“Бид хүүгээ долоон сар хүртэл нь Даунтай гэдгийг нь мэдээгүй”

1 жилийн өмнө

Өнөөдөр Дэлхийн Дауны өдөр. Одоогоос 13 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас энэхүү өдрийг Дауны хам шинжийн талаар зөв ойлголт түгээх, Дауны хам шинжтэй хүмүүсийг нийгмийн бүх шатанд тэгш оролцуулан тэдний аз жаргалтай, утга дүүрэн, зорилго тэмүүлэлтэй амьдрахад хүн бүрийн оролцоо чухал болохыг таниулахад зориулсан.

Бид энэхүү өдрийг тохиолдуулан Б.Амарболд болон түүний гэр бүлийн түүхийг хуваалцаж байна.


Миний хүү 2004 оны 5 сарын 14-ний өдөр I эмнэлэгт төрсөн. Манай хоёр дахь хүүхэд, нэг эгчтэй. Тухайн үед эмч нь удамшил зүйн эмчид үзүүлээрэй гэхээс өөр юм хэлээгүй. Харин долоон сартайд нь Даунтай гэж мэдсэн. 

Өвөл 12-р сард хүү маань хүнд ханиад хүрж, бие нь нэлээн муудсан. Өрхийн эмнэлэгийн эмч үзээд “Жиндээ хүрэхгүй байна, та хоёр яагаад ингээд байна аа” гээд зөвлөгөө өгөөд гаргасан. Тэр өдөр нь баасан гараг байсан юм. Болохгүй бол даваа гарагт ахиж ирж үзүүлээрэй гээд явуулсан. Тэр шөнөдөө хүүгийн бие улам муудаад эх нялхсын сэхээн амьдруулах тасагт хэвтсэн. Эх нялхсын эмч нар хараад шууд л “Өө танай хүүхэд даунтай юм байна шүү дээ” гээд хэлсэн. Тухайн үед би Дауны хам шинжийн талаар юу ч мэдэхгүй, тийм хүн ч харж байгаагүй. 

Хүүгээ Дауны хам шинжтэй гэдгийг мэдсэний дараа хамгийн хэцүү нь тухайн үед мэдээлэл маш хомс байсан. Энэ талаар огт мэдлэг, мэдээлэлгүй байснаас болоод өөрөөсөө буруу хайж, сэтгэл шаналсаар гурван жил болсон. Хүн амьтан, найз нөхөдтэйгөө ч уулзахаа больж, нэг л болохгүй хүүхэд гаргачихсан, гэм хийчихсэн аятай байсан. 

Хүүгээ даунтай гэдгийг мэдээд манай нөхөр орой ажлаа тараад найзтайгаа интернэт кафе орж орос, англи хэл дээр Дауны синдромын тухай уншдаг байсан юм билээ. Тэгээд ирээд надад ярьж өгнө. Хэдий мэргэжлээрээ ажиллаагүй манай нөхөр Эрхүүд анагаахаар сурч байсан хүн. Тухайн үедээ хичээл дээр нь энэ сэдвийн талаар хальт ороод өнгөрсөн ч өөрт нь тохиолдоогүй учир уншаад л өнгөрсөн байгаа юм. 

Нөхөр маань 2007 онд Шанхай руу яваад “Манай хүүтэй адилхан хүмүүсийн зургийг гадуур хадчихсан байна” гэхээр нь сураглаад үзтэл тусгай олимпын зурагт хуудас болж таарсан. Тусгай олимп 14 хоног үргэлжилнэ гэдгийг мэдээд нөхөр бид хоёр Шанхай явж үзсэн. Монголоос бараг бид хоёр л үзэхээр очсон байх.


Б.АМАРБОЛД ТУСГАЙ ОЛИМПООС ТАВАН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

Тэнд тив тивийн хүүхдүүд л цугласан байлаа. Яг л манай хүү шиг хэлээ гаргачихсан, хамар нь навтгар, тэгсэн мөртөө хоорондоо мундаг өрсөлдөөд, багийнхнаа дэмжээд, хөөрхөн гүйгээд л. Тэгээд бид хоёр хүүхдээ спортоор хичээллүүлбэл юм сурж, нийгэмших юм байна гэдгийг ойлгоод, эргэж ирэхдээ том мөрөөдөл, зорилготой болоод баяртай, урам зоригтой буцаж ирсэн. 

Гэхдээ Монголд энэ төрлийн хөтөлбөр, дугуйлан хөгжөөгүй учраас багийн спорт сонгоогүй. Жишээ нь, сагс л гэхэд л өөрөөс нь гадна таван хүн хэрэгтэй. Тиймээс ганцаарчилсан спортын төрөл сонгохоор шийдсэн. Өөрсдөө тоглодоггүй ч арай ойр санагдаад ширээний теннисийг сонгосон. 

Ингээд 2012 онд зуслан дээрээ теннис тоглох ширээ байрлуулж, бид өөрсдөө чадахаараа тоглоод л, манайхаар зочилсон хүмүүс ч их тоглодог байлаа. Хүү маань бидний тоглохыг яг гурван жил харж суусан. Үүний дараа 2015 онд Лос-Анжелес хотод болсон зуны тусгай олимпыг гэр бүлээрээ үзэхэд хүү маань “Ээж ээ, би орчихъё л доо, би гүйчихье л дээ, би түрүүлнэ шүү дээ” гээд л байсан. Анх удаа тэр тэмцээнд монголчууд оролцохыг харсан. Тэгээд л шийдвэрээ гаргаад 25-р сургуулийн биеийн тамирын Гансүх багштай холбогдсон. 

