Мария Калласын долоон үхэл: “Шархалсан зүрх заавал эдгэдэг”

Перформанс урлагийн хамгийн алдартай төлөөлөгч Марина Абрамович “Мария Калласын долоон үхэл” нэрт шинэ ажлаараа дуулиан дагуулж байна. Видео форматаар хүлээн авах боломжтой энэ төсөлд нь жүжигчин Виллем Дафое хамтарчээ.

Марина, “Энэ бүтээл таны шархалсан зүрхийг эдгээнэ гэж найдаж байна” хэмээн өгүүлжээ.

Марина Абрамович өөрөө шархалсан зүрхтэй, түүний шинэ бүтээлийн сэдэв, шугам болсон Мария Каллас ч мөн адил түүхтэй юм.

Калласын үхэл

Нэрт дуурийн дуучин, ховорхон авьяасын эзэн Мария Калласын дурлалаас шалтгаалж тайзаа, карьераа орхисон гунигт намтар олон нийтэд ил хэлэлцэгддэг. Грекийн чинээлэг бизнесмэн Аристотель Онассист (бүтэн нэр нь Аристотель Сократ Онассис бөгөөд эртний Грекийн алдартай хоёр философичийн нэрийг хамтад нь багтаажээ) тэр өөрийгөө бүрэн эзэмдүүлсэн юм.

1957 он, Мария Каллас дэлхийн дуурийн тайзыг эзэгнэж байлаа. Нөхөр Жиованни Баттиста Менегини нь тоосго үйлдвэрлэдэг, хожим Калласын хувийн менежерээр ажиллаж байсан нэгэн. “Ла Скалла”, “Рояаль Опер Хаус”, “Метрополитан Опер”-т удаа дараа уригдан тоглодог, хамгийн эрэлттэй сопрано явсан энэ л үедээ Каллас Аристотель Онассистай учирсан юм.

Шархалж хоцорно, шархалсны төлөөс хэмжээлшгүй гэдгийг Каллас мэдээгүй бололтой. Хоёр жилийн дараа нөхрөөсөө салах шийдвэр гаргаж, Онассистай хамтран амьдарч эхэлжээ. Каллас урлагийг биш хайрыг сонголоо.

Харин Онассистай дэр нэгтгэснээс хойш Мария Калласын дуу хоолойд өөрчлөлт орж, тайзан дээр гарах нь ч багасаад байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд гярхай анзаарч, онцлон бичих болжээ. Түүхийн хуудас сөхвөл энэ гарцаагүй үнэн бөгөөд 1960-1965 оны хооронд Каллас мэргэжлийн ур чадварын хувьд хурдацтай унасан байна. “Мария Калласт юу тохиолдов?” гэж дэлхий даяар гайхширч, эмзэглэж байсан энэ таван жил тэрээр Онассисыг авч үлдэхийн төлөө, ганцхан хайрын төлөө тэмцэж байжээ. Онассис тогтворгүй араншинтай, үргэлж хүүхнүүдтэй нэр холбогдох агаад Калластай хэзээ ч албан ёсоор гэрлээгүй юм.

Мария Каллас тоглолтоо цуцалдаг болтлоо доош орсон 1968 онд Аристотель Онассис өөр эмэгтэйг эрсхэн сонгох нь тэр. Энэ бол Жонн Кеннедиг буудуулж нас барсны дараа бэлэвсэрч хоцорсон, АНУ-ын тэргүүн хатагтай Жаклин Кеннеди байсан.

Энэ Мария Калласын хувьд үхэл шиг тусжээ. Үүнээс хойш тэр тайзан дээр бараг л гараагүй, ганцаардан тусгаарлагдсан. Онассисаас өмнө тогтвортой байсан нэр хүнд, шүтэн бишрэгчдийнхээ үнэнч дэмжлэг, дуурийн урлагт өөрийгөө нэгэнтээ тамгалж авсан амжилтынхаа холдон холдсоор буй сэрүүн сүүдэрт есөн жил амьдраад 1977 онд 53 настайдаа нас барсан юм.

