Монголчууд байгалийн байдлыг нар, сар, одод, амьтан, ургамлын байдлаар шинжих ухаанд нарийн суралцсан байдаг. Жишээлбэл, өглөө эрт нар солонгорч гарвал их салхи гарна, үдийн урд наран хүрээлбээс тэр зүгээс салхилна. Нохой цагариглан хэвтвэл тэнгэр муудах, үхэр, нохой хот, хэвтшиндээ тарайж хэвтвэл тэнгэр сайхан болно гэх мэтээр цаг агаарын урьдчилан таамагладаг.
Харин манай улсад сонгууль дөхөж буй нь тэтгэвэр нэмэгдэх, хүүхдийн мөнгө дахин олгогдох, зээл тэглэх зэрэг халамжийн шийдвэрүүд ээлж дараалан гарч буйгаар илрэх болжээ. Тэгвэл ирэх сонгуульд зориулан эрх баригчид ямар “халамж” олгох шийдвэр гарсныг он тооллын дарааллаар авч үзье.
СОНГУУЛЬ БОЛОХООС 13 САРЫН ӨМНӨ: ХҮҮХДИЙН МӨНГИЙГ ХҮҮХЭД БҮРД ОЛГОХООР БОЛОВ
Засгийн газраас 2022 оны 10-р сард Улаанбаатар хотын өрхийн дундаж орлого 1.9 сая төгрөг, орон нутгийн өрхийн орлого 1.5 сая гэж тооцоолжээ. Харин үүнээс хоёр дахин их буюу 3.5 сая төгрөг ба түүнээс дээш орлоготой өрхүүдэд хүүхдийн мөнгө олгохгүй байх шийдвэр гаргасан юм. Ингэснээр нийт хүүхдийн 91 хувь нь хүүхдийн мөнгөд хамрагдах болсон.
Харин 2023 оны 5-р сард Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал тогтворжсон гэж үзэн хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох шийдвэрийг гаргасан.
Улмаар өнгөрсөн оны 7-р сарын 1-ний өдрөөс хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохоос гадна 1-6-р саруудад хамрагдаагүй хүүхдэд мөнгийг нь нөхөн олгохоор болж, нийт 167.2 тэрбум төгрөг зарцуулахаар тусгажээ.
СОНГУУЛЬ БОЛОХООС 11 САРЫН ӨМНӨ: МАЛЧДЫН НИЙГМИЙН ДААТГАЛЫН 50 ХУВИЙГ ХӨНГӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАВ
Өнгөрсөн оны 7-р сарын 7-ны өдөр Нийгмийн даатгалын багц хуулийг 30 гаруй жилийн дараа шинэчлэн баталсан юм.
Хуулийн шинэчилсэн найруулгад туссаны дагуу малчдын нийгмийн даатгалын 50 хувийг төсвөөс хариуцахаар болсон. Энэ хүрээнд энэ оны улсын төсөвт 25.1 тэрбум төгрөгийн зарлагыг оруулсан юм.
СОНГУУЛЬ БОЛОХООС 11 САРЫН ӨМНӨ: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАЛИНГ НЭМЭВ
Өнгөрсөн онд Улсын Их Хурал 2023 оны улсын төсвийг 1.8 их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх төсвийн тодотголыг баталсан.
Энэ хүрээнд 217.7 мянган төрийн албан хаагчийн цалинг нэмэх шийдвэр гаргасан юм. Үүнд 986.6 тэрбум төгрөгийг зориулахаар улсын төсвийн тодотголын төсөлд тусгасан юм.
СОНГУУЛЬ БОЛОХООС ЕСӨН САРЫН ӨМНӨ: ОЮУТНУУДЫГ САРД 44 УДАА АВТОБУСАНД ҮНЭГҮЙ ЗОРЧУУЛАХ ШИЙДВЭР ГАРАВ
Өнгөрсөн оны 9-р сард Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIV хуралдаанаар их дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сурагч, оюутанд нийтийн тээврээр сар бүр 22 удаа зорчих эрх бүхий цахим картын эрхийг 44 болгож баталсан. Улмаар энэхүү журамд өөрчлөлт оруулсны нөхөн олговорт 6.3 тэрбум төгрөгийг олгохоор баталжээ.
СОНГУУЛЬ БОЛОХООС ДОЛООН САРЫН ӨМНӨ: “ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ” ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛОВ
Засгийн газраас өнгөрсөн оны 12-р сард “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлээд буй.
Энэхүү тогтоолын төсөлд дурдсанаар тус компанийн нийт хувьцааны 34 хувийг иргэдэд шилжүүлэхээр тусгаж, энэ онд ногдол ашгийг тараахаар оруулсан юм.
