Шатахуун яагаад хомсдов?

unnu.news
Л.Дэлгэрмаа
1 жилийн өмнө

Манай улсын шатахууны хэрэглээ ХОЁР САЯ тонн

Манай улс өнгөрсөн оны 1-р сарын 1-ий өдрөөс 12-р сарын 4-ний өдрийг хүртэл нийт 2.2 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолжээ. Импортын 95 хувийг ОХУ бүрдүүлдэг. Өнгөрсөн оны 12-р сарын байдлаар Улаанбаатар хот АИ-92 шатахууны 12 хоногийн нөөцтэй байна.

Яагаад шатахуун хомсдов?

Энэ талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар мэдээлэл өглөө. Манай улсад шатахууны хомсдол дараах шалтгаанаар үүсээд байна гэв.

  • Манай улсын шатахуун нийлүүлэгч гол түнш болох ОХУ-д өвлийн дизель түлш, автомашины шатахууны хомсдол үргэлжилж байна.
  • ОХУ-ын экспорт Азийн Зүүн өмнөд хэсэг рүү ихээхэн төвлөрсөн. Иймд вагоны бөглөрөл үүсэж, манай улсын нийлүүлэлт удаашрах байдалд сөргөөр нөлөөлж байна.
  • 12-р сард шатахууны хэрэглээ эрс нэмэгддэг. Хэрэв БНХАУ-аас дизель түлш шилжүүлж ачих вагон олдохгүй бол машинаар зөөвөрлөнө.

Өөрсдөө л үйлдвэрлэхгүй бол шатахуун тасалдсаар л байх юм биш үү?

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр "Алсын хараа-2050" болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Газрын тос боловсруулах үйлдвэр, түүний дэд бүтцийн сүлжээ, нефть-химийн үйлдвэр барьж байгуулна.” гэж туссан байдаг. 

Жилд 1.5 сая тонны хүчин чадалтай “Газрын тос боловсруулах үйлдвэр”

2017 оны 2-р сар: Засгийн газраас Дорноговь аймгийн Алтанширээ суманд "Газрын тос боловсруулах үйлдвэр" барих төслийг Энэтхэг Улсын “Экспорт- Импорт (Эксим)” банк хоорондын Зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. 

Газрын тос боловсруулах үйлдвэрийн явц 30%

2021 оны 11-р сарын 08: Уг оны 1-р сард “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын явц эхэлж, бүтээн байгуулалт 30 хувийн явцтай байв. Тус үйлдвэрийг 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан бөгөөд дараах бүтээгдэхүүнүүд гарна гэж тооцоолжээ. 

  • Шингэрүүлсэн шатдаг хий 43 мянган тонн
  • Авто шатахуун 339 мянган тонн
  • Дизель түлш 824 мянган тонн
  • Онгоцны түлш 80 мянган тонн
  • Зуухны түлш 47 мянган тонн 

Гэвч цар тахлын улмаас уг үйлдвэрийн ажил зогсоод байсан юм.

2027 он гэхэд газрын тосны үйлдвэртэй болох уу?

Энэ онд Засгийн газрын шийдвэрээр  цар тахлаас шалтгаалан13 сар зогсоод байсан “Газрын тос боловсруулах үйлдвэр”-ийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлж, 2027 он гэхэд ашиглалтад оруулах зорилго тавьсан. Уг төслийг БНЭУ-ын Экспорт-Импорт /ЭКСИМ/ банк санхүүжүүлж байна.

Одоо үндсэн үйлдвэрийн барилга байгууламж, тоног төхөөрөмжийн ажил хүлээгдэж байна.  Тус багц ажлын төсөвт өртөг нийт 648 сая ам.доллар болох талаар мэдэгдээд байна. Хэрэв уг төсөл амжилттай хэрэгжвэл Монгол Улсад дараах нөлөөг үзүүлэх юм.

Үүнд:

  • Жил бүр түлш, шатахууны хомсдол үүсэх эрсдэл байхгүй болно.
  • Дотоодын нийт бүтээгдэхүүн 10 гаруй хувиар өснө.
  • Зөвхөн үйлдвэрт 600 ажлын байр бий болж, шууд бус ажлын байр олноор нэмэгдэнэ.
  • Гадагш гарах валютын урсгал буурна гэж тооцоолж байна.
0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.