Хаварт хэрхэн бэлдэх вэ?

unnu.news
Б.Мичидмаа
10 сарын өмнө

Эх газрын эрс тэс, хатуу ширүүн уур амьсгалтай манай орны хувьд өвлийг өнтэй давж урин хавартай золгоно гэдэг амь тэмцсэн тоглоомд үе давахтай л адил. Гэвч урьдчилан таамаглах аргагүй цаг агаар, улирлын чанартай харшил, эмгэгээс эхлээд хаврын улирал бидний бие, сэтгэл зүйд ихээхэн өөрчлөлтийг авчирдаг.

Тэгвэл эдгээр өөрчлөлтөд бэлдэхэд тань туслах хавартай холбоотой “Яагаад” гэдэг асуултуудад хариулъя.


ЯАГААД ХАВАР ИЙМ ААШТАЙ ЮМ БЭ?

Өсвөр үеийнхэнд шилжилтийн нас гэж байдаг шиг цаг агаарт ч мөн адил шилжилтийн үе байдаг. Тодруулбал, өвлөөс зуны цаг агаар руу шилжих үед дэлхийн тэнхлэг нар руу хазайснаар бөмбөрцгийн хойд хагаст нарны шууд тусгал нэмэгдэж, температур өсдөг. Ингэснээр өвлөөс үлдсэн хүйтэн агаар болон дулаан агаарын урсгал мөргөлдөж, цаг уурын эрс тэс, тогтворгүй төлөв байдлыг бий болгож байдаг. 


ЯАГААД ЯДРААД БАЙДАГ ЮМ БЭ?

Улирал солигдож өдөр уртсах тусам нойрмоглож, толгой өвдөх, сэтгэл санаа тогтворгүй, ажлын идэвхгүй болох зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ нь ихэнх хүнд тохиолддог нийтлэг эрүүл мэндийн асуудал юм. Хаврын синдром буюу хаврын ядаргаа /springtime lethargy/ нь улирлын чанартай нөлөөллийн эмгэг бөгөөд хүний дотоод шүүрэл буюу дааврын үйл ажиллагаанд өөрчлөлт гарснаар үүсдэг.

Өвлийн улиралд шөнө урт, өдөр богино байдгаас хүмүүс нарны гэрлийг бага хүлээж авдаг. Ингэснээр мелатонин буюу нойрсуулах даавар ихээр ялгарч, сератонины хэмжээ багасдаг. Харин хаврын улиралд эсрэгээрээ мелатонины хэмжээ буурч, унтах үйл ажиллагаанд өөрчлөлт орсноор хүн илүү их ядардаг. 

Ядаргааны өөр нэгэн шалтгаан нь цаг уурын өөрчлөлт юм. Хаврын тогтворгүй цаг агаарт бидний бие физиологи судас тэлэх, цусны даралт буурах зэрэг хариу үйлдэл үзүүлдэг бөгөөд энэ үйл явц нь ядрах, толгой эргэх нэг шалтгаан болдог. 

Түүнчлэн хаврын ядаргаа нь ихэвчлэн хоёроос дөрвөн долоо хоногийн турш үргэлжилдэг. Хэрэв таны ядаргаа хэдэн долоо хоногоос илүү үргэлжилбэл энэ нь өөр шалтгаантай байх боломжтой бөгөөд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй юм. 


ХАВАР ХАЙР БУС ХАРШИЛ ДАГУУЛЖ ИРДЭГ

Хаврын улиралд мод, ургамлын тоосжилтын оргил үе тохиодог. Улмаар ургамлын тоос агаарт тархан амьсгалын замаар биед нэвтэрч харшлын шинж тэмдгүүдийг өдөөдөг. Түүнчлэн цаг агаар дулаарч, хүмүүс илүү их цагийг гадаа өнгөрөөж эхэлснээр элдэв вирус, шавж, хөгцөөс үүдэж өвчлөл авах магадлал нэмэгдэж, харшилтай хүмүүсийн хувьд бусад харшил төрүүлэгчид илүү мэдрэг болдог.

Хаврын улиралд цэцгийн тоос өглөө 6-9 цагийн хооронд орой 20-22 цагт ихээр ялгардаг учир эдгээр цагуудад амны хаалт хэрэглэх, цонхоо онгойлгохгүй байх зэрэг арга хэмжээг авбал үр дүнтэй. 

Харшилтай холбоотой өөр нэг асуудал бол харшлыг ханиадтай андууран буруу эмчилгээ хийх юм. Учир нь харшлын анхны шинж тэмдгүүд нь нүд загатнах, улайх,  хамар битүүрэх, нулимс гарах, нус гоожих зэргээр илэрдэг. Иймд шинж тэмдэг илэрвэл дур мэдэн эм уухаасаа өмнө цусны ерөнхий шинжилгээ хийлгэн шалтгааныг тодруулах хэрэгтэй.

Эх сурвалж:  Арьсны өвчин судлалын үндэсний төв 


ХАВАР БИДНИЙ СЭТГЭЛ ЗҮЙД

Улирал солигдох нь зарим хүмүүсийн хувьд тайван бус байдал, түгшүүрийн мэдрэмжийг төрүүлдэг бол заримынх нь хувьд эрч хүч, бүтээлч байдлыг нь нэмэгдүүлдэг. Энэ нь гэрлийн нөлөөгөөр хүний серотонин дааврын хэмжээ нэмэгдэж улмаар сэтгэл зүйн өөрчлөлтүүд бий болдог.

Серотонин даавар нь сэтгэл хөдлөл, хоолны дуршил, нойр зэрэг биеийн физиологийн үйл явцыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэхээс гадна санах ой, суралцах, танин мэдэхүй зэрэг тархины бусад үйл ажиллагааг зохицуулахад оролцдог. Мөн улирлын чанартай харшил, цаг агаарын өөрчлөлтүүд нь сэтгэл зүйд нөлөөлөх шалтгаан болдог байна.

ДЭЛХИЙ ДАХИНД АМИА ХОРЛОЛТЫН ТҮВШИН ХАВРЫН УЛИРАЛД ХАМГИЙН ӨНДӨР БАЙДАГ БӨГӨӨД ӨВЛИЙН УЛИРАЛД ЭСРЭГЭЭРЭЭ ХАМГИЙН БАГА БАЙДАГ АЖ. 

Их Британийн Кэмбрижийн Их сургуулийн зүгээс амиа хорлолтод улирлын шинж чанар нөлөөлдөг эсэхийг судалсан байна. Ингэхдээ 12 орны 354 нийгэмлэгийн мэдээлэлд хоёр үе шаттай дүн шинжилгээ хийжээ. 

Судалгааны үр дүн улс орон бүрийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй байсан ч ихэнх улсад амиа хорлолтын түвшин хаврын улиралд дээд цэгтээ хүрдэг аж. Жишээ нь, Япон, Канад, Өмнөд Солонгос зэрэг улсад 4-5-р сард, Өмнөд Африкт 1-р сард амиа хорлолтын тоо хамгийн их бүртгэгджээ. Өмнөд Африкт 6-9-р сард өвлийн улирал тохиодог аж. 

Харин дэлхий дахинд 4-6-р сард амиа хорлолт хамгийн их бүртгэгддэг байна.


ХАВРЫГ ДАВАХАД ТАНЬ ТУСЛАХ UNNU-ИЙН ЗӨВЛӨГӨӨ

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.