“Илгээлтийн багш”: Хөдөөг зорьж сайн дураар багшлах хоёр жил - Эргэлтийн цэг

unnu.news
15 цагийн өмнө

2024-2025 оны хичээлийн жилд гэхэд Монгол Улсын хэмжээнд 3324 багшийн сул орон тоо бүртгэгджээ. Үүнээс 1590 нь Улаанбаатар хотод, үлдсэн хэсэг нь орон нутагт юм. 

Тэр дундаа орон  нутаг, алслагдмал аймаг, сумын сургуульд зорьж ажиллах багш цөөн. Нийслэл Улаанбаатарыг чиглэсэн ажиллах хүчний хөдөлгөөн газар авсаар, орон нутагт энэ асуудал давхар давхар хүндрэлтэй нүүр тулж байгаа. Үүний улмаас боловсролын тэгш бус байдал ч улам бүр гаарч байгаа юм. 

Харин “Teach for Mongolia” НҮТББ-аас “Илгээлтийн багш” хөтөлбөрийг санаачилсан нь ихээхэн олзуурхууштай. Тэд дотоод, гадаадын их дээд сургууль төгссөн чадварлаг залуусыг орон нутагт бодит нөлөөлөл бий болгох боломжоор хангаж, сүүлийн дөрвөн жилийн хугацаанд "Teach for Mongolia Fellowship" хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрт тэнцсэнээр залуучууд өөрийнхөө мэргэшсэн чиглэлээр багшийн дутагдалтай орон нутгийн ерөнхий боловсролын сургуульд хоёр жилийн турш томилогдон ажиллах юм.

Яг одоо "Teach for Mongolia Fellowship" хөтөлбөрийн тав дахь удаагийн элсэлт явагдаж байгаа бөгөөд хөтөлбөрийн үр дүнг сонирхуулах үүднээс багш, сурагч, эцэг эх болон сургуулийн удирдлагын төлөөллийн сэтгэгдлийг хуваалцъя.


Х.Оргодол: Өөртөө хэзээ ч битгий эргэлзээрэй. “Илгээлтийн багш” хөтөлбөр танд эргэлтийн цэг болж чадна

Нэг л өдөр сумын сургуулийн багш болохоор шийдэх нь тэдэнд хэчнээн их адал явдал, сорилт, бэрхшээл, бас хэзээ ч мартахгүйгээр нандигнаж явах дурсамж дурдатгал авчирдаг бол? 

Х.Оргодол 2023 онд МУИС-ийг Хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр төгсжээ. Ингээд лабораторид дээж хүлээн авах, бичиг цаас голдуу ажил хийсэн нэг жилийн дараа түүнд өөрийгөө сорих эргэлтийн цэг нэхэгдсэн байна. “Би зөв зүйлээ хийж байна уу? Эсвэл магистрт суралцах уу? Ер нь би өөрт тохирох мэргэжил эзэмшсэн үү?”.

Залуу мэргэжилтэн бүрд тохиолддог бодолд автан өөрийгөө чагнасан энэ өдрүүддээ Х.Оргодол “Чойронгоо” хуудаст нийтлэгдсэн илгээлтийн багшийн дурсамжийг уншиж таарав. Ховд аймагт шилжиж очоод багшилж байгаа тэр хүн “Teach for Mongolia”-гаас явуулдаг “Илгээлтийн багш” хөтөлбөрт тэнцэж л дээ. Сонин санагдлаа… Эхлээд заавал багш мэргэжилтэй хүн сонгогддог гэж ойлгов. Гэтэл тийм биш аж. Өөрийгөө ч бас ийм аялалд гарах боломжтой гэдгийг мэдлээ. Ингээд эзэмшсэн мэргэжилд нь ойртох газар зүйн багшийн орон тоо дутмаг орон нутгийн сургуульд ажиллаж үзмээр санагдах нь тэр. 