Хайрын төлөөсөнд зүрхээ өгөөд амьд үхтэл болон орхигддог олон хүчирхэг эмэгтэй Мария Калласын амьдралыг туулж байгаа. Марина Абрамович “Мария Калласын долоон үхэл” бүтээлдээ энэ нэгэнлэг сэжмийг барьж авсан ажээ.

Марина хүүхэд байхдаа эмээгийнхээ гал тогоонд зогсож байгаад радиогоор Мария Калласын дуулахыг хамгийн анх удаа сонсжээ. “Бие минь шууд л царцсаныг санаж байна. Цаг хугацаа зогсож, бүх зүйл хөдлөхөө байсан. Агаарт ганцхан Калласын хоолой цахилгаан эрчим хүч болон цахилж байлаа” гэж Мария дурсжээ.

Хожим нь тэрээр өөрийг нь Мария Калласын адил хувь тавилан угтаж авахын өмнө тэвчин зогсоож чадсанаар ялгаатай.

Марина, Улей хоёр Цагаан хэрмийн дэргэд

1975 онд Улейтэй учрахаас өмнө Марина Абрамович Югославаас Европт ирж, орчин үеийн урлагийн тавцанд перформанс арт чиглэлээр сонирхолтой туршилтууд хийж байлаа.

“Ритм 5” перформанс, 1974 он: Таван хошуу хэлбэрийн гал дунд хэвтэж, үсээ хадаасаар хадсан. Таван хошуу нь Зөвлөлтийн коммунист системийн он жилүүдийг илэрхийлж байв. Галан таван хошуу дунд хэвтэх нь аажим хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, ухаан ухамсрыг нь алдуулж байлаа. Гэвч Марина огтхон ч хөдлөөгүй, харин үзэгдэлдээ өөрөө автаж, солиорвол орилж хэвтжээ. Мөн ингэхийг нь үзэгчид хөндлөнгөөс харж байсан.

“Ритм 0” перформанс, 1975 он: Өөрийгөө зүгээр л объект болгон хөдөлгөөнгүй зогслоо. Дэргэдэх ширээн дээр нь хутга, буу, сарнай, үзэг бал, зургийн аппарат гээд олон янзын юмс хэвтэнэ. Ингээд үзэгчид хүссэн нэг зүйлээ сонгож аваад объект буюу Марина дээр турших ёстой. Перформанс үргэлжлэх хугацаанд зарим нь Абрамовичийн хацар дээр үнсээд буцах бол нүүр лүү нь нулимсан, алгадсан, үстсэн, бие дээр нь элдвийн үг бичиж сараачсан, гарт нь сарнай бариулсан, бүр нүцгэлсэн. Хүмүүсийн дотоод ертөнц, төрөлх араншин ичлэгдэн гарч байлаа. Абрамович өөрийг нь буудахаар завдахад ч өөрийгөө урлагийн бүтээлийн медиум (хэрэглэгдэхүүн) болгож байгаа тул эсэргүүцээгүй, хөдлөөгүй.

Марина Абрамович өөрийн махан биеийг урлагийн хэрэгсэл болгон оруулж ирснээс гадна маш радикал, экстрим туршилт хийж, тэдгээр нь асар хүчирхэг утга агуулгыг үзэгчдэд хүргэхээс гадна тэдний доторх ертөнцийн үнэнийг өршөөлгүй илчилж байсан.

Харин Улей тэр үед поларойд гэрэл зургийг постмодерн урлагийн нэгэн төрөл болгохоор ажиллаж байв. Түүний хувьд махан бие бол хамгийн чухал сэдэв мөн байлаа. Түүнчлэн дуалист филофисийг үндэс болгож, махан биеэр дамжуулан гадаад ба дотоод ертөнцийн хоёр өөр байдлыг илэрхийлэхээр оролдоно. Өөрийнхөө нүүрийг хоёр хувааж, нэгий нь эр, нөгөөгий нь эмэгтэй болгон будах ч юм уу, бусдын хөргийг буулгахдаа ч махан бие, дотоод ертөнцийнх нь эсрэгцлийг нэг түвшинд үзүүлэхээр хичээж байлаа. Зөвхөн гэрэл зураг авахаас гадна Маринагийн адил перформанс урлагт туршсан удаа ч бий.

