Г.Чинзориг: CU цар хүрээгээ тэлж нийслэлээс 600 км-ийн радиуст бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж эхэллээ

unnu.news
Б.Лхагвацэрэн
2 сарын өмнө

CU конвиниенс дэлгүүрийн мастер франчайз эрх эзэмшигч Премиум Нэксус ХК нь CU-ийн 400 дахь салбар дэлгүүрээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд нээлээ. Зургаан жилийн хугацаанд үйл ажиллагаагаа улам бүр тэлж, үйлчлүүлэгчдэдээ ойртсоор буй Премиум Нэксус ХК-ийн түүхэнд тодоор бичигдэх энэхүү үйл явдлыг тохиолдуулан тус компанийн Гүйцэтгэх захирлын орлогч Г.Чинзоригтой ярилцлаа.


- CU 400 дахь салбараа орон нутагт нээлээ. Бизнес өргөжин тэлэхэд баримталж буй гол стратегиудынхаа талаар хуваалцаач, ялангуяа хөдөө орон нутагт?

CU конвиниенс дэлгүүрийн үйлчилгээ Монголд орж ирснээр үйлчилгээний цоо шинэ стандарт нэвтэрч байна. Аливаа шинэ зүйлд хамгийн соргог ханддаг хэсэг нь залуучууд байдаг. CU ч мөн Монголд орж ирэхэд залуучууд, өсвөр үеийнхний хэрэглээнд нийцэж эхэлсэн бол зургаан жилийн хугацаанд эдгээр хүмүүсийн амьдралын хэв маягийн салшгүй нэг хэсэг болоод байна.

Конвиниенс дэлгүүрээр хүн өдөр бүр үйлчлүүлж, цаашлаад амьдралын хэв маягтайгаа холбож эхэлдэг онцлогтой. Жишээ нь, өглөөний цайгаа заавал гэртээ бэлдэж уухгүйгээр замдаа CU ороод өглөөний цай уух сонголт бий болж байгаа юм. Энэ мэт байдлаар хэрэглэгчдийн амьдралын хэв маягт өөрчлөлт орж байгааг харахад CU конвиниенс дэлгүүрийн үйлчилгээ Улаанбаатар хотод маш амжилттай хэрэгжиж байгааг харж болно.

Тэгвэл бид CU-ийн үйлчилгээг орон нутагт нэвтрүүлвэл ямар байх бол гэдэг талаас нь судалж эхэлсэн. Учир нь конвиниенс дэлгүүр нь хотын завгүй амьдралын хэв маягт зориулснаараа онцлог. Эхний ээлжид орон нутагт хэд хэдэн салбарыг байгуулж, хүмүүсийн амьдралын хэв маягт тохирч байгаа эсэхийг нь туршиж үзсэн. Орон нутагт залуучууд олноороо амьдарч, эдийн засгийн хувьд идэвхжил өндөртэй байгаагаас гадна авто зам дагасан хөгжилтэй холбоотойгоор хөдөлгөөний урсгал сайжирсан байсан. Нөгөө талаас, хөдөөд шинэ соёл, олон улсын стандарт бүхий үйлчилгээ дутагдаж байгаа нь мэдрэгдсэн. Тиймээс бид орон даяар CU брэндийн салбаруудаа нээх нь зөв гэж үзээд орон нутаг дахь салбар дэлгүүрийн тоо, үйлчилгээний цар хүрээгээ тэлсээр байна.

- Орон нутагт салбаруудаа нээхэд зах зээлийн орчинд нийтлэг анзаарагдаж буй дутагдал юу байна вэ?

