Олимпыг тайлбарлах нь

1 сарын өмнө

Хүн төрөлхтний их баяр цэнгэл гэгддэг зуны олимпын наадам өндөр үүдээ нээгээд хэдхэн хонож буй. Дэлхийн хүн төрөлхтний анхаарлыг нэгэн цэгт төвлөрүүлж чаддаг олимпын наадмын үр нөлөө, ач холбогдол өндөр. 

Энэ дэлхийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй тамирчдаа хамтдаа дэмжиж, онцгой мөчүүдийн гэрч болох түүхэн цаг ойртлоо.


“Олимп” нь эртний Грекийн домогт бурхдын орон гэгдэх хамгийн өндөр уулын нэр юм. 

Олимпын наадам нь одоогоос 3,000 жилийн тэртээ эртний Грекийн Олимпиа хэмээх хотод эхэлсэн гэж үздэг. Тухайн үед олимпын наадам нь спортын тэмцээнээс гадна Зевс бурхныг хүндэтгэх шашны ёслол байсан бөгөөд Грекийн хот-улсуудын эв нэгдлийг бэлгэддэг байжээ.  

Түүгээр ч зогсохгүй олимп нь зөвхөн эрчүүдийн дунд дөрвөн жил тутам зохион байгуулдаг наадам байв. 

Харин 1894 онд Францын соён гэгээрүүлэгч, нийгмийн зүтгэлтэн Пеьр Де Кубертин олимпын наадмыг сэргээн зохион байгуулах санаачилгыг гаргасан. Улмаар Парис хотноо олон улсын тамирчдын их хурлыг зохион байгуулж, шинэ цагийн олимпын үндсэн зарчмуудыг нэгтгэн боловсруулж, Олон Улсын Олимпын Хороо /ОУОХ/-г байгуулжээ. 

Ийнхүү орчин үеийн анхны олимпыг наадмын өлгий нутаг болох Грекийн Афин хотод 1896 онд зохион байгуулсан.


Олимпын бэлгэ тэмдгийг орчин үеийн олимпын санаачлагч Пьер де Кубертин зохиосон байдаг. Олимпын цагаригууд нь наадамд оролцогч таван тивийг төлөөлдөг бол, хэлхсэн дүрслэл нь улс орнуудын эв нэгдэл, хамтын ажиллагааг бэлгэддэг. Түүнчлэн дэлхийн улс орнуудын далбаанд нийтлэг байдаг үндсэн таван өнгөөр цагаригийг бүтээжээ. 

Наадмын өөр нэгэн салшгүй хэсэг болох олимпын бамбар нь эртний Грекээс домгоос үүсэлтэй бөгөөд галыг нарнаас үүссэн ариун, бурханлаг зүйл хэмээн үздэг байв. 

Харин орчин үеийн олимпын наадмын хувьд 1936 оны Берлиний олимпын үеэр хамгийн анх бамбарын буухиаг эхлүүлж, уламжлал болгосон. Ингэхдээ наадмын нээлтээс хэдэн сарын өмнө Грекийн Олимп уулын хормойд, галт бамбарыг асаах ёслолыг хийдэг байна.

Бамбарын галыг асаахдаа нарны гэрлийг толинд ойлгох эртний аргыг ашигладаг. Ийнхүү ассан бамбар олон хоногийн турш хол замыг туулж, наадмын нээлтийн өдөр цэнгэлдэх хүрээлэнд аялал нь зогсдог. Галыг тусгайлан бэлтгэсэн тогоонд бадамлуулснаар олимпын наадам албан ёсоор эхэлдэг бөгөөд энэ хугацаанд галыг тасралтгүй асааж, хаалтын ёслол дээр унтраадаг байна.


ОЛИМП ЗОХИОН БАЙГУУЛАХ ХОТЫГ ДОЛООН ЖИЛИЙН ӨМНӨ СОНГОДОГ

Эртний Грек уламжлалын дагуу олимпын наадмыг дөрвөн жилд нэг удаа, тэгш тоотой оны зун цагт зохион байгуулдаг. Харин сар өдрүүдийн нарийвчлалыг зохион байгуулагч хотын саналын дагуу ОУОХ-оос тодорхойлдог. Үүнд орон нутгийн цаг агаарын нөхцөл байдал, хичээлийн амралт, бусад томоохон арга хэмжээтэй давхцахгүй байх зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үздэг. 

Түүнчлэн наадмыг зохион байгуулах үйл явц есөн жилийн өмнөөс эхэлдэг. Ингэхдээ нэр дэвшигч хотууд ОУОХ-д хүсэлт гаргахаас гадна 150 мянган ам.доллар /525 сая төгрөг/-ын хураамжийг төлдөг. 

Улмаар ОУОХ-оос хүсэлт гаргасан хотуудын мэдээллийг нарийн шалгаж, дэд бүтэц, санхүүгийн баталгаа, аюулгүй байдал, улс төрийн тогтвортой байдал, тээврийн систем, олон нийтийн дэмжлэг зэрэг олон шалгуураар үнэлж, дараагийн шатанд гурваас таван хотыг сонгоно. 

Сонгогдсон хотууд нарийвчилсан төлөвлөгөө, төсөл, амлалтуудаа боловсруулан танилцуулж, ОУОХ-ын чуулганаар гишүүдийн дунд нууц санал хураалт зохион байгуулж, хамгийн их санал авсан хотыг зохион байгуулагчаар тодруулдаг байна. Уг сонгон шалгаруулалтын үйл явц нь хоёр жилийн хугацаанд үргэлжилдэг.