Ийм хоёр уран бүтээлч 1975 онд учирч, нэгэндээ татагдсан юм. Гэхдээ хоёр биенээ арав гаруй жилийн хугацаанд л тэвчиж чадсан билээ.

Марина, Улей нар хайрыг урлаг болгож өөрсдөөрөө илэрхийлэх маш том хамтын ажиллагаа руу хөл тавилаа. Тэдний хамтын перформансууд одоо ч урлаг судлаачдын анхаарлыг татдаг. Үсээрээ холбогдож хоёр тийш харж суусан, нэг нь нум, нөгөө нь сум барьж хэрэв алдвал нэгнээ харвахад бэлэн байрлалд зогссон, хаалганы хоёр талд шав шалдан зогсоод дундуураа үзэгчдийг нэвтрүүлж байсан гээд нэрлэвэл цөөнгүй. Тэд өөрсдийн концепц, ажиллах арга барилаар нэгнээ нөхнө гэж үзсэн. Нөхснөөр нэгэн цул болсон гээд, зүгээр л хосууд биш, нэгдмэл оршихуй бөгөөд The Others гэж хоёр биенээ хамтад нь оноон нэрлэж байлаа.

Хоёр хүчирхэг оюун санаа, жир бус мэдрэмжтэй уран бүтээлч нэгнээ тогтвортой хайрлахад, гэр бүл зохиоход, бусдын адил амьдрахад ямар саад учирдаг юм бол?

1988 онд тэд Цагаан хэрмийн хоёр талаас (нэг нь хойд, нөгөө нь хойд талаас нэгэн адил 2500 км) алхаж ирээд уулзах, уулзаад гэрлэх санаачилгад санал нэгдэв. Давхар перформанс урлаг ч болох учир зөвшөөрлийг Хятад орны засгийн газраас авахын тулд найман жил хүлээсэн гэдэг.

Анх гэрлэнэ гэж төлөвлөснөөс хойш, зөвшөөрөл хүлээх найман жилийн хугацаанд Улей түүнийг хуурчээ. Араар тавьж, өөр эмэгтэйг бие давхар болгосон тухай мэдээлэл бий…

Ямартай ч тэд уул ус, дов толгод, жалга судгийг давж гурвсан сарын турш алхсаар Цагаан хэрэм дээр уулзаж чаджээ. Гэвч гэрлэсэнгүй. Харин хоёр тийш болох шийдвэрт хүрсэн байна. Ганцхан удаа тэврэлдээд, өөрсдийн замаар буцжээ.

Ийм зүйл болно гэдгийг хэн хэн нь мэдэж байсан гэдгийг Марина, Улей хоёр хожим нь ний нуугүй ярьсан юм.

Цагаан хэрмийн дэргэд Улейгээс өөрийгөө тусгаарлан шийдсэн 1988 оноос хойш 22 жилийн дараа, 2010 онд Марина шинэ перформанс хийлээ. Тэрээр ширээний нэг талд сууна. Нүдээ аниад нээх бүрд үзэгчдийн хэн нэг өмнө нь ирж суусан байна. Ингээд түүнийг боллоо хэмээн босох хүртэл нүд рүү нь ширтэх ажилтай. Үзэгчид Маринагийн өмнө харилцан адилгүй хугацаанд суух бөгөөд инээх, уйлах, айх, гайхах есөн шидийн нүүрний хувирал үзүүлж байсан.

Харин нэг нүдээ нээвэл нь Улей сууж байлаа. Олон янз дотоод ертөнцийнх нь толь болж сэтгэлийн элдэв хөдлөлгүйгээр, ухамсарт шийдвэрээр перформанс хийж байсан Марина Улейг хараад тэсэлгүй уйллаа.

Улей 2020 онд нас барсан. Харин Марина одоо ч уран бүтээлээ хийж байна.

Калласын долоон үхэл

Марина, “Каллас хайраас болж үхсэн. Харин би үхээгүй. Тийм учраас ижил тавиланг туулж буй эмэгтэй хүн бүрийг эдгээхийн тулд хичээлээ” хэмээн өгүүлжээ. Тэрээр хоёр удаа үр хөндүүлж, хүүхэдтэй болоогүй шалтгаанаа карьертай холбон тайлбарлаж байв. “Хүүхэдтэй болчихвол миний карьер дуусна, товчхондоо би урлагийн төлөө амьдарч чадахаа болино гэдгийг төвөггүй мэдсэн. Надад хийх ажил их бий” гэсэн Марина Абрамович хайраасаа буюу Улейгаас ч зоригтой татгалзсан байна.

