- Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт энэ сарын 24-ний өдөр болсон ослын улмаас хэд хэдэн удаагийн дэлбэрэлт болов. Энэ үйл явдалтай холбоотой хамгийн сүүлийн үеийн мэдээллийг нэгтгэн хүргэж байна. -
I. ЮУ БОЛСОН БЭ?
Энэ сарын 24-ний өдрийн 01:07 цагт “Их Монгол”, “Дүнжингарав” худалдааны төвийн автозамын уулзварт газ тээвэрлэж явсан том оврын автомашин, суудлын автомашинтай мөргөлдсөн зам тээврийн ослын улмаас гал гарч автомашин шатаж байна гэсэн дуудлага ОБЕГ-т иржээ.
Ослын улмаас “Эдү апартмент” хотхоны 207 дугаар байр, “Глобал” интэрнэйшнл сургууль болон уулзварын баруун урд талын “Санни таун” хотхоны 830 дугаар байр тус тус гал түймэрт өртөж шатаж байсныг унтраах ажиллагааг зохион байгуулж, 02:15 цагт тархалтыг зогсоон, 04:30 цагт бүрэн унтраасан.
Албаны мэдээллээр гал түймэрт гурван хүн амь насаа алдаж, эмнэлэгт 10 иргэн, дөрвөн хүүхэд эмнэлэгт хүргэгджээ. Мөн ослын улмаас 30 автомашин шатсан байна.
Ажиллагаанд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах найман нийт 200 гаруй алба хаагч, 48 автомашин, техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.
Мөн цагдаа, эмнэлэг, УБТЗ, Ус сувгийн удирдах газрын нийт 600 гаруй алба хаагч голомтын бүсэд ажиллажээ.
II. ГАЛД ӨРТСӨН ИРГЭДЭД СЭТГЭЛ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЧ БАЙНА
Ослоос шалтгаалж 60 айлын орон сууц галд өртөж, 178 иргэн эд хөрөнгөөрөө хохирчээ. Гал түймэрт өртсөн орон сууцнаас 20 өрхийн 80 иргэнийг зочид буудалд нүүлгэн шилжүүлж, хоол хүнсээр хангах, сэтгэлзүйчийн өрөө гаргаж, сэтгэлзүйн зөвлөгөө үзүүлж байна.
Иргэдийг цаашид хаана байршуулах талаар судалж байгаа бөгөөд орон сууцыг засварлах хугацаанд түрээсийн орон сууцанд төлбөрийг нь төлөн байршуулах шийдвэрийг УОК-оос гаргажээ.
III. ОСЛЫН ШАЛТГААНЫГ УРЬДЧИЛСАН БАЙДЛААР ТОГТООЖЭЭ
Нийслэлийн Онцгой Коммисоос ослын үеэр авч хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл өглөө.
Одоогоор хохирлыг тогтоох, ослын шалтгааныг илрүүлэх ажлын шатанд явж байгаа бөгөөд 25 прокурор үзлэгт оролцож байна.
Урьдчилсан байдлаар шалтгааныг газ тээвэрлэж явсан зай анзаарахгүйгээр давхар хий эргэж, суудлын автомашинтай мөргөлдсөнөөр ёмкость их хэмжээний галын шаталт үүсэж дэлбэрсэн гэж үзжээ.
IV. ШАТАХУУН, ХИЙН ТҮЛШНИЙ ЧИГЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУДЫГ ШАЛГАНА
Өчигдөр УОК хуралдаж, улсын хэмжээнд шатах, тослох материал, бензин шатахуун, хийн түлшний үйл ажиллагаа явуулдаг ААН, иргэний үйл ажиллагаанд шалгалт хийх комиссыг байгуулжээ.
Комисс сургууль, эмнэлэг, орон сууц зэрэг хүн олноор суурьшдаг байршилд үйл ажиллагаа явуулж буй дээрх чиглэлийн байгууллагуудыг шалгах юм.
Улмаар хууль дүрэм зөрчсөн бол үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх зэрэг арга хэмжээг авна.
V. ДЭЛБЭРЭЛТ БОЛСОН БҮСИЙГ “ХОРГҮЙЖҮҮЛЖ” БАЙНА
Дэлбэрэлт болсон газарт аюулгүй байдлын талаар авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-наас мэдээлэл хийлээ.
Тус бүсэд 12 төрлийн химийн бодисын найрлагыг тодорхойлох шинжилгээ хийсэн урьдчилсан дүгнэлтээр эрсдэлийн түвшин “дунд” зэрэг гэж гарчээ.
Тухайн бүсэд тархсан химийн бодисыг натри хлороор саармагжуулах ажлыг хийж байна гэв.
Гэрэл зургийн эх сурвалж: Reuters агентлагийн гэрэл зургуудыг ашиглав.
Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.