Анх хүү маань 2016 онд Зүүн өмнөд Азийн улс хооронд зохион байгуулдаг 40 дэх удаагийн Хонконгийн тусгай олимпд оролцоод шууд л хүрэл медаль хүртсэн. Харин одоо олон медальтай болсон.

  • 2019 оны Абу Дабигийн тусгай олимпоос хоёр медаль
  • 2023 оны Берлиний зуны тусгай олимпоос гурван медаль

Өөрөө теннист их дуртай. Абу Дабигийн тусгай олимпод орсныхаа дараа “Би ерөөсөө олимпын аварга болж чадаагүй юм байна лээ шүү дээ, алтан медаль аваагүй байна. Одоо бэлтгэлдээ явна аа” гээд л ирснийхаа маргааш өдрөөс эхлээд бэлтгэлээ хийсэн. 

Одоо долоо хоногийн таван өдөр ширээний теннисийн бэлтгэл, тогоочийн сургуульд явдаг. Энэ сараас өөртэйгөө адил Дауны синдромтой хүүхдүүдэд теннис тоглохыг зааж өгч байгаа. Хагас бүтэн сайнд бүжгийн “Moon Dance” дугуйланд явдаг. Долоо хоногийн долоон өдөрт нь ажилтай, их идэвхтэй байдаг.

Энд байгаа дөрвөн хүүхдийн хоёр нь манай хүүтэй хамт 130-р сургуульд нэг ангид суралцаж байсан. Тэдний ээжүүд “Хүүхдээ яг танай хүүхэд шиг нийгмийн идэвхтэй болгомоор байна, та туслаач” гэж асуусан. Харин нөгөө хоёр хүүхэд нь манай хүүтэй тогоочийн ангид хамт суралцдаг. 

Нэг нь өөрөө “Чи надад теннис заагаад өгөөч, би сурмаар байна” гээд надтай ирж уулзсан. Анх өөрийгөө хүүгээсээ өөр хүнтэй харилцаж үзээгүй, туршлага муутай гэж боддог байсан бол одоо ойрын хүрээллийн дөрвөн хүүхдэд зааж байна.

Хэрэв Амарболд маань илүү том үр дүнд хүрч чадвал тэр урам зоригоороо ирээдүйд тусгай олимпод орох хүүхдүүдийг бэлдэх бодол бий. 


Орчин үед юмс харьцангуй өөр болсон. Хүмүүс мэдээ мэдээлэлтэй болсноос гадна интернэтээр ч үзэж, харж, судлах боломжтой болчихсон

Түүнчлэн, Дауны холбоо, Тусгай Олимпын хороо, Аутизмын холбоо гээд тусалж, дэмжих олон төрийн бус байгууллага бий болсон байна. Гэсэн ч бусад оронтой харьцуулахад манай улсад энэ талаарх ойлголт, хөгжил арай дутуу. 

Хэдийгээр тэдний IQ нь биднийхээс арай бага ч хичээвэл чадахгүй зүйл ховор, олон онцгой талтай. Таалагдахгүй зүйлээ шууд л нүүрэн дээр нь хэлчихдэг. Хүнийг чин сэтгэлээсээ хайрлана. Хааяа хажууд хамаатны хүүхдээ загинавал, сүрхий өмөөрнө. Энэ мэтчилэн биднийг ч хүмүүжүүлэх тохиолдол цөөнгүй. Бид бүгдээрээ л дэлхий ертөнцөд амьдрахаар ирсэн, адил эрх эдлэх ёстой хүмүүс шүү дээ

Б.Амарболд
“Тусгай олимпоос мөнгө, дахиад хүрэл авсан. Хүмүүс намайг олимпийн аварга аа гээд байдаг. Хамгийн дуртай хүн бол реппер Rokibay, Big Gee. Би хип хоп дуу сонсдог. “Зоорь” гэдэг дуунд нь хамгийн дуртай. Эрч хүчтэй болдог. Би бас дуулдаг. 

Хүүхдүүд зааж өгье гэх үед, дугуйланд явдаг. Мундаг”
Б.Амарболд

"МЭДЭЭЛЭЛГҮЙ, ЮУНД Ч ХАМРАГДАЖ ЧАДАХГҮЙ, ОРХИГДЧИХСОН ХҮМҮҮС Ч ИХ БАЙДАГ"

Дауны хам шинжтэй хүнийг суралцаж, ажил хийж чадахгүй, нийгэмд өөрийгөө авч явж чадахгүй гэсэн нийтлэг ташаа ойлголт байдаг. 

Гэхдээ энэ нь худлаа. Манайд Даунтай найман суралцагч бий. Тэд өглөө 8:30-аас хичээлдээ ирж, үд хүртэл хичээллэдэг. Хичээл тараад зарим нь теннисний бэлтгэлдээ явж, зарим нь Дауны холбооны кофе шоп-д ажилладаг. Хүртээмжтэй хүрч ажлаад, зориулсан арга техникээр нь заагаад өгчихвөл цаашлаад ажил эрхлэх ч бүрэн боломжтой.

Түүнчлэн мэдээлэлгүй, юунд ч хамрагдаж чадахгүй, орхигдчихсон хүмүүс ч их байдаг.

"Даунтай хүмүүс хайр ялгаруулсан, маш зөөлөн зан ааштай. Өглөө орж ирээд мэндэлж, үргэлж бие биеэ тэврээд инээж байгаагаас нь харагддаг. Мөн зөв харьцаад, эергээр хүлээж авах нь тэдэнд их урам, зориг өгдөг" гэж “Энэрэл” МСҮТ-ийн Хоол үйлдвэрлэлийн мэргэжлийн багш Ё.Оюунбилиг гэж онцоллоо.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.