Opinion Piece: Хүн бүр тэгш эрхтэй. Гэхдээ инженерүүд илүү "эрхтэй"

unnu.news
Б.Тамир
1 жилийн өмнө

Энэхүү нийтлэл нь программ хангамжийн инженер болон бусад ажилчдад тохиолддог нөхцөл байдал дээр тулгуурлан монголын захирлуудын нийтлэг гаргадаг менежментийн алдааг харуулах зорилготой юм. Тиймээс инженерүүдийг буруутгаагүй бөгөөд гол асуудлыг инженерүүд үүсгэдэггүй гэдгийг та анзаарах болов уу.


Орчин цагийн технологийн үе хэзээ эхэлсэн бэ? Энэхүү асуултын хариулт “Орчин цагийн технологи” гэдгийг хэзээнээс тодорхойлох вэ гэдгээс шууд хамаарна. Эндээс харвал хувийн компьютер хүн төрөлхтний хэрэглээнд нэвтэрсэн 1970-1980 оны хооронд эхэлсэн гэж үзэх нь зөв юм болов уу. Эсвэл интернэтийн хэрэглээ ихсэж эхэлсэн 1990-2000 оныг тооцох уу? Аль нь ч байсан хамаагүй хүн төрөлхтөнд юуг ч хүргэж болох хүртээмжийн (Accessibility) асуудал том зургаараа шийдэгдэж байв.

Анхны iPhone-ийг 2007 онд танилцуулсан. Улмаар дэлхий нийтээр ухаалаг гар утасны хэрэглээг нэвтэрч, асаж байсан технологийн салбарыг улам "ноцоов". Энэ хэрээр технологи software (компьютер, гар утасны программ, апплекэйшн, үйлдлийн систем гэх мэт) чиглэлд маш хурдацтай хөгжиж эхэллээ. Мэдээж хүртээмж нэмэгдэхийн хэрээр зах зээл тэлнэ. Урьд нь сонсож байгаагүй мөнгөний тоо харсан хүмүүс тус чиглэл руу олон төрлийн бизнес хийж эхлэхийг хүсэв. Ингэж явсаар өнөөдөр дэлхийн хамгийн баян 10 хүний долоо нь технологийн салбарын хүн болжээ.

Гарын үсэг зурахад үзэг хэрэгтэй болдог шиг, дээрх чиглэлийн технологийг бий болгохын тулд программ хангамжийн инженерүүдийн эрэлт нэмэгдэв.

Монголд ч гэсэн яг таг хэлж мэдэхгүй ч энэ эрэлт 2012 оноос хойш хурдацтай нэмэгдсэн гэж боддог. Ингэж явсаар бид финтекийн үе, 2021 оны койн, NFT-ийн тэсрэлтүүдтэй нүүр туллаа. Үүнийгээ дагаад программ хангамжийн инженерүүдийн эрэлт улам ихсэв. Бараг л компаниудын аль нь илүү инженерүүдийг жаргалтай ажиллуулж чадахаараа өрсөлдөж байна. Тиймээс энэ их инженерийн дуулиан шуугиантай үед бизнесийн орчин нь сайтар хөгжөөгүй, боловсролын чанар доогуур манайх шиг улсын захирал, менежерүүд менежментийн жижиг хэдий ч ноцтой алдааг ихээр гаргаж байгаа нь ажиглагдав. Түүний нэг жишээ нь ажилчдын тэгш бус байдал юм.

Дээрх зургаас та технологи суурьтай компанийг амжилтад хүргэх хүчин зүйлсийг ерөнхий байдлаар харж болно. Энэ нь жижигхэн төслүүд дээр ч ижил. Хэдий технологийн алба нь маш том үр нөлөөтэй ч гэсэн бусад хэсгүүдийн үүрэг оролцоо чухал. Ингэж байж хүсээд байгаа зорилгоо биелүүлнэ. Ер нь хорвоо ертөнц дээр амжилт гэдэг зүйл хэзээ ч ганцхан хүчин зүйлийн нөлөөгөөр ирдэггүй. Энийг бид бүгд мэднэ.

Тэгвэл компани дээр тэгш бус байдал ямар хэлбэрээр илэрч байгаа гэдгийг хэдэн жишээгээр тайлбарлая.

  • Инженерүүдээс бусад нь цагаа бүртгүүлнэ
  • Инженерүүд зөвхөн алсын зайнаас ажиллаж болно
  • Инженерүүд мэргэжлийн чиглэлийнхээ сургалтад сууж болно гэх мэт.

Тодруулбал, дээрх жишээнүүд нь монголд ихэвчлэн захирлуудын гаргаж буй шийдвэр, өдөр тутмын яриа хэллэгээс нь ажилчдад анзаарагдаж сөрөг мэдрэмжүүдийг төрүүлдэг.

Үүний хор уршиг нь бусад алба нэгжүүд болон инженерүүд хоорондын харилцаа муудах, чадварлаг ажилтнуудаа алдах, ажлын бүтээмж буурах, компанийн соёлд сөргөөр нөлөөлөх, чухал мэдээлэл менежментийн түвшинд хүрэхээ болих зэргээр илэрдэг. Цаашлаад компанийн цаашдын үйл ажиллагаа, тогтвортой байдалд томоор нөлөөлөхүйц хор уршгийн эхлэл болдог.

ЖИЖИГ СУДАЛГАА

Нийтлэлийн хүрээнд өөрийн хүрээллийн 10 программ хангамжийн инженерээс “Ажлын байр дээрээ бусад ажилчдаас илүү давуу тал эдэлж байгаа мэт мэдрэмжийг авч байсан уу?” гэж асуухад тэдний зургаа нь “Тийм” гэж хариулав.

“TomYo EdTech” компанийн Технологи хариуцсан захирал Г.Эрхэмбаяр энэ асуудлыг дараах байдлаар тодотгов.


ШИЙДЭЛ

  • Инженерүүдэд илүү эрх олгож болно. Гэхдээ түүний шалтгааныг бусад ажилчдадаа тогтмол тайлбарлаж байх.
  • Үр нөлөө багатай инженерүүдэд олгогддог давуу эрхийг бусад ажилчдад ч бас уян хатан байдлаар нээлттэй болгох. Жишээ нь алсын зайнаас ажиллах, цагийн бүртгэл гэх мэт.
  • Бага тоогоор ч байсан хамаагүй бусад ажилчдад давхар тухайн эрхийг нээлттэй болгох. Жишээ нь бүх инженерүүд компанийн зардлаар сургалтад суух нээлттэй байдаг бол бусад ажилчдын 1-3 нь ч байсан хамаагүй ямартай ч тухайн эрх нээлттэй байх ёстой.
  • Захирал, менежер болон хүний нөөцийн албаныхан тогтмол (Улиралдаа 1 ч юм уу) ажилчидтайгаа ярилцаж байх.
  • Инженер танд ажиглагдвал тус менежментийн алдааны талаар дугарах, бусад ажилчидтайгаа ярилцаж шийдэлд хүрэх.

Эцэст нь энэ бүхнээс дүгнэхэд маш олон компаниуд шилдэг ажилчдаа технологийн хүний нөөцийн дутагдлын нөлөөнд хэт автаж алдаж байгаа. Хамгийн гол нь энэ зүйл ил харагддаггүй. Ихэвчлэн ажилчдын дотроо нуудаг зүйл. Тиймээс захирал болон менежерүүд үүнийг сайтар ойлгож өөрөөс гарах шийдвэр, үг бүртээ анхаарч байх нь чухал юм.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.