Манай багшийн бидэнтэй ажиллах цагийг ихэсгэж болох уу?

10 сарын өмнө

Манай улсын хувьд жил бүр 2,000-3,000 багшийн дутагдалтай хичээлийн шинэ жилийг угтдаг. Тэр дундаа хөдөө орон нутаг, Монгол орны захын сумуудад багшийн хүрэлцээгүйгээс боловсролын тэгш бус байдал бий болсоор буй. 

Хүүхэд бүрд чанартай, хүртээмжтэй боловсролыг олгохоор "Teach for Mongolia" хөтөлбөрийн хүрээнд залуусыг хоёр жилийн хугацаанд багшийн дутагдалтай орон нутгийн ЕБС-д үндсэн багшаар томилон ажиллуулж байна. 

Тэгвэл хөтөлбөрийн талаарх сурагчдын сэтгэгдлийг хуваалцъя. 


Намайг Ч.Энхмөрөн гэдэг. Би Дорнод аймгийн Баян-Уул сумын ЕБС-ийн 7-р ангид суралцдаг. Манай сургууль 1,000 гаруй сурагчтай. Олон сурагчтай учраас заримдаа багш нар мэргэжлээсээ өөр хичээл орох тохиолдол ч гарч байсан. 

Гэхдээ хотоос шинэ багш нар ирээд больсон. Түүх, нийгмийн ухаан, иргэний ёс зүйн хичээл заахаар хэд хэдэн багш нар хотоос ирсэн. 

Манай сургуульд Э.Нямтогтох багш ирээд жил болж байна. Манай ангид түүх, нийгмийн ухааны хичээл ордог. Анх ирэх үед нь манай ангийнхан багшийг бүр “crush”-лаж байсан. Одоо бид багштайгаа маш нээлттэй байдаг. Өмнө нь бишүүрхээд сайн ярьж чаддаггүй байсан юм. 

Түүх, нийгмийн ухааны хичээл 6-р ангиас орж эхэлсэн. Гэхдээ Э.Нямтогтох багш хичээлээ нээлттэй, сонирхолтойгоор заадаг. Бас харилцааны соёлтой, дандаа инээмсэглэдэг. Тийм болохоор манай сургуулийн ихэнх сурагчид сурагчид түүх, нийгмийн ухааны хичээлдээ дуртай. 

Нэг удаа Нямтогтох багш манай ангид хичээл орж байх үед утас руу нь хүн залгасан юм. Тэгээд багш биднээс энэ дуудлагыг аваад ярьчихаж болох уу гэж асуусан. Тэр үед нь бид нар тоглоод юу яриад байгаа юм, хичээл орж байж гэж хэлээд бүгдээрээ зөндөө инээлдсэн. 

Багш бид нартай өдөр болгон гоё өөрөөр мэндэлдэг. Хүүхдүүдэд ч эерэг өөрчлөлтүүд их гарч эхэлсэн. Өмнө нь шатаар буух үед хүүхдүүд бие биеэ мөрлөх тохиолдол гардаг байсан. Одоо харин тиймэрхүү хандлага нь байхгүй болсон. Энэ мэтчилэн хүндлэлээс эхлээд манай сургуульд ч олон өөрчлөлт гарсан. Зарим хүүхдүүд залуухан болохоор элэг бариад байдаг юм. Гэхдээ ихэнх хүүхэд үгийг нь сайн сонсдог. Ээж, аав нар ч гэсэн мундаг багш нартай болсон гээд баяртай байна.

Өмнө нь багш нартай ярилцах гэхээр цаанаасаа эвгүй санагддаг байсан. Гэхдээ одоо шүүмжлэхгүйгээр сонсдог, дотно найз, ах, эгч шиг санагддаг багштай болоод хэцүү үедээ эсвэл нууц зүйлсээ ярилцдаг болсон. Би ч гэсэн өмнө нь хүнтэй ярихдаа ерөөсөө анхаарч сондоггүй байсан юм билээ. Одоо найз нарынхаа асуудлыг нухацтай сонсдог болсон. Манай иргэний ёс зүйн багш бясалгалын төлбөртэй хичээлд суудаг юм. Тэгээд сурсан зүйлээ бид нарт үнэгүй зааж өгдөг. 


Намайг Э.Энхцэцэг гэдэг. Би Өмнөговь аймгийн Ханбогд сумын I сургуулийн 11-р ангид суралцдаг. Манай суманд Монгол Улсдаа томд тооцогдох Оюу толгойн уурхай үйл ажиллагаа явуулдгаараа онцлог. Тийм ч учраас олон хүн шилжин ирж, суурьшиж амьдардаг. Манай суманд ЕБС-ийн хоёр сургууль байдаг. Ингэхдээ ангиуд 1-2 бүлэгтэй, 20-30 хүүхэдтэй суралцдаг. 

Түүнчлэн математик, монгол хэл зэрэг хичээлийг 2-3 багш заадаг ч түүх, нийгмийн ухааны хичээлийн ганцхан багштай. Тиймээс нийгмийн ухааны хичээлийг өөр багш орох эсвэл зүгээр цонхолдог байсан. 

