Дака хотын шинэхэн метро бангладеш эмэгтэйчүүдэд ямар ач холбогдолтой вэ?

unnu.news
unnu.news
2 жилийн өмнө

Бангладешийн нийслэл Дака хотод 23.9 сая орчим хүн аж төрдөг бөгөөд тус хот нь дэлхийн хамгийн их хүн нягтаршсан хотуудын тоонд зүй ёсоор багтдаг. Тус улсын улс төр, эдийн засаг, соёл боловсролын төв болсон Дака хот нь гадаад дотоодыг холбосон олон улсын тээвэр ложистикийн төв гэдгээрээ онцлог.

Хүн ам нь нягт төвлөрсөн, олон зүйлийг нэг дор төвлөрүүлсэн гэдгээрээ манай Улаанбаатар хоттой төстэй Дака хотын нүүр тулж буй асуудлууд нь манай нийслэлийн асуудлуудтай тун төстэй.

Гэхдээ Улаанбаатар хотоос нэг ялгаатай зүйл нь Дака хот метротой!

Бангладешийн нэг хүнд оногдох ДНБ нь 2,621 ам.доллар бол Монголынх бараг хоёр дахин их буюу 5,045.5 ам.доллар. Тиймээс бидэнд “яагаад биднээс “ядуу” байж  яаж метротой болж чадаж байна аа?” гэх цагаан атаархал төрөх нь гарцаагүй.

Гэхдээ яаж? 

Бангладешийн хөгжлийн онцлог нь эдийн засгийн хөгжлөөсөө урьтаж нийгмийн тэгш эрхийг хангахыг чухалчлах нь эргээд эдийн засагтаа урт хугацааны үр өгөөж өгдгийг харуулсан түүх юм. 


ДАКА МЕТРОНЫ “ЭМЭГТЭЙЛЭГ” ОНЦЛОГ

Дака хот 2022 оны 12-р сарын 28-ний өдөр метроны шугамыг албан ёсоор нээсэн нь  Бангладеш Улсын нийтийн тээврийн салбарт түүхийн шинэ хуудас эхлүүлсэн.

Ингэснээр Бангладеш улс нь нийслэлийнхээ хамгийн тулгамдсан асуудлуудын нэг замын түгжрэлийг шийдэх том алхмыг тавьсан юм. 

Дака хотын хамгийн анхны 21.26 км урттай метроны шугам “MRT Line-6” нь 2.8 тэрбум долларын өртгөөр байгуулагдсан. Уг шугам 20 км урттай бөгөөд нэг цэгээс нөгөө цэгт хүрэхэд 35 минут зарцуулдаг нь иргэдийн цаг завыг ихээр хэмнэдэг. Үнэ нь  чиглэлээс хамаарч өөр байх ч хамгийн багадаа 620 төгрөг.

Түүнчлэн, Дака хотын метро нь зөвхөн эмэгтэйчүүдэд зориулсан тусдаа бүхээгтэйгээрээ онцлог аж. Мөн эмэгтэйчүүд метроны системийг ихэвчлэн ажил эхлэхийн өмнө болон тарах цагаар хамгийн их хэрэглэж байгааг ажиглажээ.


ЭМЭГТЭЙЧҮҮД ХААШАА ЯВЖ БАЙНА?

Өнөөдөр Бангладешийн гадаад валютын мөнгөн урсгалын 80 орчим хувийг бэлэн хувцасны экспорт эзэлж буй бөгөөд уг салбарын гол ажиллах хүчийг (60-70%) эмэгтэй бизнес эрхлэгчид, ажилчид бүрдүүлж байна. Гадаад валютын нөөц өндөр байх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах гол хөшүүрэг болдог. Тус улсын гадаад валютын нөөц 2021 онд түүхэн дээд хэмжээнд буюу 44.6 тэрбум ам.долларт хүрсэн.

Метро шиг томоохон мега төсөл хэрэгжүүлэхэд олон улсын түншүүдтэй хамтарч хэрэгжүүлэх шаардлагатай болдог. Энэ тохиолдолд гадаад валютын нөөц өндөр байх нь гадаадын хөрөнгө оруулагч нарт болон гадаад улсад төвтэй төрийн бус байгууллагууд санхүүгийн тогтвортой байдлыг санал болгож хоёр талын хамтын ажиллагааг эхлүүлэх итгэлийг төрүүлдэг. Иймээс ч Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) нь Бангладешийн нийслэлийн Дака Метро төслийн судалгааны ажлыг 2009 онд эхлүүлсэн. Улмаар 2016 онд бүтээн байгуулалтыг эхлүүлж санхүүгийн болоод техникийн тусламж үйлчилгээгээр хангаж, 2022 онд метроны системийн нээлтээ хийсэн.


