Гэрийн эзэгтэйгээс нийгмийн зүтгэлтэн

unnu.news
unnu.news
3 сарын өмнө

Сүүлийн жилүүдэд улс төрийн удирдах албан тушаалд эмэгтэйчүүдийн тоо эрс нэмэгдэж, дэлхийн томоохон хотууд эмэгтэй хотын даргатай байх нь түгээмэл үзэгдэл болжээ. Энэ нь зөвхөн эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог нэмэгдүүлэх бэлгэдлийн шинж чанартай гэхээсээ нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд нийгмийн олон төлөөллийг оролцуулж буй хүчин чармайлтын үр дүн гэж хэлж болно. 


"Purdue" их сургуулийн “Жендер ба манлайллын хэв маяг: Мета-анализ” судалгааны ажлаар эмэгтэй удирдагчид шийдвэр гаргах үйл явцад илүү хамтын ажиллагаатай, харилцан ойлголцол сайтай байдаг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Түүнчлэн эмэгтэй хотын дарга нар боловсрол, эрүүл мэнд, олон нийтийн сайн сайхан байдал гэх мэт нийгмийн асуудлыг нэн тэргүүнд тавьдаг гэдгийг Бразил Улсын эмэгтэй болон эрэгтэй хотын дарга нарын төсвийн зарцуулалтын тэргүүлэх чиглэлийг харьцуулсан Бразилын эрдэмтэд Арвате, Фирпо, Пиери нарын хийсэн судалгаанаас харъя. 

Мөн тус cудалгааны ажлаар хотын даргаар эмэгтэй хүнийг сонгосноор дараагийн сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдийн санал өсөх хандлага ажиглагдсан байна. Энэ нь цаашлаад сонгогчдын дунд жендерийн хэвшмэл ойлголтыг өөрчилж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг эерэг өөрчлөлтийг авчирна.


ЭМЭГТЭЙ ХОТЫН ДАРГА НАРЫН ТӨЛӨӨЛӨЛ

Дэлхий даяар эмэгтэй дарга нар хотдоо томоохон хувь нэмэр оруулсан жишээ олон бий. Тухайлбал, Парис хотын дарга Анн Идалго хотын тогтвортой хөгжлийг дэмжих, нийтийн тээврийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн. АНУ-ын Чикаго хотын дарга асан Лори Лайтфут арьсны өнгөөр ​​​​ялгаварлан гадуурхах үзлийг арилгах зорилгоор цагдаагийн байгууллагад шинэчлэл хийж байжээ. 


ХҮЙСЭЭР ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ = ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨР ДЭХ ОРОЛЦОО

Японы Токай их сургуулийн дэд профессор Юки Цүжигийн "Эмэгтэй хотын дарга нарын өсөлтийг тайлбарлах нь" нийтлэлд Японы хүйсээр ялгаварлан гадуурхсан хөдөлмөр эрхлэлтийн туршлага нь эмэгтэйчүүдийн орон нутгийн эрх мэдэлд хүрэх шинэ замыг санамсаргүйгээр бий болгож, гэрийн эзэгтэйгээс иргэний нийгмийн удирдагчид, орон нутгийн улс төрч болох эхлэлийг тавьсан талаар гардаг. 

Тодруулбал, Японы хөдөлмөрийн зах зээлд бүтэн цагийн ажилчдын дийлэнх олонхыг эрэгтэйчүүд бүрдүүлдэг. Харин эмэгтэйчүүд гэр бүл, хүүхэд асрах зэрэг үүрэг хариуцлагаас үүдэн хагас цагаар, тогтмол бус, албан тушаал ахих боломж хязгаарлагдмал ажил эрхлэх нь элбэг. Энэхүү хүйсээр ялгаварласан тогтолцоо нь эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог хязгаарлаж ирсэн ч, яваандаа эмэгтэйчүүд корпорацын салбарт ажиллахаас илүүтэй олон нийтийн үйл ажиллагаа, сайн дурын ажил зэрэг орон нутгийн засаглалд оролцож, энэ нь цаашлаад тэдгээр эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны эхлэл болжээ.

Сүүлийн жилүүдэд Японы улс төрийн намууд нэр дэвшигчдийнхээ нөөцийг төрөлжүүлэх шаардлагатайг онцлох болсон. Учир нь тус улсын хүн амын насжилт өндөр, төрөлт бага зэрэг хүн ам зүйн тулгамдсан асуудлыг шийдэхийн тулд ажил амьдралын тэнцвэрт байдал, жендерийн тэгш байдлыг дэмжсэн бодлогын эрэлт хэрэгцээ нэмэгдсэн эгзэгтэй үед эдгээр асуудлыг шууд мэдэрдэг, нийгмийн шударга ёсны асуудалд анхаарлаа хандуулдаг эмэгтэйчүүдийн бүлгүүд улс төрд орж, уламжлалт эрэгтэй улс төрчдийн үлдээсэн орон зайг нөхдөг. Нийгмийн хэм хэмжээ өөрчлөгдөхийн хэрээр манлайлах үүрэгт эмэгтэйчүүдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь орчин үеийн нийгэм, эдийн засгийн сорилтуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн төлөөлөл чухал болохыг харуулж байна.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.