Хөтөлбөрт шууд тэнцэх эсэхээ мэдээгүй, зарим хүн хоёр жил дараалж өрсөлддөг гэж дуулсан. Гэхдээ Х.Оргодол шалгарав. Түүний өмнө Архангай аймгийн Хашаат, эсвэл Өмнөговь аймгийн Цогтцэцийг зорих хоёр сонголт ирлээ. Өөрөө Архангайн охин, хангайн хүүхэд учраас говь илүү сонирхолтой. Ингээд Цогтцэций сумын 2-р сургуульд газар зүйн багшаар явах шийдвэрт эрсхэн хүрлээ. “Илгээлтийн багш” хөтөлбөр хоёр жил үргэлжилдэг.

Адал явдал, сорилт бэрхшээл, дурсамж дурдатгалаар дүүрэн хоёр жил нэг мэдэх нь ээ өнгөрсөн байна. Х.Оргодол одоо хэдийнэ багш болсон.

Тэрбээр “Эхэндээ мэргэжлийн багш биш гэдэг маань сул тал, эрсдэл, дутагдал юм шиг санагдаж байсан. Гэвч энэ миний өөртөө үүсгэсэн эргэлзээ байв. Хамгийн гол нь өөрийгөө чадна гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй” гэж ярилаа.

Гайхалтай аялал нь эхэлсэн 2024 оны есдүгээр сарын 1 гэдэг бөөн догдлол… Сургууль бас химийн багшийн дутагдалтай учир дунд ангид хими, ахлах ангид газар зүй зааж эхэллээ. Ахлах ангийнхан жаахан хүнд, өөртэй нь үеийн юм шиг харьцах, бага зэрэг үл тоох маягийн бэрхшээл хамгийн түрүүнд нүүр туллаа.

-Үүнийг яаж даван туулсан бэ? 

-Эхлээд өөртөө итгэсэн, дараа нь сурагчидтайгаа тодорхой бөгөөд ойлгомжтой харилцаа тогтоосон. Хэдийгээр газар зүйн чиглэлээр гүнзгийрүүлэн суралцахгүй ч энэ судлагдахуун үнэ цэнтэйг ойлгуулсан. Миний бодлоор газар зүй бол бүх шинжлэх ухаан уулзаж болдог цэг, хамгийн гол нь монгол хүн Монгол орноо таньж мэдэх, хувь хүний үндсэрхэг үзлийг төлөвшүүлэх чухал ач холбогдолтой хичээл. 

Анх очиход нь газар зүйн багш байгаагүй учир энэ талбартаа тэр шууд л зааж зөвлөх хүнгүйгээр ганцаараа зүтгэжээ. Дээр нь хими гээд долоо хоногт 19 цагийн хичээл орж эхлэв. Удахгүй буцах гэж байгаа хоёр дахь жилдээ Х.Оргодол 21 цагийн хичээл зааж байна. 

“Энэ хугацаанд маш олон дурсамж бүтээсэн. Одоо явах гэж байгаа гээд бодохоор… уйлах гээд байна” хэмээн Х.Оргодол яриагаа түр завсарлаж, тайвшрах хугацааг өөртөө олгов. 

Ингээд “Анхны хичээлийн өмнөх сандрал, тэр мэдрэмж бол амьдралд ганцхан удаа тохиох нандин мөч байсан. Хэзээ ч мартдаггүй. Шууд 10-р ангийнхны өмнө зогссон. Одоо тэд маань 11-р анги болж дэвшсэн. Оюутан болоход нь бэлтгэх санаатай багаар ажиллах, илтгэх болон цахим ур чадвар суулгах гэж илүүтэй хичээж байгаа. Анхны хичээл заасан анги маань учир тэдэнтэйгээ илүү дотно болжээ. Мөн 6-р ангид хичээл заах маш хөөрхөн байдаг. Ноднин хими заасан юм. Дараа жил нь больж, мэргэжлийн багш химийг нь зааж эхэлтэл “Та манай ангид орохгүй юм уу. Та ажлаасаа гарч байгаа хэрэг үү?” гээд л маш их асуусан. Тэднийхээ итгэлийг хүлээжээ гэж өөрөөрөө багахан бахархсан. 