Орон нутгийн хөгжилд хоёр зүйл нэн чухал байна. Эхнийх нь үйлчилгээний стандарт, хоёрдугаарт бүтээгдэхүүний түгээлт, логистикийн сүлжээ асуудалтай байна. Ялангуяа, богино хадгалах хугацаатай шинэ хүнсийг хэрэглэгчдэд түгээхэд хүндрэл үүсдэг. Үүнийгээ дагаад орон нутгийн хүнсний түгээлт, хангамжийг анзаарахад хадгалах хугацаа урт, тусгай горим шаарддаггүй бүтээгдэхүүнүүд зонхилдог. Харин тухайн бүс нутагт CU брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нэвтрүүлснээр өдөр бүр шинэ хоол хүнсийг хүргэх боломж бүрдэж байна. Ингэснээр орон нутгийн иргэдийн хоол, хүнсний хангамжийг сайжруулахад чухал үүрэг гүйцэтгэх боломжтой учраас бид үйлчилгээгээ орон нутагт тэлэх стратегийг баримтлан ажиллаж байна.

- Одоогоор СU орон нутагт аль аймгуудад хэдэн салбараа нээгээд байна вэ?

Манай компани өнөөдрийн байдлаар Төв, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Архангай аймагт салбар дэлгүүртэй. Хамгийн сүүлд 400 дахь салбар дэлгүүрээ Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод нээснээр арван аймагт 27 салбартай болсон. Ингэснээр бид үйлчилгээний цар хүрээгээ улам нэмэгдүүлж, Улаанбаатар хотоос 600 км-ийн радиуст хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хүргэж байгааг онцолж хэлмээр байна.

Бараа бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд үйлдвэрээс гарсан даруйд нь шинэхнээр нь хүргэх жижиглэн худалдааны бизнесийн онцлог болов уу. Танай компани хөдөө, орон нутагт бараа үйлчилгээгээ түгээхэд юуг анхаарч ажиллаж байгаа вэ? Орон нутгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих стратеги хэрэгжүүлж байгаа юу?

Бид орон нутагт ажлын байр олноор нь бий болгохоос гадна орон нутгийн залуучуудыг сургаж, шинэ үйлчилгээний стандартыг бий болгохын төлөө зорьж байна. Нөгөө талаас, үйлчилгээг дагаж тодорхой хүний урсгалыг татаж байгаа тул орон нутгийн үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн үнэ цэн өсөж байна.

Ханган нийлүүлэгчдийн тухайд, арван аймагт салбараа нээх явцдаа орон нутагт гурилан бүтээгдэхүүн, нарийн боовны чиглэлийн хөгжил ахиж, нийлүүлэлт, чанар тогтвортой болсныг анзаарлаа. Харин бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэл хангалттай хөгжөөгүй байна. Иймд манай компани талх, нарийн боовноос бусад төрлийн бүтээгдэхүүнийг нийслэлээс нийлүүлж байна. Гэхдээ энэ нь цаашдаа байнга хэвээрээ байна гэсэн үг биш. Цаашид бид орон нутгийн онцлогийг шингээсэн бизнесийг дэмжиж, бүтээгдэхүүн бий болгох, хөгжүүлэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

- Танай компанид бэлэн хоол, зуушны бүтээгдэхүүн нийлүүлдэг хэдэн аж, ахуйн нэгж байдаг вэ? Тэдгээр компаниудаа хэрхэн дэмжиж ажилладаг вэ?

CU-ийн лангуун дээрх савласан хоол, зуушийг нийлүүлдэг 17 компани бий. Манай компаниас энэ бизнесүүдийг бойжуулахад тогтвортой борлуулалт, маркетингаар дэмжин ажиллаж, хүнсний чанар, аюулгүй байдлын зөвлөх үйлчилгээ үзүүлэх “Хамтдаа хөгжье” аяныг хэрэгжүүлснээр ханган нийлүүлэгчид маань хүнсний аюулгүй байдлын сертификатаа авч, үйл ажиллагаа нь бэхэжсэн. Энэ жишгээр орон нутгийн бизнесүүдийг дэмжиж, хөгжүүлэхийг зорьж байна. Харин үүнээс урьтаж, орон нутаг дахь салбар дэлгүүрүүдийн тоо илүү олшрох шаардлагатай. Ингэснээр орон нутгийн бизнесүүдэд илүү олон боломж нээгдэнэ гэж харж байна.

