Рэвью: G Dragon-ийг гадил жимсээр буудах нь 

unnu.news
11 цагийн өмнө


“Өнөөдөр” сонины үүсгэн байгуулагч, нэрт сэтгүүлч, зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Балдоржийн жүжгүүд үргэлж шилжилтийн дараах нийгэм, улс төр ба бизнесийн бүлэглэл, монгол хүний мөн чанарын асуудал руу өнгийж байдаг. Өөрөө улс төрд ч, бизнест ч нөлөөтэй, мэдээлэлд ойр явсны хувьд түүний эмзэглэл энд голчлон чиглэж иржээ. 

20 жилийн өмнө “Х Түц” продакшны захиалгаар Ц.Балдорж “Хориотой жүжиг” гэж жүжиг бичсэн. Энэ талаар “Чансаа” сонинд ярилцлага өгөхдөө, “Улаанбаатар” зочид буудалд тэдний санааг нэг цагийн турш сонсоод хоёр долоо хоногийн дотор бичиж дууссан хэмээн ярьжээ. “Өнөөдөр” сонины өглөөний шуурхай хуралд тэдний дотночлон дууддагаар Бал эрхлэгч ихээхэн баяртайгаар “Хориотой жүжиг” сайхан тоглогдож байгаа талаар хэдэн өгүүлбэр хэлж байсан дурсамжийг сэтгүүлч Б.Энхцэцэг өгүүлэв. 

Харин одоо “Хориотой жүжиг” 20 жилийн дараа дахин тавигдаж байна. 

1.

Харин Ардын жүжигчин Г.Мягмарнарангийн хэлсэн зүйл хамгийн их анхаарал татсан юм. Тэрбээр “Энэ сэдэв 20 жилийн өмнө маш хаалттай орчинд, хүлэмжинд ургаж байсан. Манай нийгэм арай чиг  ийм болоогүй хэмээн ярилцаж байлаа. Гэтэл өнөөдөр хогийн ургамал шиг болчихсон байна” гэлээ. 

“Хориотой жүжиг” бол нөлөө бүхий айлын 25 орчим настай дөрвөн залуу мансууруулах бодис хэрэглэн зугаацаж байгаад нэгийнхээ аминд хүрчихэж буй тухай л өгүүлэмжтэй. Нэгийнх нь аав сайд, тийм учраас хүүгээ хэргээс мултлахын тулд өөрийн албан тушаалыг ашиглах болно. Энэ өнөөдөр үнэхээр төдийлөн сонирхолтой сэдэв биш шиг сонсогдох гээд байна. Магадгүй “хогийн ургамал” шиг энд тэндгүй хөглөрч байдаг, болж л байдаг, мэдээжийн, огтхон гайхаад байхааргүй зүйл болчихсон нь тэгэхээр үнэн байна. 

Аливаа шударга бус зүйлд мэдээжийн хэмээн дасах хамгийн аюултай. 

20 жилийн өмнө “Х Түц” продакшн анхлан тоглоход нийгэм хүлээж аваагүй сэдэвт өнөөдөр харин бүгд дасчихсан юм биш үү? 

Энэ бол сэдэв, мессежийн хувьд “Хориотой жүжиг” постдрамын эхний давуу тал болж буй. 

2.

Түүнчлэн, жүжигчдийн бүрэлдэхүүн эхний хүлээлтэд эргэлзээ төрүүлж байв.  

Энэ постдрамыг хийе гэдэг санаачилгыг “Хэрмэл крю”-гийнхэн гаргасан агаад “Орфей” театрт хамтрах санал тавьжээ. “Орфей” бол “Гэм зэм”, “1984”, “Амьдрахуй” гээд олон бүтээлээр өөрсдийн үзэгчдийг хэдийнэ бий болгочихсон. Тэднээс илүүг, бас дахин илүүг л хүсэх орон зай үүссэн. Харин “Хэрмэл крю” гэдэгт жүжигчин Жижгээ (Г.Лхагвацэрэн), Цогтоо (У.Цогтбаяр), Н.Баясаа, Тагтаа (Р.Сүхболд), Зоригоо (C.Батзориг) нар байгаа. 

