Монгол Улсад COP17 хурал болоход 365 хоног үлдлээ

unnu.news
unnu.news
1 өдрийн өмнө

Нэг жилийн дараа буюу 2026 оны 8 дугаар сарын 17–28-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Талуудын бага хурал (COP17)-ыг зохион байгуулна. Энэхүү бага хурал нь Монгол Улс 2016 онд АСЕМ11 уулзалтыг зохион байгуулснаас хойш болох олон улсын хамгийн том уулзалт юм.

2016 онд болсон АСЕМ бага хуралд таван мянга гаруй төлөөлөгч оролцож, Монгол Улсын түүхэнд дээд амжилт тогтоож байсан бол COP17-д 7-10 мянган оролцогч ирнэ гэж Засгийн газраас мэдээлжээ.

Нэгдэл ба найдварын бэлгэдэл: COP17-ын лого

Монгол Улсад зохион байгуулах COP17-ын албан ёсны логог өчигдөр танилцууллаа. Энэхүү логог “нэгдэл ба найдварын бэлгэ тэмдэг” гэж тодорхойлжээ.

  • Нарны туяа, гэрийн тооно: тэнгэрийн хүч, хүн, байгалийн шүтэлцээ
  • Гарын алганд дэлхийг тэвэрсэн дүрс: хамгаалалт, хариуцлага.
  • Соёолж буй ногоон нахиа: сэргэлт, нөхөн сэргээлтийн найдвар.

Эдгээр элемент нь COP17-ын гол уриа болох “Хамтын хүчин чармайлт, олон талын мэдлэг, хариуцлагын нэгдлээр доройтсон газрыг сэргээнэ” гэсэн санааг илэрхийлнэ.

COP17-д 197 орны төлөөлөгч, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээ, иргэний нийгмийн байгууллагууд оролцоно. Мөн тус хурал нь НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдэлчдийн олон улсын жил” болгон зарласны хүрээнд болж буйгаараа онцлог юм. Энэхүү санаачилгыг Монгол Улс олон улсын тавцанд дэвшүүлсэн бөгөөд дэлхий даяар нэг тэрбум гаруй хүн бэлчээрийн экосистемээс шууд хамааралтай амьдарч байгааг дэлхийд сануулах юм.

Ирэх онд болох COP17 хурал нь Монголын нүүдэлчин өв соёлыг дэлхийд таниулахаас гадна, нөхөн сэргээлтийн төлөөх хамтын хүчин чармайлтыг шинэ шатанд гаргах түүхэн боломж билээ.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.