Өнөөдрийн байдлаар 2012 оны 1-р сарын 1-ээс өмнө төрсөн 2.5 сая иргэн тус компанийн хувьцааг эзэмшиж байна.
СОНГУУЛЬ БОЛОХООС ХОЁР САРЫН ӨМНӨ: АХМАДЫН ТЭТГЭВРИЙГ 100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМНЭ
Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тэтгэврийн даатгалын тогтолцоог хуваарилалтаас хагас хуримтлалын тогтолцоо руу шилжүүлэх алхмыг хийсэн юм.
Энэ хүрээнд тэтгэврийн зөрүү үүсгэхгүй байхын тулд жил бүр инфляцтай уялдуулан тэтгэврийг нэмэхээр тусгажээ. Өнөөдрийн байдлаар манай улсад 500 мянга орчим тэтгэврийн насны иргэн байна. Улмаар ирэх 4-р сард тэтгэврийг 100 мянган төгрөгөөр нэмэх шийдвэрийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа.
Ингээд 2024 он буюу сонгуулийн жилийн төсвийн зарлагын 60 хувь нь тэтгэвэр тэтгэмж, хүүхдийн мөнгө, эрүүл мэнд, боловсролын салбарын албан хаагчдын цалин хөлсөнд зарцуулагдахаар болж байна. 15 хувь нь бусад салбарын цалин хөлсний нэмэгдэл, 3 хувь нь төрөөс иргэн, ААН-д олгох хөнгөлөлт татаасанд явж байна.
ЭРХ БАРИГЧДЫН ХАЛАМЖЛАХ ЭРМЭЛЗЛИЙГ ХАЛАМЖЛУУЛАХ “ХҮСЭЛТЭЙ” СОНГОГЧИД БАДРААСАН УУ?
Эрх баригчид халамж руу чиглэсэн бодлогын шийдвэр гаргаж буй нь нэг талаар сонгогчид үүнийг “шаарддаг”, эсвэл “хүсдэгтэй” холбоотой юм.
Тодруулбал, “Цогц Хөгжлийн Үндэсний Төв” ТББ-аас 2022 онд Монголын “Сонгогчдын зан төлөвийн судалгаа”-г 2020 оны УИХ-ын сонгуульд санал өгсөн 1000 хүнийг хамруулан хийжээ.
- Халамж авдаг иргэд, халамж авдаггүй иргэдтэй харьцуулахад дэмждэг намаа өөрчлөхгүй байх хандлагатай байна.
Мөн халамж авдаг иргэдийн 20.6 хувь, халамж авдаггүй иргэдийн 35.9 хувь нь аль нэг намыг дэмжихгүй байна. Халамж нь намыг дэмжих, намаас хамааралтай байх шалтгаан болж байх өндөр магадлалтай байна.
- Сонгогчид сонгуулийн сурталчилгааг биечлэн авахыг чухалчилдаг
Тодруулбал, сонгогчид сонгуулийн сурталчилгааг нийтлэг байдлаар биечлсэн уулзалтад хамрагдаж авахыг хүсэж байгаа бөгөөд энэ нь нас ахих тусам нэмэгдэж байна. Мөн нэг талаар сонгогчид бүтээн байгуулалт хийж барилга барих, цалин, тэтгэмж нэмэх зэрэг нүдэнд ил үзэгдэх өөрчлөлт хийсэн УИХ-ын гишүүнийг дэмжих хандлагатай байна.
ДҮГНЭЛТ: СОНГУУЛИЙН ИРЦЭД БҮРДҮҮЛЭХ ХУВИАС ХАМААРЧ ТУХАЙН НАСНЫХАНД БОДЛОГЫН ШИЙДВЭР “ЭЭЛТЭЙ” БАЙХ НӨХЦӨЛ БҮРДЭЖ БАЙНА
Эрх баригчдын гаргасан эдгээр шийдвэрүүдийг ерөнхийлөн авч үзвэл төрийн албан хаагчид, тэтгэврийн насныхан, малчид руу чиглэжээ. Учир нь эдгээр нь сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог бүлгүүд юм.
Сонгуулийн ирцийн хувьд 65-69 насныхан хамгийн өндөр буюу 71.1 хувийг бүрдүүлж байгаа бол 20-24 насныхан хамгийн бага буюу ердөө 31 хувийг бүрдүүлж байна. Энэ нь эрх баригчид өндөр настнууд руу чиглэсэн бодлогод илүү нээлттэй хандахад нөлөөлж байж болзошгүй.
Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.