-Юу байна даа, бээб? гэх маягийн, инээдмийн жүжиглэлтээр л олон нийтэд танигдсан хүмүүс шүү дээ. 

Нэгэнт энэ бол зах зээл учраас контентын эрин үед жүжигчдээс уран бүтээлч эрмэлзлийг ялгаж харж танина гэдэг амаргүй болж хувирсан. “Нэг иймэрхүү юм хийе” гэхдээ хэдийнэ дасаж сурсан арга барилаар туушиндаад л IPTV-д байршуулчихдаг жүжигчид олон байна. Гэтэл тэд драмын урлагт өөрсдийгөө ахин сорьё гэж хүсжээ. Тэгж хүсэж чадсан байна. 

Жижгээ буюу Г.Лхагвацэрэн ярилцлага өгөхдөө “Дүрээ солих талаар яриа ч өрнөлөө. Би жүжигчин, олонд танигдсан гээд гүйж явтал биш байжээ. Маш их загнуулж байна” хэмээн үнэнээсээ стресст орчихсон өгүүлж байх юм. 

Харин жүжигчин С.Батзоригийг хамгийн түрүүнд онцолмоор байна. Түүнийг үүний өмнө “Орфей” театрын бүтээл, Со.Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” драмын тайзнаас харж байсан юм. Тэгэхэд чин сэтгэл, эрмэлзэл нэвт мэдрэгдэж байлаа. Гэхдээ тэр тайзыг эзэгнээгүй. Гэтэл “Хориотой жүжиг”-т байцаагчийн дүрийг бүтээхдээ жүжигчний хувьд өөрийгөө шахаж, тайзан дээр бас шатаж чадаж байна. Хэргийг шударгаар шийдэхийг хичээж байв ч тогтолцооны дарамтад өртөж, нөгөө талаас цаг завтай, амар амгалан ажил хийгээсэй гэж хүсдэг эхнэр, охин хоёрынхоо эмзэглэлд хатаагдаж буй байцаагч тэр мөн болжээ. Текстийг өмнөхөөс илүү өөртөө итгэлтэйгээр өгүүлж, “Би энэ тайзан дээр зогсож байна” гэдгээ зоригтойгоор тунхаглаж чадах хэмжээний хүчирхэг цэг дээр Зоригоо хүрчээ. 

Харин У.Цогтбаярыг өөрийгөө ингэж эвдэнэ, бас олно гэж хэзээ ч санаж байсангүй. Түүнд хэвийн бус сэтгэцтэй юм шиг тогтворгүй байдлаар унаж туссан, гэмтэж шархалсан, айж жийрхэж явбал зохимоор Joker шиг дүр тохирох мэт сэтгэгдэл харин төрдөг байлаа. Гэтэл энэ постдрамд У.Цогтбаярын арга ажиллагаа таалагдсан. Түүнээс инээдмийн өнгө аяс харагдаагүй. Тэр талын өнгө аясыг өөрөөсөө маш боломжийн хэмжээнд гээж, харин сентименталь, эмзэг, сэтгэл зүйн онцлогийг нь илүү гүнзгий ухаж сонирхмоор дүрийг дотроосоо амжилттай төрүүлэн гаргажээ. Сэтгэлд яагаадч юм хоногшиж үлдэх нь чухал хэмжигдэхүүн гэвэл У.Цогтбаяр түүнд хүрсэн байна. 

Жижгээ буюу Г.Лхагвацэрэн бол гол дүр юм. Тэр их өвөрмөц хоолойтой жүжигчин юм байна. Харин олж авсан ритмээ тогтвортой барих гэдэг тал дээр илүү ажиллах шаардлагатай нь анзаарагдлаа. Бүх зүйл байх ёстой хэлбэлзэл дээрээ яг хүрч очдогийн өмнө жаахан түлхээд өгөх газар буцаад суларчих жишээтэй. Баки гэдэг дүр бол тийм ч тэнэг ертөнц биш байгаа. Тэр ертөнцөд хачирхмаар бодол, тэрслүү үзэл, өөрийн гэсэн ололт нээлтүүд нуугдаж байна. Тодорхой хэмжээнд Баки бол философичийн өнгө аястай бөгөөд тэр талаарх нарийн, гүнзгий хийгээд сэтгэлгээний түвшний ажиллагаа Г.Лхагвацэрэнгээс нэгдүгээр хэсэгт л мэдэгдэж байна. Хэрэв сэтгэлгээг задлах тал дээр найруулагчтай ахин дахин ажиллавал жүжиг буухаас өмнө өөрийн дүрийг нэгэн тодорхой фигур, үзэгдэл болгон хазайлтгүй бүтээж чадах бүрэн бололцоотой санагдсан. 

