий гэдэг зовнил байсаар ирсэн. Учир нь Хятадад Банчин Богд гэж Далай Ламын тодруулсан хүүг 1995 онд ХКН-аас хулгайлж байсан удаатай.

“Далай лам өөрийн мөрөө Монголд үлдээж, эрх мэдлээ тэлэх арга хэрэгсэл бий болголоо” гэж Монголын ҮАБЗ-д ажиллаж асан геополитик судлаач Б.Мөнхнаран хэлсэн байдаг. 

Мөн тэрээр Монгол хүнд энэ үүргийг тохсон нь Дарамсала хотоос Улаанбаатар хот руу Буддын шашны хүчний төвийг шилжүүлж буй явдал гэж үзжээ. X Богдоор тодорсон хүү Вашингтон хотод төрсөн бөгөөд АНУ-ын иргэншилтэй. Тиймээс энэхүү асуудалд АНУ-ын Засгийн газар оролцох хэмжээнд асуудал хурцдаж магадгүй. Түүнийг Хятадаас хамгаалахын тулд АНУ-ын иргэншилтэй хүүг X Богдоор сонгосон гэх таамаглалыг улам баталж байна.

Тус хүүхдийг X Богдоор сонгосон асуудалд БНХАУ-ын талаас олон нийтэд ямар нэг хариуг мэдэгдээгүй. 

Гэвч энэ эмзэг асуудлын талаар Монголын болон гадаадын албаныхан нэрээ нууцалж хэлэхдээ “Хэрэв Богд Далай ламтай ойр харилцаатай өсвөл Монгол Улс хүртэх ёстойгоо хүртэнэ шүү” гэж Хятадаас сануулсан гэв.

Харин Далай ламын Монгол дахь бие төлөөлөгч Тэло Тулку Ринпоче энэ талаар Хятадыг буруушаан хэлэхдээ “Тус хүүхдийг сонгосон нь ямар нэг улс төрийн шалтгаангүй бөгөөд Далай Ламын Оффис ямар ч холбоог тэр хүүтэй тогтоогоогүй” гэжээ.

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.