Далайгүй орны “Далайн захиргааны газар” ямар үүрэгтэй ажилладаг вэ?

unnu.news
Б.Мичидмаа
1 жилийн өмнө

Мөрөөдлийн хөлөг онгоц гэх тодотголоор бидний ой тойнд үлдсэн “Титаник” хөлгийн ослоос хойш 100 гаруй жил, уг үйл явдлыг кино хальсанд буулгаснаас хойш бараг 30 жил өнгөрчээ. 

Тэгвэл орчин цагийн “Титаник” гэж нэрийдэж болох дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоц “Icon of the Seas” энэ сарын 27-ны өдөр анхны аялалдаа гарахдаа бэлтгэж, аюулгүй байдлын хяналтад орж байгаа юм. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар уг хөлөг нь “Титаник” хөлгөөс тав дахин том хэмжээтэй аж.

Далайн аялал, усан тээвэр нь орчин үеийн дэлхийн эдийн засаг, олон улсын харилцаа, соёлын солилцоо, аялал жуулчлалын үйл ажиллагааны салшгүй хэсэг. Үүнийг ердөө цорын ганц статистикаар баталвал, дэлхийн гадаад худалдааны ачаа тээврийн 80%-ийг усан тээвэр дангаараа бүрдүүлж байна. 

Тэр дундаа нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг чухал түүхий эдийг хөлөг онгоцоор тээвэрлэдэг. Учир нь далайн тээвэр  их хэмжээний барааг хол зайд тээвэрлэх зардал багатай, аюулгүй гэж тооцогддог. “Statista” судалгааны байгууллагын мэдээлснээр зөвхөн 2020 онд л гэхэд 1.2 сая тн нүүрс, 1.8 сая тн газрын тосыг усан замаар тээвэрлэжээ.

Дэлхий дахинаа далайд гарцгүй нийт 44 улс байдгийн нэг нь Монгол Улс. 

ДАЛАЙГҮЙ Ч ГЭСЭН ДАЛАЙН ЗАХИРГААТАЙ УЛС

Манай улсад Зам тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргааны байгууллага байдгийг та мэдэх үү? Энэ байгууллага ямар үйл ажиллагаа явуулдаг талаар товч дурдъя.

Тус байгууллага нь Монгол Улсын нэр дээр бүртгэлтэй хөлөг онгоцонд хяналт тавьж, хураамж авч түүнээсээ санхүүждэг бөгөөд тодорхой хэмжээний орлогыг улсын төсөвт төвлөрүүлдэг. Мөн нуур, томоохон голууд дээр аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг завь, хөлөг онгоцны аюулгүй ажиллагааг хангах, хяналт тавих ажлыг хариуцдаг.

Манай улсын хувьд 1996 онд Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элссэн. Улмаар Далай ашиглах тухай хуулийг анх 1999 онд баталснаас хойш 23 жилийн дараа шинэчлэн найруулжээ.

Тус хууль нь Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоцоор тээвэр хийх, далайн баялаг хайх, ашиглах, олборлох, загас агнах, далайн шинжлэх ухааны судалгаа хийх зэрэг далай ашиглах үйл ажиллагаа явуулахтай холбоотой харилцааг зохицуулдаг.

Манай улс далайн салбарын 30 гаруй гол конвенцод нэгдсэн бөгөөд НҮБ-ын “Далайн эрх зүйн тухай” конвенцын дагуу Монгол Улс өөрийн улсын далбааг хөлөг онгоцон дээр мандуулах эрхтэй юм. Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр зөвхөн Монгол Улсын хууль үйлчилнэ.

<b>Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн&nbsp;<br></b><i>2023 оны 12-р сарын 12-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тэмдэглэл</i><br>
"Нийт 26 орны 281 хөлөг онгоц Монгол Улсын далбааг мандуулж байна. Эдгээрт 651 далайчин гэрчилгээ авч ажилладаг.

2021 оны 3-р сараас Улаанбаатар хотод хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг Монгол Улс бие даан хариуцаж хийж байна.”
Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн 
2023 оны 12-р сарын 12-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тэмдэглэл

Хөлөг онгоцны бүртгэлээс өнгөрсөн онд манай улс 1.2 сая ам.доллар /4.2 тэрбум төгрөг/ орчим орлого олж 300 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж буй юм.  