Татгалзаж чадсан л болохоос ийм үйл явдлын хөндүүр дурсамжийг сэтгэлдээ тээж амьдрахын, түүний араас босож ирэхийн хүнд хүчрийг ойлгодог.

Ингээд 79 насандаа “Мария Калласын долоон үхэл” шинэ бүтээл дээр ажилласан байна.

Мария Каллас дуурийн тайзнаа долоон удаа “үхжээ”.

·      “Ла Травиата” дуурийн Виолеттагийн дүрээр нэг удаа, сүрьеэгээр үхдэг.

·      “Кармен” дуурийн Кармений дүрээр хоёр удаа, хайртай хүндээ хутгалуулж үхдэг.

·      “Тоска” дуурийн Тоскагийн дүрээр гурван удаа, цамхгаас үсэрч үхдэг.

·      “Отелла” дуурийн Дездемонагийн дүрээр дөрвөн удаа, нөхөртөө боомилуулж үхдэг.

·      “Лучия ди Ламмермоор” дуурийн Лучиягийн дүрээр таван удаа, галзуурч үхдэг.

·      “Чио-Чио-Сан” дуурийн Чио-Чио-Саны дүрээр зургаан удаа, амиа егүүтгэж үхдэг.

·      “Норма” дуурийн Нормагийн дүрээр долоон удаа, өөрийгөө шатааж үхдэг.

Эдгээр эмгэнэлт тавиланг эрхшээгч эмэгтэй дүрүүд бүгд л хайрын шаналал, эр хүний урвалт, хууран мэхлэлтээс үүдэн үхдэг. Мария Каллас тэдний дүрийг гарамгай бүтээж байсан бөгөөд эцэст нь түүний өөрийнх нь үхэл наймдугаарх болсон гэлтэй.

Марина Абрамовичийн хувьд энэ долоон үхлийг эмэгтэйчүүдийн шархалсан зүрхний долоон янз төрөл гэж үзээд, өөрөө тоглож, мөн долоон хэлбэрээр үхэж үзүүлэх юм. Жүжигчин Виллем Дафоэ бол үхэл, үхлийн элчийн дүрээр хамтарчээ.

Дуурь, жүжиг, видео арт, перформанс хосолсон энэ ажлаа Марина Абрамович 2026 оны арваннэгдүгээр сарын 30-ныг дуустал Данийн Копенхаген хот дахь “Цистернерне” газар доорх урлагийн орон зайд нээлттэй дэлгэж байна.

Марина Абрамович ярьж байна,

-Мария Калласын надад маш хүчтэй нөлөөлсөн. Түүний авсан шарх миний мэдэрсэнтэй дэндүү төстэй. Тэр үхсэн, харин би үхээгүй, салалтаас хойш уран бүтээл намайг аварч үлдсэн. Би энэ сэдвийг барьж авахыг үргэлж хүсэж байлаа. Хайрын төлөө үхэх бол байдаг, тохиолддог зүйл. Хүн болж төрсөн хойно бид заавал үхнэ. Харин амьдралдаа заавал нэг удаа хайраас шалтгаалж үхэхийг хүсдэг, үхээгүй гэвэл шархалсан зүрхтэй хоцордог. Энэ бол романтик, нөгөө талдаа эдгэж аних ёстой туршлага. Нэгэнтээ зүрх чинь шархалсан бол асар хүнд зүйлийг туулах бөгөөд ард нь гарч чадсан хойно эдгэх билээ. Эдгэх тухай ойлголт надад маш үнэ цэнтэй. Энэ бүтээлийн нөлөөгөөр хүмүүс өөрсдийн мэдэрдэг зүйлийг дахин нэг удаа мэдэрч чадвал, эдгэх болно. Шархалсан зүрх эдгэхэд хугацаа шаардлагатай ч эдгээх боломжгүй гэсэн үг биш ээ.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.