unnu@Davos'24: Эдийн засгийн хямралыг Монгол Улсын эрсдэл гэж дүгнэлээ

unnu.news
Б.Лхагвацэрэн
1 жилийн өмнө

-Швейцарын Давос хотноо 54 дэх удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулган эхэллээ.- 

Энэ удаагийн чуулган нь “Итгэлцлийг дахин сэргээх нь” сэдвийн хүрээнд болж байна. Уг сэдвийн хүрээнд тав хоногийн турш уур амьсгалын өөрчлөлт, техник технологи, хиймэл оюун ухааны эрчимтэй хөгжлийн зэрэгцээ геополитикийн шинэ нөхцөл байдал, зэвсэгт мөргөлдөөн нь дэлхийд тогтворгүй байдал үүсгэн эдийн засаг, нийгэмд хүчтэй нөлөөлж буйг хэлэлцэнэ. 


МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛ: ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ

Давосын чуулган эхлэхийн өмнө “Олон улсын эрсдэлийн судалгаа”-г танилцуулдаг уламжлалтай. Энэ онд уг судалгааг боловсруулахад 1400 гаруй эксперт оролцжээ. Судалгааны үр дүнд дурдсанаар ойрын хугацаанд дэлхий дахинд тулгарч гол эрсдэлүүдийн нэгдүгээрт хуурамч, ташаа мэдээллийг эрэмбэлсэн байна.

Мөн уг судалгаанд ирэх хоёр жилд улс орнуудад нөлөө учруулах эрсдэлүүдийг нэрлэжээ. Судалгаанд онцолсноор Монгол Улсад дараагийн хоёр жилд эдийн засгийн хямралыг тэргүүн эгнээнд дурджээ.

Монгол Улсын эдийн засаг цар тахлын оргил үед -4.7 хувь байсан бол 2023 оны эцсээр 6.8 хувиар өсөж, Дотоодын нийт бүтээгдэхүүн 36.7 их наядаас 63.3 их наядад хүрч, нэг хүнд ногдох ДНБ анх удаа 5.220 ам долларт хүрсэн гэж мэдээлж байсан юм. Хэдий сүүлийн жилд эдийн засаг өндөр өсөлттэй байсан ч дараагийн хоёр жилд эрсдэл дагуулах магадлалтай гэж ДЭЗФ танилцуулав.


ЭНЭ ОНД ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ СААРАХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА

Давосын чуулган эхлэхийн өмнөхөн Ахлах эдийн засагчид "Эдийн засгийн төлөв байдлын тайлан"-г танилцуулсан юм. Уг тайланд дурдсанаар энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлт 2024 онд саарах төлөвтэй байна гэж онцолжээ.

Дэлхийн санхүүгийн нөхцөл байдал хүнд, геополитикийн хурцадмал нөхцөлд дэлхийн эдийн засгийн төсөөлөл тааруу, тодорхойгүй байдал санаа зовоосон хэвээр байна гэж дүгнэжээ.

Ахлах эдийн засагчдын талаас илүү хувь нь (56%) дэлхийн эдийн засаг энэ онд сулрах төлөвтэй байна гэж үзсэн бол 43% нь нөхцөл байдал өөрчлөгдөхгүй эсвэл эдийн засаг өснө гэж таамаглажээ. Харин эдийн засагчдын 77% нь хөдөлмөрийн зах зээл, 70% нь санхүүгийн нөхцөл байдал ирэх онд суларна гэж үзэж байна. Бүх бүс нутагт инфляц өндөр байх хүлээлт буурсан ч эдийн засаг өсөлтийн төв бүс нутаг бүрд харилцан адилгүй байна. Энэ онд аль ч бүс нутагт эдийн засгийн өндөр өсөлт гарахгүй гэж эдийн засагчид дүгнэжээ.


ЖҮЖИГЧИН МИШЕЛЬ ЁО КРИСТАЛ ШАГНАЛЫГ ХҮРТЛЭЭ

Давосын чуулганы үеэр уран бүтээлчдийн нийгмийн үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн "Crystal Award"-ийг гардуулдаг уламжлалтай. 30 дахь удаагийн "Crystal Award"-ийг Оскарын шагналт жүжигчин, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элч Мишель Ёо хүртлээ.

Оскар хүртсэн анхны ази эмэгтэй жүжигчин Мишель Ёо нь 2016 оноос хойш НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сайн санааны элчээр ажиллаж байна. Тэрээр энэ хүрээндээ Тогтвортой хөгжлийн зорилгуудыг олон нийтэд таниулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг мэдээллийг дээшлүүлэхэд онцгойлон анхаардаг аж.

Мөн дээрх шагналыг архитектор Дибедо Фрэнсис Кере, Грэммигийн шагналт, хөгжмийн зохиолч Нил Рожерс нар хүртсэн юм. 


НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ ОРОЛЦЛОО

Энэ удаагийн Дэлхийн Эдийн Засгийн Чуулганд Монгол Улсыг төлөөлөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албаны төлөөллийн хамт оролцож байна. Тэрбээр Давосын чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцах аж.

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.