Үүний дээр “Маск” продакшнаар гарч ирсэн Г.Чулуунцэцэг голгүй нэгэн биш гэдгээ “Хориотой жүжиг”-т үзүүлж байгааг тэмдэглэе. Түүнд амьд жүжиглэлт, тайзан дээрээс үзэгчдийн сэтгэлд хүрэх тодорхой хүч чадлын хэмжээ байдаг ажээ.

3. 

Одоо харин найруулгын тухай. 

G Dragon-ий “Drama” явж байна. Яг л клип дээрх шиг нь ягаан үстэй Төгөлдөр. Энэ дуу өөрөө өөрийгөө захирах тавилангүй, бусдын удирдлагат хүүхэлдэйн талаар өгүүлэх юм. Араас нь түлхүүрдэж өгөхөд хөдөлдөг, түүнийгээ мэддэг хүүхэлдэй. Харин аавынхаа эрх мэдэлд дулдуйдаж, өөрсдөдөө хэтийдэн итгэсэн “жаал”-уудын “Хууль гэж байхгүй шүү дээ” хэмээн галзуурч солиорон таахалзах өгүүлэмжтэй энэ нь эсрэгцэх бөгөөд тэдний бие хүн болох болоогүй, тийм байх чадалгүй гашуун үнэнийг хэлчихэж байх юм. Ерөөсөө G Dragon, ягаан үс хоёроор л шүү дээ.

Дараа нь И.С.Бахын BWM 1068: II.Air буюу Orchestral Suite No.3, D Major-ийг тоглуулах үеэр тэд хар тамхи хэрэглэн мансуурах авай. Сонгодог хөгжмийн диваажингийн гэлтэй өнгө аяс дундуур үе үе тархины саатал, галзуурлын чимээ нүргэлээд алга болно. Утаа суунаглалаа. Үүнийг хэрэглэсэн хүмүүс шуудхан хэвтээд өгчихөлгүй, байгаа газартаа хачин жигтэй хэлбэрт орон гажуудаж далийгаад таг зогсчихдгийг найруулагч аанай л судалж мэдсэн гэлтэй. Баки буу гаргаж ирлээ. Дараагийн мөчид буу тун санаандгүй гадил болж хувирсан байна. Гадилаар буудаж, Төгөлдөр буудууллаа. Тэр үхэж байна. Гэтэл цаг хугацаа зогсож, буй бүхэн өөр хэмжээст оччихсон энэ нөхцөлд аллага аллага биш юм шигээр бүүр түүрийн солиорол дунд өөрийн гоо үзэсгэлэнг олох ажээ. Мансуурал, аллага, галзуурал гурвыг ийм ансамбльтай, өөрийн гэсэн гоо сайхантайгаар үзүүлэх нь найруулагч М.Батболд мөн. 

Сайд хүүгээ аврахын тулд амьд үлдсэн Төгөлдөрийг нэг мөр дуусгах, хэргийн цор ганц гэрч Мишээлийг үгүй болгох үүрэг даалгавар өгч байх зуур эхнэр нь аанай л сандал дээр нахилан бүжиглэж суух нь текстээр биш үйлдлээр үнэнийг үзүүлэх постдрамын ид шид байна. 

Найруулагч нэг хачин ягаан хүүхэлдэйгээр Мишээлийн бие давхрыг, хар тамхийг, хүчиндэгчийг бүгдийг илэрхийлж үзүүллээ. Ширээ балмадаар ойж буух нь тэнд хүчиндэлт болж байгааг аймшигтайгаар харуулав. Баки аавтайгаа философийн диалоги өрнүүлэх төгсгөлийн хэсэгт “Martika”-гийн “Toy Soldiers” дуу явж байна. “Тоглоомон цэргүүд”. Сайд бээр “Хэн их золиос гаргана, тэр ялна. Амьдрал бол тэмцэл. Хүчтэй нь энэ тэмцэлд ялна, энэ бол байгалийн хууль” гэж мэдэмхийрэх ч “Тоглоомон цэргүүд” гэдэг дуу тийм бишийг, өөрийг нь хорвоогийн зүй тогтолд ялагдаж байгаа тоглоом төдий болохыг хэлж байв. 