Тухайлбал, 2022 онд нэг сая ам.доллар /3.5 тэрбум төгрөг/ 2023 онд 1.2 сая ам.доллар /4.2 тэрбум төгрөг/-ын орлого олжээ. 

Түүнчлэн Монгол Улс “Усан замын тээврийн тухай” хуулийг анх 2003 онд баталсан бөгөөд усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, усан замын тээврийн хэрэгслийг ашиглахтай холбоотой харилцааг зохицуулах зорилготой. 

Манай улсад усан тээврийн 172 хэрэгсэл бүртгэлтэй байдгаас 73.3% нь бага оврын ангилалд хамаардаг.

МОНГОЛ УЛС ДАЛАЙН ТЭЭВРИЙН ТАЛААР ЯМАР БОДЛОГО БАРИМТАЛДАГ ВЭ?

Далайгаас алслагдмал газар зүйн байрлалтай манай улсын хувьд гадаад худалдааг хоёр хөрш орны нутгаар дамжуулан хийдэг. Ингэхдээ бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэж, БНХАУ болон ОХУ-ын далайн боомтуудаар дамжуулан гуравдагч зах зээлд экспортлох бодлогыг баримталдаг. 

Монгол Улс экспорт, импортынхоо дийлэнх хувийг БНХАУ-ын Тяньжин боомтоор дамжуулан хийдэг. Түүнчлэн Оросын нутгаар дамжин Европтой төмөр замаар бага хэмжээний ачаа тээвэрлэлт, ОХУ-ын Номхон далайн эргийн боомтоор дамжин Хойд Америк руу ачаа тээвэрлэдэг.

Гэвч манай улс ийнхүү далайд гарахын тулд хуурай замаар ОХУ-ын нутгаар дамжин Алс дорнодын далайн боомт хүртэл 3800 км, БНХАУ-ын Тяньжин боомт хүрэхэд 1870 км туулдаг.

ОЛОН УЛСЫН ЧАНАРТАЙ “ЗАМЫН-ҮҮД” ХУУРАЙ БООМТ БАЙГУУЛНА 

Засгийн газар 1-р сарын 10-ны өдрийн ээлжит хуралдаанаар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэр дэх “Бүс нутгийн логистикийн төв”-ийг ашиглан олон улсын чанартай “Замын-Үүд хуурай боомт” байгуулахаар шийдвэрлэлээ.

“Олон улсын чанартай хуурай боомт” нь олон улсын худалдаанд тээвэрлэж буй барааг ачиж буулгах, хадгалах, хяналт шалгалт хийх болон холбогдох гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хэрэгжүүлэх нэг буюу түүнээс дээш тээврийн горимоор холбогдсон логистикийн төв юм. 

Энгийнээр хэлвэл хуурай боомт гэдэг нь чингэлэг болон задгай ачаа барааг түр хугацаагаар хадгалах, ачаа бараанд холбогдох боловсруулалт хийхэд зориулагдсан байр, агуулах, сав, задгай талбай, зогсоол аж. 

Хэдий манай улс далайд гарцгүй ч далайн тээвэрт чухал ач холбогдол бүхий хуурай боомтыг байгуулах боломжтой юм.

<b>Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт</b><br><i>2023 оны 12-р сарын 12-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тэмдэглэл</i><br>
"Монгол Улс үндсэндээ зургаан хуурай боомттой болох гэж байгаа. Энэ Замын-Үүд-Улаанбаатар Сайншанд, баруун талдаа Ховд, зүүн талдаа Дорнод гээд энэ хуурай боомтуудыг үндсэндээ бас хөгжүүлэх, хуурай боомтуудыг байгуулахаар төлөвлөж үүнийг Далайн захиргааны үндсэн нэг чиг үүрэг болгож, үйл ажиллагааг нь өргөтгөж өгсөн.”
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт
2023 оны 12-р сарын 12-ны өдрийн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны тэмдэглэл

Монгол Улсад олон улсын хуурай боомтууд байгуулснаар олон улсын ачаа барааг төвлөрүүлэн байршуулж, гадаад улс орнуудын ачаа бараанд үйлчилгээ үзүүлэхээс гадна хагас, бүтэн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн экспорт, импортын барааны болон олон улсын ачаа тээврийн үйл ажиллагаанаас их хэмжээний валютын нөөц бүрдүүлэх боломж нөхцөл бүрдэх аж.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.