МАН-ын Удирдах зөвлөл удаан хугацааны хүлээлтийн ард, өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдаж байна.
Удирдах зөвлөл 32 гишүүнтэй ба Ерөнхий сайд асан С.Баяр ч уригдан ирсэн нь анхаарал татлаа.
С.Баярын хувьд үүсээд байгаа талцал, хямралын тухайд “Дундын ойлголцолд зуучлах үүрэг гүйцэтгэж болно” гэдгээ нээлттэй илэрхийлсэн байдаг.
Өнөөдөр МАН-ын өмнө тулгамдсан, шийдвэрлэх шаардлагатай дараах асуудал бий:
- УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэн байх вэ?
- Намын даргаар Д.Амарбаясгаланг батламжлах уу, эсвэл Их хурлаар дахин сонгууль явуулах уу?
- Ер нь цаашид намын дотоод хүрээнээс төрийн хэмжээнд халиад удсан үл ойлголцлоо хэрхэн шийдэх вэ?
МАН-ын бүлэг хоёр хуваагдаж, ажиллах чадамжгүй болсон
Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудал УИХ-аар хэлэлцэгдэхээс өмнө, бүлэг хоёр хуваагдсан. Нэг хэсэг нь Г.Занданшатарын, нөгөө хэсэг нь Д.Амарбаясгалангийн талд.
Бүлэг 64 гишүүнтэй ба 38 буюу олонх нь Г.Занданшатарыг дэмжиж байгаа. Олонх гэдгээр тэд тусдаа хуралдаж, бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнийг огцруулж, Ж.Батжаргалыг сонгосон юм. Гэвч бүлгийн даргын тамга Ж.Бат-Эрдэнэд хэвээр бий.
МАН-ын УИХ дахь үйл ажиллагааг голчлон зангидах үүрэгтэй энэ бүтэц улмаар нэгдсэн ойлголцолд хүрч ажиллах потенциалаа алдсан. Асуудал хэлэлцсэн ч нэг тал нь ирж хуралддаггүй, дэмждэггүй байдалд хүрсэн.
Тиймээс Удирдах зөвлөл бүлгийг дахин нэгдмэл болгох, талцал хуваагдлаас ангид байлгах, дарга нь албан ёсоор хэн байхыг өнөөдөр шийдвэрлэнэ.
Хамгийн гол нь, дараагийн УИХ-ын даргад хэнийг нэр дэвшүүлэхийг МАН-ын бүлэг шийднэ.
Д.Амарбаясгаланг намын даргаар батламжлахгүй чигтэй байна
МАН-ын Бага хурлаар намын даргын сонгууль явуулж, Д.Амарбаясгалан ялалт байгуулсан. Гэвч энэ процессыг Ерөнхий сайд Г.Занданшатарын тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа.
Д.Амарбаясгаланг намын даргаар бүртгүүлэх хүсэлтийг одоо хүртэл Улсын дээд шүүхэд хүргүүлээгүй байгаа юм.
Өчигдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар хэвлэлд тодруулга өгөхдөө, “Д.Амарбаясгаланг намын даргаар батламжлахгүй. Их хурлаар дахин сонгууль явуулна” гэж мэдэгдсэн юм.
Тэгэхээр энэ дагуу явах уу, эсвэл УИХ-ын даргаас ч өөрийн хүсэлтээр чөлөөлөгдчихөөд буй Д.Амарбаясгаланг намын дарга болгоод, цаашид эв нэгдэлтэйгээр ажиллах уу гэдгээ өнөөдөр шийднэ.
Намын зовлонг төрийн зовлон болгосоор байх уу
Намын даргын сонгуулиас хойш МАН доторх үеийн хагарал гүнзгийрч, ил тодоор Д.Амарбаясгалан ба Г.Занданшатарын талууд үүссэн. Д.Амарбаясгалангийн хувьд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 80-аад оны төлөөллийн хамт Г.Занданшатарыг огцруулж, Засгийн газраа ч, намын даргаа ч авахаар ажилласан юм.
Гэвч Г.Занданшатарын талд байх Засгийн газрын эрх мэдэл, түүний цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэмжлэг хүчтэй тул Үндсэн хуулийн цэц хүртэл эсрэг шийдвэр гаргасан. Улмаар Г.Занданшатарыг огцруулахгүй авч үлдсэн.
Нэг намын доторх үл ойлголцол нь УИХ, Засгийн газрын институтийн үйл ажиллагаанд өнөөдрийг хүртэл хүчтэй нөлөөлчихөөд байгаа юм.
Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг харвал, УИХ цаашид байнгын хорооны санал дүгнэлтээр санал хурааж болохгүй мэт, цаашлаад УИХ-ын даргаас Д.Амарбаясгаланг чөлөөлсөн нь ч хууль бус мэт тодорхойгүй байдлууд үүссэн.
Тиймээс энэ хагарал талцалд ямар дундын ойлголцолд хүрэх вэ. Хэрхэн нэгдэж аваад намын биш төрийн ажилдаа анхаарах вэ гэдэг хүлээлт яахын аргагүй бий.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.