Намайг газар зүй ороход унтаж л байдаг 11-р ангийн нэг хүү байсан. Сурагч бүрд өөр заах арга барил тохирдгийг би түүнээс ойлгож авсан юм. Нэг удаа бичих биш, ярьж нэмэлт оноо авах даалгавар өглөө. Гэтэл нөгөө хүү маань хамгийн түрүүнд асуугдав. Тэр ярих, илтгэх авьяастай байсан. Уур амьсгалын өөрчлөлтийн талаар хичээл байсан санагдаж байна. Одоо илтгэл, танилцуулгыг маш сайн бэлддэг. Teach for Mongolia-гаас зарладаг “Шийдэлч сурагч” хөтөлбөрт багаараа оролцож, саарал усыг дахин ашиглах төслөө Улаанбаатар хотод очин танилцуулсан байгаа. Танилцуулгынхаа бүх прэзэнтейшнийг мань хүн ганцаараа бэлдсэн” гэхчлэнгээр ярилаа. 

Х.Оргодол багшийн мэргэжлийг ерөөс хүсэл эрмэлзэл бөгөөд туршлага гэж тодорхойллоо. Хүүхдэд хичээл заах, мэдлэг олгох чин хүсэл эрмэлзэл нь л байвал та чадна. Багшлах бол зүрх сэтгэлээс гардаг зүйл гэдгийг онцлов. 

-Хангайн охиныг говь нутаг яаж хүлээж авсан бэ?

-Би өмнө нь Дундговь аймгаас урагш огтхон явж үзээгүй байсан. Замд унтаж байгаад нэг сэрээд л харахад цэлийсэн ногоон тал, тэгээд хэзээ ч миний хараагүй уудам цэнхэр тэнгэр цэлийж байлаа. Говийн талаарх миний төсөөлөл элс, салхинаас өөрцгүй байв. Одоо говийн тэнэгэр уужуу шинж чанарыг танин мэдсэн. Хангайд хэзээ ч ийм уудам ертөнцийг харахгүй. Цогтцэций уул уурхай даган харьцангуй сайн хөгжсөн сум, хүн ам ихтэй, өдөрт дөрвөн автобус явдаг. Энд би сурагч нараасаа гадна олон танил, найз нөхөд, дотнын хүмүүстэй болсон. Нэг өрөөнд суудаг химийн багштайгаа сайхан хамтарч ажиллажээ. Анх дунд ангид хими зааж байхад тэр надад маш их зөвлөж, тусалж, бүр “Хоол ундаа идсэн үү?” гэж санаа тавьдаг байсан. 

Багш мэргэжлийн талаар ярихдаа Х.Оргодол “Амжилт нь ч, ажил нь ч, өөрөө ч харагддаггүй ажил гэж хүмүүс шоглон хэлдэг шүү дээ. Энэ үнэн. Гэр бүлдээ яаж цаг гаргадаг юм бол оо гэж гайхмаар шүү дээ. Дээр нь яам, агентлагаас багш нарт маш их нэмэлт бичиг цаасны ажил өгдөг. Тэр нь олон шат дамжлага дамжсаар эцсийн хугацаанаас долоо хоногийн өмнө бидний гарт ирэх тохиолдол ч бий. Бичиг цаас, тайлан төлөвлөгөөний ажил багш нарын цагийг их сунгадаг” гэлээ.

Өөрөө ЕБС-ийн сурагч байхдаа дандаа сайн багш нараар хичээл заалгажээ. Нэг анзаарах нь ээ, тэр яг 10 жилийн багш нар шигээ болоод байгаа мэт. Хариуцлагататай, зарчимч… Ялангуяа газар зүйн багш нь тийм. Түүнээс гадна сурагчдаа маш их сонсож ярилцдаг, фото зураг авах сонирхолтой хүн байжээ. “Би саяхан зургийн аппарат авсан. Зааланд сурагч нарынхаа зургийг дарж байгаад өрөөндөө орж ирлээ” гэж энэ талаараа Х.Оргодол сонирхуулсан юм. 

“Илгээлтийн багш” хөтөлбөрийн 2024-2026 оны оролцогч тэрбээр амьдралдаа мартагдашгүй дурсамжийг туршлагын хамт олж аваад одоо жинхэнэ магистрын зэрэг горилоор шийдсэн байна. Үлдээд багшлах ч боломжтой, хөтөлбөрийн давуу тал энд бий.

