Шатахуун яагаад хомстоод байна вэ: Улс төр, ОХУ-ын нөхцөл байдал, panic buying

unnu.news
1 өдрийн өмнө

“Үүрийн 05:00 цаг хүртэл шатахуун хайлаа. Эцэст нь цаг гаруй дугаарлаад, арай гэж авах нь гэтэл дууссан байв. Угтаа бид газрын тостой, шатахууныг өөрсдөө үйлдвэрлэх боломжтой орон шүү дээ” гэж иргэн Д.Адъяа нүүр хуудастаа бичжээ.

Улаанбаатар хот төдийгүй Монгол Улсын ихэнх засаг захиргааны нэгжид шатахууны хомстол үүсэж, хязгаарлалттай олгох болоод сар орчмын хугацаа өнгөрч байна. Өнөөдрийг хүртэл АҮЭБЯ-наас “Нөөц, нийлүүлэлт хэвийн. Иргэд өөрсдөө зохиомол хомстол үүсгэж буй” гэсэн байр суурийг илэрхийлсээр. 

Нөгөө талд Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын хуралдааны үеэр, “Шатахууны зохиомол хомстол үүсгэж буй ААН-үүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна” гэж мэдэгдсэн. 20 хоногийн өмнөх энэ мэдэгдэл бол үүсээд буй нөхцөл байдлыг шууд улс төрийн шалтгаантай гэж зарласан явдал байлаа.

Ямартай ч нөхцөл байдал дээрдэхгүй байна.

Үүний үндсэн шалтгааныг тэгвэл юунаас хайх вэ? 

  • Ихэнх тохиолдолд ОХУ-ын нийлүүлэлт доголдох үед манайд шатахууны хомстол үүсдэг. Манай улсын шатахууны импортын 95 хувийг ОХУ хангадаг 
  • Нийгэмд хиймэл айдас үүсэх тохиолдол бий. “Шатахуунгүй болох нь” гэсэн мэдээлэлд хэт автсанаар иргэд нэг дор, их хэмжээгээр худалдаж авахаар дугаарлах, зарим хувь хүн ихээр нөөцөлж аваад дамлан худалдах зэрэг үзэгдэл бий болдог
  • Эцэст нь, шатахуун импортлогч ААН-үүдийн зохион байгуулалттай үйлдэл гэж хардах боломжууд бий. 

Өнөөдрийн нөхцөлд дээрх гурав, гурвуулаа тохиолдож байхыг үгүйсгэхгүй. 

Нэгдүгээрт: Хэдийгээр нөөц, нийлүүлэлт хэвийн гэж мэдэгдсээр байгаа ч АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням сүүлийн нэг сарын хугацаанд ОХУ-ын талтай уулзалт хийсэн. Мөн БНХАУ-аас нэмэлт шатахуун импортлох тохиролцоонд хүрснээ ч мэдээлсэн юм. 

Тодруулбал, аравдугаар сарын 22-нд Г.Дамдинням сайд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевичтай уулзаж, тус улсаас нийлүүлэх шатахууны хэмжээг нэмэгдүүлэхээр тохирлоо хэмээсэн. Нийлүүлэлт хэвийн байгаа бол ОХУ-ын талтай уулзах, БНХАУ-аас нэмэлт эх үүсвэр хайх шалтгаан байхгүй. 

Нөгөө талаас, энэ бүх үйл явдал нь Г.Занданшатарын Засгийн газар огцрох, эсэхийг дэнсэлсэн цаг үед давхав. Иймд Г.Дамдинням танхимын үйл ажиллагаагаа хамгаалж, ажиллах нь тодорхой юм. 

Мөн дээр нь, “Ройтерс” зэрэг хэвлэлүүдэд бичсэнээр, ОХУ өөрөө энэ салбартаа хүнд цохилтод ороод байгаа гэх. Беларусаас импортолдог шатахууны хэмжээгээ л гэхэд дөрөв дахин нэмсэн. Энэ бол Украины дайны урхаг бөгөөд, өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс ОХУ-ын “Роснефть”, “Лукойл” компаниудад хатуу хориг арга хэмжээ авна гэж мэдэгдээд байгаа юм. Мөн Украины зүгээс ОХУ-ын шатахуун хадгалагч 500 орчим стратегийн цэгийг бөмбөгдсөн гэжээ. 

Иймээс байж болох хамгийн бодит шалтгаан нь ОХУ-ын нийлүүлэлт багассан.

Хоёрдугаарт: Г.Дамдинням сайд “Иргэд нэгнээ бодохгүй, банкаа заавал дүүргээд байна. 25 литрийн канистраар авч, дамлан зарах ч тохиолдол гарч буй” гэдгийг өөрийн амаар, хэд хэдэн удаа хэлсэн. Энэ бол хариуцлагатай эх сурвалжийн үг мөн. 

АНУ, Бангладеш зэрэг хэд хэдэн улсад хийсэн судалгаагаар panic buying буюу хиймэл айдаст автан, хомстол үүсгэх, perceived scarcity буюу хомстол үүссэн мэт мэдрэмжид автах зэрэг нь жинхэнэ хомстолоос илүү ноцтой үр дагавартай аж. 

Ялангуяа тухайн бүтээгдэхүүнийг нөөцлөх потенциаль муу үед. 