Лондон нь олимпын наадмыг хамгийн олон удаа зохион байгуулсан хот юм. Ингэхдээ 1908, 1948, болон 2012 онд зохион байгуулсан байдаг. 


ЯАГААД ЗУНЫ ОЛИМПЫН НААДАМ ИЛҮҮ АЛДАРТАЙ БАЙДАГ ВЭ?

Зуны олимпын наадам нь өвлийн олимптой харьцуулахад илүү олон спортын төрлийг багтаадаг тул өргөн хүрээг хамардаг. 

Жишээ нь,“Парис-2024” зуны олимпын XXXIII наадмын тамирчид 32 төрлийн спортоор өрсөлдөж байгаа бол 2026 онд Италийн Милан, Кортина, Ампеццо хотод зохион байгуулах XV өвлийн олимпод тамирчид спортын 16 төрөлд өрсөлдөх юм. 


МОНГОЛ УЛС ОЛИМПЫГ “БОЙКОТ” ХИЙЖ БАЙСАН ГЭДГИЙГ МЭДЭХ ҮҮ?

Хэдий олимпын наадам нь хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэдэл гэгдэх боловч хэд хэдэн удаа цуцлагдаж, улс орнуудын эсэргүүцэл, “бойкот”-той тулгарч байв. Орчин үеийн олимпын 128 жилийн түүхэнд дэлхийн орнууд наадмыг зургаан удаа “бойкот” хийсэн юм. 

Эдгээрээс 1980 оны Москвагийн олимпод нийт 65 улс оролцохоос татгалзсанаар түүхэн дэх хамгийн маргаантай олимп болсон гэж үздэг. Тухайн үед улс орнууд ЗХУ-ын Афганистанд явуулж буй цэргийн ажиллагааг эсэргүүцэж, “бойкот” зарласан байдаг. 

Түүнчлэн уг эсэргүүцлийн хариу болгож ЗХУ болон түүний холбоотон орнууд 1984 оны Лос-Анжелесын олимпыг “бойкот” хийх шийдвэр гаргаснаар манай улсын тамирчин тус наадамд оролцоогүй юм.


ЖЕНДЕРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ХҮЧИН ЧАРМАЙЛТ ОЛИМПОД ХЭРХЭН ИЛЭРЧ БАЙСНЫГ ХАРЦГААЯ

ОУОХ-оос боловсруулсан олимпын дүрэмд зааснаар "эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх тэгш байдлын зарчмыг хэрэгжүүлэхийн тулд бүх түвшинд эмэгтэйчүүдийг спортод дэмжих үүрэгтэй" байдаг.

Түүнчлэн энэ удаагийн олимпын наадам нь тамирчдын хүйсийн харьцаа тэнцүү таарч буй анхны тохиолдол юм. Тэгвэл одоог хүртэл жендерийн тэгш байдлыг хангах хүчин чармайлт олимпод хэрхэн илэрч байсныг харцгаая. 

Эмэгтэйчүүд хамгийн анх 1900 оны Парисын наадамд өрсөлдсөн байдаг. Тус олимпод нийт 22 эмэгтэй тамирчин спортын таван төрөлд оролцсоноос гольфчин Маргарет Эбботт анхны эмэгтэй олимпын аварга болж, шагналд нь шаазан аяга авсан байдаг. 

Эхэн үедээ олимпын наадамд эмэгтэйчүүд байт харваа, уран гулгалт, теннис зэрэг цөөн хэдэн төрөлд л өрсөлдөх боломжтой байв. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр хөнгөн атлетик зэрэг спортын төрөлд эмэгтэйчүүд оролцох боломжтой болсноос гадна 1928 онд анх удаа нийт тамирчдын 10%-ийг эмэгтэй тамирчид бүрдүүлж эхлэв.

Түүнчлэн ОУОХ-оос 1992 онд олимпод шинээр спортын төрөл нэмэхийн тулд эмэгтэйчүүд өрсөлдөх боломжтой байх ёстой гэх шалгуурыг бий болгосон. 


МОНГОЛ УЛС ОЛИМПОД

Манай улсын хувьд 1964 оны Токиогийн олимпод спортын таван төрөлд нийт 21 тамирчны бүрэлдэлдэхүүнтэй оролцсон. Харин тус олимпын дараах “Мехико-1968” наадмаас нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр Монголын баг, тамирчид анх удаа олимпын медалийг эх орондоо авчирсан байдаг. 

Түүнчлэн Монгол Улс түүхэндээ зуны олимпод спортын 13 төрлөөр оролцож байснаас чөлөөт бөх, бокс, жүдо, буудлагын төрлөөр 30 медаль хүртсэн. 


"Парис-2024" зуны олимпын XXXIII наадам ололт, амжилт дүүрэн үргэлжилж байна. Наадмын эхний гурван өдрийн байдлаар манай улсын баг тамирчид байт харваа, буудлага, бокс, дугуй, жүдо, усан сэлэлтийн төрлүүдэд өрсөлдсөнөөс жүдо бөхийн -48 кг жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв. Ингэснээр "Парис-2024" олимпын наадамд Монгол Улс медалийн тоогоор 16-рт эрэмбэлэгдэж байна. 

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.