Хөдөө орон нутагт багшийн дутагдал газар авсан энэ цаг үед Х.Оргодол залуу хүний оргилуун тэмүүлэл, бусдын төлөө гэсэн эрмэлзэл, өөрийн мэдлэг чадварыг хоёр жилийн турш харамгүй дайчилжээ. Цогтцэций суманд сургуулийн дотуур байранд амьдарч, төрийн албан хаагч болж, бусад багш нарын адил цалинжсан сонирхолтой цаг хунгацаа нь удахгүй дуусна. Амьдрах орчин нөхцөл, цалингийн их багыг гололгүй Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулахыг хүсдэг олон залууст Х.Оргодол өөрийн түүхийг хуваалцахдаа “Өөртөө хэзээ ч битгий эргэлзээрэй. “Илгээлтийн багш” хөтөлбөр танд жинхэнэ эргэлтийн цэг болж чадна” хэмээн уриалсан юм. 


Ү.Энхриймаа: Бидний англи хэлний мэдлэг эрс сайжирсан 

Тэгвэл, “Илгээлтийн багш” сурагчдад ямар сэтгэгдэл төрүүлдэг вэ? 

Энэ хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд сумын 1-р сургуулийн 12б ангийн сурагч Ү.Энхриймаа сэтгэгдлээ хуваалцсан юм.  

Сургуульд англи хэлний багш дутагдалтай учир стандартын дагуу нэг ангийг хоёр групп болгон хуваадаггүй, нийлж хичээллэж иржээ. Мөн ахлах ангийн сонгоны цаг дээр бүр хоёр анги нийлэх тохиолдол ч гардаг аж. Ингэхээр хичээлээ ойлгохгүй, анхаарал сарних зэрэг асуудал мундахгүй. Харин “Илгээлтийн багш” хөтөлбөрөөр П.Солонго багш ирснээр юуны өмнө нэг анги хоёр групп болж хуваагдан хичээллэх боломж бүрджээ.

Ү.Энхриймаа “Багшийн англи хэлний мэдлэг маш сайн. Өөрөө IELTS-ийн 8.0 оноотой гэсэн. Түүнээс гадна залуу хүн, бараг л бидэн шиг GenZ үеийнх болохоор сурагчдаа маш сайн ойлгож, дотно ярилцдаг. Бидний англи хэлний мэдлэг маш хурдан сайжирсан. Багш ганцхан өөрөө заахаас илүү хичээлийг ойлгосон ба ойлгоогүй сурагчийг хамтад нь суулгаж, ярилцуулах арга барилтай. Энэ нь их үр дүнтэй санагддаг” гэлээ.

П.Солонго багш “Илгээлтийн багш 2024-2026” хөтөлбөрөөр энэ сургуульд ирээд багшийн орон тооны дутагдлыг нөхснөөс гадна сурагчдын ерөнхий мэдлэгийг дээшлүүлж, ЭЕШ өгөх гэж байгаа хүүхдүүдэд өөрийн туршлагаас голчлон зааж, чиглүүлж байгаа юм байна.

Ү.Энхриймаа “Үүнээс өмнө багш маань англи хэлний сургалтын төвд ажиллаж байсан юм билээ. Тийм учраас заах арга барил ч сайн. Мөн ЭЕШ-д бэлтгэхэд багшийн өөрийнх нь туршлага, ур чадвар маш үнэ цэнтэй зөвлөгөө болж буй” гэхчлэнгээр сэтгэгдлээ хуваалцсан юм. 


Д.Батхүү: Өндөр цалинтай мэргэжлээс энд ирж багшилж байгаа нь түүнд чин сэтгэл байгааг харуулдаг 

Багшид “дүн” тавьдаг хамгийн чухал субъект бол сурагчийн асран хамгаалагч, гэр бүл, эцэг эхчүүд байдаг. Харин Төв аймгийн Зуунмод сумын 4-р сургуульд “Илгээлтийн багш” цөөнгүй очиж багшилдгаас И.Билгүүн багшийн талаар сэтгэгдлийг сонслоо.

И.Билгүүн мөн 2024-2026 оныг хамарсан хөтөлбөрт хамрагдсан ба тус сургуульд мэдээлэл зүй, математик, физикийн хичээл ордог байна. 6-р ангийн сурагч Буяндэлгэрийн аав Д.Батхүү маш сонирхолтой зүйлс анзаарснаа бидэнтэй хуваалцсан юм. 