Гэтэл Монголын хувьд нэг сарын шатахууны нөөцөө ч хуримтлуулах савгүй. Өнгөрсөн жилүүдэд шатахууны нөөцийн саванд огт хөрөнгө оруулалт хийгээгүй. Г.Дамдинням сайдын хувьд ирэх онд нэг сарын хэрэглээг хангах хэмжээний нөөцийн сав барина гэж мэдэгджээ. Харин ойрын гурван жилд багтан, гурван сарын нөөцийн савтай болно хэмээсэн байна. 

Иймд зохиомол хомстол үүсэхэд, нэг сарын нөөцөө богино хугацаанд шавхана. Ингээд төлөвлөгөөт бус, нэмэлт эх үүсвэр хайхаас аргагүйд хүрнэ.

Тэгэхээр нөөцийн савны дутагдалтай байдал, иргэдийн panic buying давхацвал өнөөдрийн нөхцөл байдал үүсэх бүрэн боломжтой. 

Гуравдугаарт: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн зөвлөхөөр (өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн ч тогтоол хүчинтэй эсэх нь эргэлзээ дагуулж буй) “Петровис”-ийн үүсгэн байгуулагч О.Содбилэг томилогдсон талаар хэд хэдэн хэвлэлд мэдээлсэн. 

Үүнийг албан эх сурвалж баталгаажуулаагүй байна. 

Д.Амарбаясгалангийн хувьд МАН-ын даргын сонгуульд Ерөнхий сайд Г.Занданшатарын хамт өрсөлдсөн. Үүнээс хойш Засгийн газрыг огцруулах акцыг голчлон удирдсан юм. УИХ ба Засгийн газрын тэргүүн хагарсан энэ цаг үед шатахууны хомстол үүссэн. Мөн “Петровис”-ийн О.Содбилэг Д.Амарбаясгалангийн зөвлөх болсон бол, зохиомол хомстол үүсгэх чиглэлд ажилласан байхыг үгүйсгэхгүй. Эдгээр нь цэвэр хардлага юм. 

Шатахуун ба улс төр 

Хамгийн сүүлийн үеийн мэдээгээр буюу аравдугаар сарын 22-нд, манай улс 109 мянган тонн шатахууны нөөцтэй, үүний 21 мянга нь АИ92 гэдгийг мэдээлжээ. 

АИ92 шатахууны хоногийн хэрэглээ 2000 тонн ба үүгээр тооцвол дээрх нь 11 хоногийн нөөц гэсэн үг. 

Энэ тооцооллоос харвал хоногийн 2000 тоннын хэрэглээ огцом нэмэгдсэн, нөөцийн саван дахь шатахуун барагдсан учраас өнөөдрийн хомстол бий болсон нь тодорхой. 

Дээрх бүгдээс авч үзвэл ОХУ-ын нийлүүлэлт ч багассан, иргэдийн дунд panic buying ч үүссэн байх бүрэн магадлалтай байна. 

Үүний өмнө 2023 оны 10-12-р сард энэ удаагийнхтай ойролцоо хугацаанд шатахууны хомстол үүссэн. Тэр үед хил гаалийн нэвтрүүлэлт, тээвэрлэлттэй холбоотой болохоос нөөц хэвийн гэдэг мэдээллийг мөн л адил өгсөөр байсан юм. Улс төрийн хувьд ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаяр ажиллаж, УИХ-ын дэргэд “Нүүрсний сонсгол”-ыг ид зохион байгуулж таарсан билээ.

Өнөөдөр Ерөнхий сайд Г.Занданшатарыг танхимаар нь огцруулах асуудал өндрөө авч, УИХ-ын гишүүдийн олонхоор шийдсэн. Энэ нь Үндсэн хууль зөрчсөн болохыг ҮХЦ тогтоочихоод байгаа. Ойрын 10 гаруй жилд тохиолдоогүй улс төрийн хямрал МАН-ын эрх баригчид хоорондоо хагаралдсанаар үүсээд буй. 

Ер нь шатахуун бол стратегийн чухал бүтээгдэхүүн. Үнэ нь 10 хувь нэмэгдэхэд удирдагчаа ахин сонгох магадлал 1 хувиар буурдаг тухай Дэлхийн банкны судалгаа бий. ОУВС-гийн тайланд ч шатахууны үнэ өссөнөөс үүдэн Зимбабве, Франц зэрэг улсуудад улс төрийн жагсаал, эсэргүүцэл өрнөж байсан талаар дурдсан. Иргэдийг эрх баригчдынх нь эсрэг турхирах боломж бол шатахууны салбар гэсэн үг. 

Дээр нь манай улс бол шатахууны хувьд 100 хувь импортоос хараат билээ.

Иймээс нэг талдаа ОХУ-ын дотоод нөхцөл байдал үндсэн шалтгаан болж, нөгөө талаас Засгийн газрын эсрэг өрнүүлсэн акц зохиомол хомстол үүсэхэд нөлөөлсөн дүр зураг уншигдаж буй. 

Хохирогч нь иргэд л юм. Тиймээс эрх баригчид одоо улстөржин талцахаа зогсоож, иргэдийн дунд үүссэн хиймэл айдсыг намжааж, нэмэлт татан авалт, нөөцлөлтдөө анхаарах шаардлагатай байна. 

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.