Харин өнгөрсөн жилээс А.Ариунцэцэг багш нийгмийн ухааны хичээлийг орж эхэлсэн. Нийгмийн ухааны хичээлийг дан номоо уншаад ойлгох гэхээр сунжруу, хэцүү үг хэллэгтэй, заримдаа бүр толгой эргүүлээд хаячихдаг шүү дээ. Харин багш хичээлээ заахдаа тодорхойлолтуудыг нь самбар дээр өнгөөр ялгаж бичээд, энгийн үгээр, жишээ татаж тайлбарлаж өгдөг болохоор үнэхээр ойлгомжтой байдаг. 

Төгсөх дөхчихсөн болохоор мэргэжлийн чиглэлээ сонгочихсон. ЭЕШ-аа англи хэл, математик, нийгмийн ухааны хичээлээр орно гэж төлөвлөж байна. 

Өмнө нь манай сургуульд мэтгэлцээний клуб байдаг ч идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хүүхдүүд төдийлөн сонирхдоггүй байсан. Харин А.Ариунцэцэг багш ирээд хүүхдүүдийг мэтгэлцээний тэмцээнд орохыг санал болгосноор явж эхэлсэн. Энэ нь маш их таалагдсан болохоор нийгмийн ухааны хичээлээр ЭЕШ-д оролцож, энэ чиглэлээр явахаар шийдсэн. 

Би өмнө нь ичимхий, сайн ярьж чаддаггүй, түгдрээд, санаагаа илэрхийлэхдээ ч тойруулаад байдаг байсан. Харин мэтгэлцээнд яваад миний ярих, илтгэл тавих чадвар сайжирч, өөртөө илүү итгэлтэй болсон. 

Хүүхэд бүр хичээлээ шамдаж хийдэггүй шүү дээ. Зарим нь ангийн хойно суугаад үймүүлдэг. Харин А.Ариунцэцэг багш зөвхөн хийж байгаа хүүхдээр л хийлгэх биш ангийн бүх хүүхдийг оролцуулж, ойлгуулъя гэдэг. Хүүхэд бүр үүнийг мэдээд авчхаасай гэсэн сэтгэлтэйгээр заадаг нь ажиглагддаг. 

Би энэ жил 11-р анги. Багш маань хөтөлбөрийн хүрээнд хоёр жил ажиллаж, биднийг төгсөх хүртэл багшилна гэхээр гоё байна. Бас багшийн маань хувцаслалт нь маш хөөрхөн. Өдөр тутамдаа монгол үндэсний хувцас өмсдөг. 

Зарим “би хотод сурдаг байсан бол”, “тэр багш нараар заалгасан бол илүү сайн суралцах байсан” гэдэг хүүхдүүд байдаг шүү дээ. Миний хувьд хүн хаана ч суралцсан ялгаагүй гэж боддог. Гэхдээ тэгж боддог хүмүүсийн хувьд хотоос багш ирснээр хотын хүүхдүүдэд байгаа боломж манай сумын хүүхдүүдэд ч бас нээгдэж байгаа гэж бодож байна. 

Манай нэг найз А.Ариунцэцэг багшийн сурагчид ЭЕШ-д амжилттай оролцсон гэсэн зургийг фейсбүүк хаягаас нь харсан талаараа надад хэлсэн юм. Тэрийг хараад бид нар ч бас энэ мундаг багшаар хичээлээ ойлгомжтой заалгаад ЭЕШ-аа сайн өгч, өндөр оноо авах боломжтой юм байна даа гэж бодсон. 

"Teach for Mongolia" хөтөлбөр нь хүүхэд бүрд чанартай хүртээмжтэй боловсролыг олгох зорилгын хүрээнд багшийн дутагдалтай байгаа захын сумуудад хүрч ажиллаж байна.

Хөтөлбөрт оролцсоноор хоёр жилийн хугацаанд орон нутгийн ЕБС-уудад багшаар ажиллаж, боловсролын хүртээмжгүй байдлыг бууруулахад бодит хувь нэмрээ оруулах юм.

Та багш мэргэжилтэй биш байсан ч уг хөтөлбөрт хамрагдах боломжтой.

  • Багшлах хугацаандаа багшийн хөрвөх хөтөлбөрт 100 хувийн тэтгэлэгтэй хамрагдаж, хос бакалаврын зэрэгтэй болно.
  • Аймаг, орон нутагт амьдрах орон байраар үнэгүй хангуулж, багшийн үндсэн цалингаар цалинжиж, холбогдох орон нутгийн нэмэгдлүүдийг зохих журмын дагуу авна.
  • “Teach For All” олон улсын холбооны төгсөгчдийн холбоонд нэгдэх, үргэлжлүүлэн гадаадын шилдэг их, дээд сургуулиудад магистрын зэрэгт суралцах зэрэг боломжууд нээгдэнэ. 

Хөтөлбөрийн гурав дахь жилийн элсэлтэд энэ холбоосоор 4-р сарын 15-ны өдөр хүртэл бүртгүүлэх боломжтой.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.