Тэрбээр “Манай хүүхдийг ноднин тавдугаар ангид байхад энэ багш байгалийн ухаан заасан. Тэгэхэд л “Маш сонирхолтой, хялбар аргаар заадаг” гэж ярьдаг байлаа. Бид ч мөн нэг удаа хичээлд нь очиж суусан л даа, их анхаарал татсан. Мэргэжлийн бус гэж ерөөсөө ялгараагүй, мэдэгдээгүй. Гол нь өөрөө мэргэжлийн багшаас илүү сэтгэл зүрхтэй хүн юм билээ” гэж өгүүллээ.

И.Билгүүн багш өөрөө инженер мэргэжилтэй бөгөөд энэ бол ажлын байр сайн, цалингийн хэмжээгээр ч дээгүүр жагсана. Харин сумын сургуульд очин багшлах шийдвэр гаргасны нь Д.Батхүүгийн хувьд талархан хүлээж авдаг аж. 

Цаашлаад “Хүүхдүүдэд үнэ төлбөргүй математикийн давтлага өгдөг. Тэр үеэрээ өөрөөсөө мөнгө гаргаад л идэж уух зүйл авч өгдөг гэсэн. Манай хүүгийн ангийн багш л даа. Ангийн баллонтой цэвэр усыг бас л өөрийн мөнгөөр цэнэглэдэг гэнэ. Өөрсдөө мөнгө хурааж цэнэглэдэг болоорой гэж бид хэлдэг юм. Мөн нэг онцлог нь, эцэг эхчүүдээс огт бэлэг авдаггүй. Бидэнд чинь хүүхдийнхээ ангийн багшид бэлэг өгөх ёстой гэдэг ойлголт суучихсан байдаг шүү дээ. Өөрөө “Би ажлаа л хийж байгаа. Та бүхэн хүүхдүүдийнхээ дүрэмт хувцсыг өмсүүл, зан төлөвт нь л анхаар” гэж хэлдэг. Үүнийг бид талархалтай хүлээж авдгаас гадна зөв, шинэ жишиг тогтоож буй хэмээн үнэлдэг” гэсэн юм. 

И.Билгүүн багш давтлагын анги танхим хүрэлцээгүйгээс орхигдсон жижиг өрөөг мөн л хөрөнгө оруулалт татан, засварлажээ. Ингээд түүндээ давтлага хичээллүүлж байгаа нь анхаарал татлаа. 

Д.Батхүүгийн том хүүд мөн И.Билгүүн хичээл заадаг агаад “Айлын том хүүхдийг зөв чиглүүлбэл дүү нараа аваад явчихдаг. Тиймээс боловсролд нь анхаарч, англи хэлний сургалтад явуулж эхэлбэл ямар вэ?” хэмээн зөвлөжээ. Энэ дагуу том хүүгийнхээ англи хэлний мэдлэгт анхаарч эхэлсэн байна. 

Төгсгөлд нь “Өндөр цалинтай мэргэжлээс энд ирчихээд, бас л амьдрах гэж байгаа хувь хүн шүү дээ. Гэтэл өөрийнхөө мөнгийг хүүхдүүдэд зарцуулаад байхаар бид нар санаа зовох тал бий. Ерөөсөө энэ хүнд нэг эрхэм зорилго байна. Тэр нь мэдэгддэг. Хичээлээ маш ойлгомжтой заахаас гадна өөрөө эрэгтэй хүн болохоор ч тэр үү, хөвгүүдэд илүүтэй анхаардаг юм билээ. Манайханд хөвгүүдийг зөнд нь орхих хандлага ажиглагддаг даа” гэж Д.Батхүү түүний талаарх сэтгэгдлээ илэрхийллээ. 


Д.Урантогос: “Илгээлтийн багш” давхар бусад багш нарын ур чадварыг дээшлүүлж өгдөг, даасан анги нь маш зохион байгуулалттай 

Харин алслагдмал байршил, багшийн орон тооны дутагдлын асуудалтай шууд хариуцлага хүлээн нүүр тулдаг албан тушаалтан бол сургуулийн удирдлага юм. 