БАНГЛАДЕШ ЭМЭГТЭЙЧҮҮД ХЭРХЭН ЧАДВАРЛАГ АЖИЛЛАХ ХҮЧИН БОЛОВ?

Пакистанаас 1971 онд тусгаар тогтносон Бангладеш Улс нь хүртээмжтэй, тогтвортой хөгжилд анхаарсан эдийн засгаараа бүс нутагтаа онцгойрдог. Энэ хурдаараа КОВИД-19 цар тахлын үед Бангладеш Улс бүс нутгийнхаа хүчирхэг тоглогчид болох Энэтхэг, Пакистаныг нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээгээрээ гүйцсэн.

Жишээ нь: 

  • Бангладеш нь 1976 онд орон нутгийн эмэгтэйчүүдийн бизнес эрхлэх боломжийг хангах зорилготой микро зээлийн үйлчилгээг нэвтрүүлсэн нь олон улсдаа анхдагчдын нэг болсон. 
  • Өнөөдөр Бангладешийн ЕБС-иудад хөвгүүдээсээ олон охид суралцаж байгаа нь тэдний Өмнөд Азидаа ялгарах онцлог юм. Ийнхүү эмэгтэйчүүдийнхээ ур чадвар, боловсролд анхаарсан нь богино хугацаанд үр дүнгээ өгч 1970-1980 оны үед Бангладеш Улс нь хагас бэлэн хувцас үйлдвэрлэгчээс шууд өмсөхөд бэлэн хувцас (Ready-Made Garment) үйлдвэрлэгч болсон.

Хагас бэлэн хувцас гэдэг нь хувцас үйлдвэрлэхийн тулд даавуу, даавуун бүтээгдэхүүнийг огтолж, оёж, зассан (Cut-Make-Trim) боловч өнгө хэвлэлд ороогүй, чанарын хяналтад ороогүй, сав баглаа боодолгүй, шошгогүй хувцсыг хэлнэ. 

Ийнхүү эдийн засгийнхаа хүртээмжтэй байдлыг чухалчилж эмэгтэйчүүдийнхээ ажил хөдөлмөр эрхлэх эрхийг хангахаар хагас зууны турш тууштай ажилласан Бангладеш нь 2022 онд нийслэл Дакка хотдоо метроны төслөө амжилттай ашиглалтад оруулсан нь:

Иргэдийн зорчих эрхийг хамгаалж, тус улсын эдийн засгийн хөгжлийг хойш нь татсаар буй асуудлуудын нэг болох дэд бүтцийн асуудалдаа дорвитой шийдлийг санал болгожээ.

МЕТРО БАРЬЖ БАЙГУУЛАХ НЬ ХОТУУДАД ЯМАР АШИГТАЙ ВЭ? 

Дүгнээд харахад метроны төсөл нь дан ганц эдийн засаг, дэд бүтцийн ач холбогдолтойгоос гадна тэгш эрхийг хангахад үр нөлөөтэй байдаг..    

  • Замын түгжрэлийг бууруулж иргэдийг хүссэн газарт нь хурдан хугацаанд тээвэрлэх боломжийг олгодог.
  • Цаг агаар үл харгалзан, нэг дор олон хүнийг тээвэрлэх боломжтой.
  • Иргэд авто машин унах шаардлагагүй болсноор агаарт ялгарах нүүрстөрөгчийн хийг бууруулж байгаль орчинд эерэг нөлөө үзүүлдэг.
  • Метро нь осол гарах магадлал хамгийн багатай аюулгүй тээврийн хэрэгсэл.

Улаанбаатар хотод метро ашиглалтад орж, үйлчилгээнд нэвтрэх боломжийг бүрдүүлэх дэд бүтцийг барьж байгуулах нь олон талын эерэг ач холбогдолтой байж, нийслэлийн иргэдийн өдөр тутмын амьдралд тулгардаг асуудлуудыг шийдэл болж чадах юм. Тэгэхээр хотын даргын амлалт үнэн байж уг төсөл амжилттай хэрэгжихийг хүлээх, харах л үлдлээ.


Эх сурвалж:

  • Ali, T. (2022). Metro rail system to ease Dhaka's traffic gridlock. The Daily Star.
  • Basu, K. (2018). Why Bangladesh is booming. Brookings.
  • Britannica. (2024). Dhaka.
  • Britannica. (2024). Metro: transporation.
  • Morder Intelligence. (2024). Bangladesh Textile Manufacturing Industry Size & Share Analysis - Growth Trends & Forecasts (2024 - 2029).
  • The Business Standard. (2022). Impact of the Metro Rail Project on the economic growth of Bangladesh.
  • Rouf, A, A. (2022). Why the metro rail matters for Dhaka city. Dhaka Tribune.
  • USAID. (2023). Gender Equality and Women’s Empowerment.
1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.