- Та өмнө нь CU хэрэглэгчдийн амьдралын хэв маягийн нэг хэсэг болсон гэж дурдсан. Тэгвэл CU хэрэглэгчийн туршлагыг сайжруулахын тулд ямар шинэлэг арга зам, технологиудыг нэвтрүүлсэн бэ?

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хэрэглэгчийн туршлагыг сайжруулахад бүтээгдэхүүний бэлэн байдалд онцгойлон анхаарч байна. Иймээс бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангахад ихээхэн хүчин чармайлт гаргаж ажилласнаар бид дотоодын зах зээл дээр тэргүүлэх түвшинд ирж байна гэж дүгнэж байна.

- Үүн дээр тодорхой бодит тоо, үзүүлэлт бий юу?

Өмнө нь хэрэглэгч 100 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн хүсэхэд бид ойролцоогоор 75 орчмыг нь лангуун дээр бэлэн байлгаж чаддаг байсан. Харин өнгөрсөн хугацаанд үүнийг анхаарч ажилласнаар дээрх үзүүлэлт 92-94 нэр төрөл болж нэмэгдсэн.

Тэгэхээр бүтээгдэхүүний бэлэн байдал сайжирснаар хэрэглэгч манай дэлгүүрийг зорин ирэхэд хайсан зүйлээ олж авч чадах нь хэрэглэгчийн туршлага сайжрахад гол үүрэгтэй. Цаашлаад үүнийгээ 97-98 нэр төрлийн бүтээгдэхүүн болгох, эцсийн дүнд нь олон улсын жишгээр 99.9 хувьд хүргэх буюу хэрэглэгчийн хүссэн бүх бүтээгдэхүүн бэлэн байхад зорьж байна.

- Барааны нэр төрлийг нэмэгдүүлэхэд ямар ажлууд хийсэн бэ?

Барааны сонголт мэдээж чухал. Бид барааны сонголтыг сайжруулахдаа маркетингийн бүтэц, хэрэглэгчийн хэрэгцээг мэдрэх, цоо шинэ шийдлийг бий болгохоос гадна тухайн байршилдаа тохирсон оновчтой сонголтыг бүрдүүлэхийн тулд түгээлтийн дэд бүтцээ цэгцэлсэн.

Бүтээгдэхүүний нэр төрлөө нэмэхэд анхаарч ажилласнаар нэг төрлийн бүтээгдэхүүн олон нүүр дараалж өрдөг байсныг өөрчилж, одоо нэг төрлийн бүтээгдэхүүн нэг нүүрт л байршиж байна. Манай салбар дэлгүүрүүдийн дундаж талбай ойролцоогоор 100 м.кв бөгөөд энэ талбайд хэрхэн илүү олон төрлийн бүтээгдэхүүн байх вэ гэдэгт анхаарч байна.

- Танай компанийн дотоод хяналтын систем хэрхэн ажилладаг вэ? Анхлан нээгдэж байсан салбаруудад эдэлгээнээс үүдэлтэй үйлчилгээ, орчин муудаж байх шиг анзаарагддаг. Үүн дээр тодорхой зүйлс төлөвлөж бий юу?

Энэ асуудал маш чухал. Бид дэлгүүрийн тоог нэмэгдүүлэхээс гадна хуучин дэлгүүрүүдийн тохижилт, цэвэр цэмцгэр байдалд ч мөн анхаарлаа хандуулсаар байна. Зургаан жилийн өмнө байгуулагдсан салбар руу ороход шинээр нээгдсэн дэлгүүрүүдтэй харьцуулахад өнгө үзэмжийн хувьд ялгаа мэдрэгдэж байгаа. Энэ он гарснаас хойш бид 20 орчим дэлгүүрийг шинэ концепттойгоор дахин тохижуулах ажлыг зохион байгуулсан, цаашид ч тасралтгүй сайжруулсаар байна.