Дорнод аймгийн Халхгол сумын хувьд аймгийн төвөөс даруй 300 гаруй км зайтай, засмал зам тавигдаагүй. Ер аймагтаа хамгийн алс сум учир багшийн дутагдал их байдаг аж. Ийнхүү хоёр дахь удаагаа “Илгээлтийн багш” хөтөлбөртэй хамтран ажиллаж байгаа тус сургуулийн захирал Д.Урантогос ихээхэн сэтгэгдэл өндөр ярилцсан юм. 

Тэрбээр “2022-2024 оны хөтөлбөрийн дагуу манайд гурван багш ирсэн юм. Тэд маань ажилласнаар математик, англи хэл, нийгэм судлалын ЭЕШ-ын дундаж оноогоор манай сужргууль аймагтаа эхний 3–6 дугаар байрт эрэмбэлэгдсэн. Мөн улсын төрөлжсөн олимпиадын "Сурагч"-ийн төрөлд гурвын даваанд амжилттай оролцож, “Англи хэл” төрөлд гутгаар байр эзлэн хүрэл медаль хүртсэн бөгөөд энэ нь сургуулийн түүхэнд анх удаа улсын олимпиадаас медаль хүртсэн явдал байсан.

Харин энэ удаа монгол хэл, уран зохиолын багш ирснээр хоёр дахь жилдээ ажиллаж байна. Ер нь манай сургууль ажлын зараар боловсон хүчний дутагдлаа нөхөх хүндрэлтэй. Тийм учир “Илгээлтийн багш” хөтөлбөртэй цаашид ч хамтран ажиллана” хэмээв.

Монгол хэл, уран зохиолын багш нь өөрөө сэтгүүлч мэргэжилтэй аж. Түүнээс гадна цахим технологийн мэдлэг, туршлагатай тул өөрийн хүсэлтээр давхар мэдээлэл зүйн хичээл орж байгаа гэнэ. Улмаар долоо хоногт 25 цагийн ачаалалтай ажилладаг. Тэр хүрээндээ саяхан сурагчдад 10 хуруугаар шивэх хичээлийг үр дүнтэй зааж, уралдаан ч зохион байгуулсанд захирал Д.Урантогос сэтгэл хангалуун байлаа. 

Цаашлаад “Багшийн ур чадварын хувьд өөлөх зүйлгүй, сурагчид маш их ам сайтай байдаг. Дааж авсан анги нь зохион байгуулалт сайн, сурагчдын 80 хувь хичээлээс гадуур дугуйлан секцэд хамрагддаг” гэлээ.

Халхгол сумын сургууль 2022 оны хөтөлбөрт ирсэн багшаар 6-р ангиа даалгажээ. Харин 2024 оны хөтөлбөрийн багш тухайн ангийг 8-р ангиас нь үргэлжлүүлж авсан бөгөөд 9-р анги төгсгөөд буцах нь. Өөрөөр хэлбэл тэд “Илгээлтийн багш” хөтөлбөрөөр дамжсан бүтэн нэг ангитай байгаа нь анхаарал татсан юм. 

Ер багшийн дутагдлаас шалтгаалж физикийн багш математик, эсвэл бага ангийн багш монгол хэлний хичээл заах тохиолдол элбэг юм байна. Энэ тухайд Д.Урантогос судалгаа хийж үзжээ. Ингэхэд дээрх нөхцөлд сурагчдын мэдлэг ойлголт төдийлөн сайжирдаггүй. Харин инженер хүн математик, сэтгүүлч хүн монгол хэл заах зэрэг нь илүү үр дүнтэй байгааг тоогтоожээ.

Энэ хэсэгт мэдээж “Илгээлтийн багш” хөтөлбөрөөр ирсэн багш нарын тухай өгүүлж байгаа юм. 

Үүнээс гадна хөтөлбөрөөр ирсэн багш нарын цахим хэрэглээний туршлага сайн учир эргээд сургуулийн үндсэн багш нарт сургалт орж, дадлагажуулж, мэдлэгээ хуваалцдаг давуу талтай гэлээ.

“Илгээлтийн багш” хөтөлбөрийн дараагийн элсэлт зарлагдсаныг уншигчдадаа дуулгая. Та ч “Илгээлтийн багш” болж чадна!

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.