Энэ сарын 9-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр өргөн мэдүүллээ.
Энэхүү хуулийн төсөл нь УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг голчлон тусгасан юм.
УИХ-ын дарга Н.Учрал өнгөрсөн онд “D-Parliament” системд “AI дүн шинжилгээ” цэсийг нэвтрүүлсэн. Цаашлаад, спикер AI дүн шинжилгээгээр зөрчил илэрвэл өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй, буцаана гэж мэдэгдэж байсан удаатай.
AI дүн шинжилгээ нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас мэдүүлсэн хуулийн төсөл хүний эрх, эдийн засгийн эрх чөлөө, улс төрийн эрх чөлөөг зөрчиж байгаа эсэхийг заалт бүрээр нь задлан шинжилж, илрүүлнэ.
Зөрчил илэрвэл өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэхгүй, буцаана.
Тэгвэл Ерөнхийлөгчийн өргөн барьсан уг хуулийн төслийг AI хэрхэн дүгнэснийг хүргэж байна.
Субьектив заалт
9.1.6 Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн;
Тайлбар: "Ёс зүйн ноцтой зөрчил" гэдэг ойлголт нь хэт ерөнхий бөгөөд ямар үйлдлийг ноцтой гэж үзэх шалгуур тодорхойгүй байна.
Сайжруулах санал: "Ёс зүйн ноцтой зөрчил" гэдэгт хамаарах үйлдлүүдийн жагсаалт эсвэл шалгуурыг хуульд тодорхой зааж өгөх.
Эрсдэлийн жишээ: Намын удирдлага өөртэй нь улс төрийн хувьд санал нийлээгүй гишүүнийг ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэх субъектив үндэслэлээр эгүүлэн татах санал гаргаж болзошгүй.
Хугацаа тодорхой бус заалт
9.2.Энэ зүйлийн 9.1.5-д заасан хүсэлтийг Улсын Их Хурал гаргахдаа дараах асуудлаар гаргасан иргэний гомдлыг үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна:
Тайлбар: Иргэний гомдлыг Ёс зүйн дэд хороо хэдий хугацаанд хянан үзэж шийдвэрлэх хугацааг заагаагүй байна.
Сайжруулах санал: Ёс зүйн дэд хороо иргэний гомдлыг хүлээн авснаас хойш хянан үзэж, шийдвэр гаргах тодорхой хугацааг (жишээ нь, 14 эсвэл 30 хоног дотор) нэмж тусгах.
Эрсдэлийн жишээ: Иргэн УИХ-ын гишүүний ёс зүйн асуудлаар гомдол гаргасан боловч хуульд хугацаа заагаагүйгээс шалтгаалан гомдлыг олон сараар хэлэлцэхгүй орхигдуулах эрсдэлтэй.
Субъектив заалт
9.2.1 Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;
Тайлбар: "Тангаргаасаа няцсан" гэх ойлголт нь хэт өргөн хүрээтэй, субъектив шинжтэй бөгөөд үүнийг хэрхэн нотлох, тогтоох нь тодорхойгүй байна.
Сайжруулах санал: Тангаргаасаа няцсан гэж үзэх тодорхой нөхцөл, шалгуурыг хуульчлах эсвэл холбогдох хуулийн заалтыг иш татах.
Эрсдэлийн жишээ: Сонгогч гишүүнийг сонгуулийн амлалтаа биелүүлээгүй гэж үзэн тангаргаасаа няцсан хэмээн гомдол гаргах бөгөөд үүнийг хэрхэн шийдвэрлэх нь маргаан дагуулна.
Иргэний нийтлэг эрх зөрчилдөж болзошгүй заалт
9.1.6 Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн;
Зөрчилдөж болзошгүй: Улсын Их Хурлын гишүүн нь нийт ард түмний элч бөгөөд гагцхүү намын шийдвэрээр эгүүлэн татах нь Үндсэн хуулийн 16.9-д заасан сонгогдох эрх болон чөлөөт мандатын зарчимтай зөрчилдөж болзошгүй.
Зөвлөмж: Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг Үндсэн хуульд нийцүүлэн, зөвхөн намын үзэмжээр бус, хуулийн тодорхой, хатуу шалгуураар зохицуулах шаардлагатай.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.