Шөнийн цагаар эсвэл өглөө эрт CU рүү ороход бүтээгдэхүүний бэлэн байдлын тал дээр дутагдалтай санагддаг. Энэ талаар мэдээлэл өгнө үү.

Шөнийн цагаарх бараа, бүтээгдэхүүний бэлэн байдал нь ерөнхийдөө хоёр талтай. CU-д борлуулагдаж байгаа дийлэнх хүнсний бүтээгдэхүүн 24 цагийн хугацаанд хадгалах горимтой байдаг. Цаашид бид энэ хугацааг уртасгах технологи, ямар нэгэн химийн орц найрлага нэмэхгүйгээр органик байдлаар нь хадгалах боломжийг нэвтрүүлнэ.

Нөгөө талаас, манайх нээлттэй компанийн хувьд хөрөнгө оруулагчдынхаа өмнө тодорхой үүрэг хүлээдэг учраас бараа бүтээгдэхүүний татан авалтыг оновчтой байлгаж, бүтээгдэхүүний актны хэмжээг тодорхой түвшинд барихыг хичээдэг. Тиймээс үйлчилгээг хамгийн сайн түвшинд байлгахын тулд захиалгын тоо хэмжээнд маш чухал анхаарал хандуулан ажилладаг.

Мөн бид түгээлтийн дэд бүтцэд өөрчлөлт оруулж, шөнийн цагаар түгээлт хийх, хэрэглэгчийн урсгал өндөртэй салбаруудад өдөрт хоёрт удаа татан авалт хийх зэрэг зохицуулалтуудыг хийж, бүтээгдэхүүний бэлэн байдалд анхаарч ажиллах болно.

- Та сая зах зээлийн багтаамжийн талаар дурдаж байна. Хэрвээ нууц биш бол Монгол Улсад конвиниенс дэлгүүрийн зах зээлийн багтаамж нь ямар байдаг вэ? Том зургаараа энэ боломж дээр CU ямар байдлаар ажиллах вэ?

Монголд нэг хүний өдөр тутмын үйлчлүүлж байгаа ресторан, хүнсний дэлгүүр, кофе шоп зэрэг цэгүүдийг нэгтгэвэл 12-13 мянга орчим бөгөөд улирлын шинж чанараас хамаарч бага зэрэг хэлбэлздэг. Үүнээс орон даяар ажиллаж буй найман нэрийн хүнсний дэлгүүр ойролцоогоор таван мянга орчим байдаг. Үүнээс ойролцоогоор 1500 нь конвиниенс дэлгүүр байх боломжтой.

- CU-ээр залуучууд, өсвөр үеийнхэн нийтлэг үйлчлүүлдэг. Энэ насныханд электрон тамхины хэрэглээ нийтлэг болоод эхэллээ. Энэ асуудалд хэрхэн анхаарч, ямар арга хэмжээ авч байна вэ?

Бид өнгөрсөн 4-р сараас эхлэн “Үзүүлээд өгье” аяныг өрнүүлж байна. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих тухай хуульд 21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа борлуулахгүй, бичиг баримтаа шалгуулна гэж тодорхой заасан байдаг. Харамсалтай нь, жижиглэнгийн худалдааны түвшинд уг заалтыг хэрэгжүүлж байгаа компаниуд цөөн байна. Тиймээс тус заалтыг бодитоор хэрэгжүүлж, бусад жижиглэнгийн худалдаа эрхлэгчдээ уриалах зорилгоор энэ аяныг өрнүүлж байна. Түүнчлэн, электрон тамхины асуудал дээр манай улсад тодорхой зохицуулалт байхгүй. Мөн л адил бид 21 нас хүрээгүй хүнд зарахыг хориглож байгаа.

Ингэснээрээ бид урт хугацаандаа худалдаа, бизнес хийлээ ч гэсэн нийгэмдээ зөв үлгэр дуурайлал үзүүлдэг, зөв зүйлийг үлдээдэг байхын төлөө л зорьж байна.