Харин төгсгөлд, “Найруулагч Мягмарнарангийн Батболд!” хэмээн зарлах үест Guns N’ Roses хамтлагийн “Welcome to the Jungle” хангинаад л явчихлаа. “За, ийм байна. Ширэнгийн нийгэмд тавтай морил” хэмээн өгүүлээд хөшиг хааж байгаа нь тэр. 

Ойрд цоо шинэ ажил дээр төвлөрөөгүй М.Батболдын зүгээр биш тархи ийм маягийн галзуу солиотой юм хийж тавирч авах өлсгөлөнд автжээ дээ, тэр сайн ажиллажээ.

4. 

Харин 20 жилийн өмнөх хувилбар буюу Ц.Балдоржийн өөрийнх нь төгсгөлийг энэ баг өөрчилсөн. Уусгаагүй, огцомдуулсан учир өөрчилсөн нь илт анзаарагдаж байна. “Про” театр ч Андрей Ивановын амиа хорлолтоор дуусдаг төгсгөлийг эцсийн мөчид нь өөрчилж орхиод жүжгийн ерөнхий атмосфер, даац нурууг унагаж харагдсан. Эх зохиолын төгсгөлийг өөрчлөх бол илүү бүтээлчээр уусгадаг байх шаардлага бийг энэ хоёр жүжиг бодогдуулав. 

Мөн богино хугацаанд бэлдсэн тал харагдсан. 

Тордайн Ганболдыг урьж тоглуулсан нь зорилгодоо хүрсэн үү, үгүй юу гэдэг дээр хэлэх үг алга. 

Энэ хавар дөрвөн ч жүжиг тоглогдож байна. Тэдгээрээс дээрх гурван хүчин зүйлээр “Хориотой жүжиг” постдрам илүү байлаа, 

Нэгт, зохиол зарим хүнд “Байдаг л зовлон зүдүүр, хөндөж л байдаг сэдэв, онц гойд юмгүй” гэж санагдмаар эрсдэл байхад түүнийг зоригтой сонгон авсан. Сонгож аваад чинээнд нь тултал галзуу солиотой болгож тавьсан. Ингээд 20 жилийн өмнөх ба дараах Монголын  нийгэм хийгээд тогтолцоон дахь шударга бусын талаар, хүний мөн чанарын талаар бодолхийлэх бололцоог бий болгосон. Өөрөөр хэлбэл Ц.Балдоржийн санааг 2026 онд дахин амьдруулж, хашгираан болгож чадсан. 

Хоёрт, хэзээ нэгэн цагт драмын тайзанд гарна гэж хэзээ ч бодоогүй таван залуу ийм төсөл санаачилж, гар гараа барьж байгаад зориглон дайрсан байна. Толгойг нь зүгээр ч нэг илээд, ааг зөнд нь явуулаад орхичихгүй хэмжээний найруулагчид өөрсдийгөө даатган өгөөд урлагийн төлөө, өөрсдийгөө дахин нээх, цоо шинээр батлан харуулахын төлөө хөдөлмөрлөсөн. Тэднийг одоо бүгд өөрөөр үнэлэх болно. 

Гуравт, найруулагч М.Батболд өнгөрсөн хугацаанд биднийг постдрам л үзмээр муу занд сургах хэмжээнд ажилласан ч тэр хэрээр өндөр дүүжлүүр шаардлагыг өөрөө өөртөө тавьсан. Шинэ бүтээл хийвэл түүндээ хүрэх үү, үгүй юу гэдэг дүнг тавихаар бүгд харж байгаа. Ингэж тэгсхийгээд болчих юм байна хэмээн амар хялбараар харсангүй, тэр эвдэх гэж, өөр байх гэж, постдрам хийх гэж, өөрөө уран бүтээлчийн хувьд тавирч авах гэж боджээ, хичээжээ. 

М.ТЭНГИС

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.