Харилцаа нь хагарч болно, ардчиллаа хагалж болохгүй!

Өнөөдрийн улс төрийг Ерөнхийлөгч ба парламентын дундаас үүсэн гарч буй нарратив тодорхойлж байна.

Энэ зөрчил эхэндээ Ерөнхийлөгч ба Засгийн газар хооронд ажиглагдаж байсан. Өнөөдрийн байр сууринаас харвал жил орчмын өмнө Ерөнхий сайдаас Л.Оюун-Эрдэнэ огцроход Ерөнхийлөгчийн байр суурь хүчтэй нөлөөлсөн гэдэг нэн тодорхой байгаа.

Тийм ч учраас өнгөрсөн хугацаанд МАН-ын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын даргын бүх албан тушаал Ерөнхийлөгчийн фракцаас томилогдоод байна.

Харин Л.Оюун-Эрдэнийн хувьд Н.Учралын Засгийн газарт өөрийн фракцын дөрвөн төлөөллийг оруулж чадсан ч энэ нь ингээд эвлэрчихсэн, тохирчихсон гэсэн үг бас биш ажээ.

Учир нь одоо УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалттай хуулийн төслийг парламентаар ид хэлэлцэж байна. Энэ хуулийг Ерөнхийлөгч санаачлан өргөн барьсан. Н.Учралын байгуулсан эвлэрлийн Засгийн газар тэднийг үнэхээр эвлэрүүлж чадсан бол өнөөдөр хэлэлцүүлгийн үеэр ийм нарратив үүсэхгүй байлаа.

Асуудлыг улс төрөөс нь салгаж, объектив хараад Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагыг сайжруулахад анхаарч, өөрөө хуулийн төсөл санаачлан өргөн барьсан гэе. Харин уг хуулийн төсөлд алдаа мадагтай агуулга байвал хамтдаа хэлэлцэж, мэтгэлцэж, засварлан сайжруулаад урагшлах бололцоотой. Хамгийн гол эрх мэдэл парламентад байх ёстой агаад, парламентын гишүүдийн байр суурь нэгдүгээрт.

Атал объектив биш субъектив харах шаардлагыг тэд өөрсдөө үүсгэж байна. Хандлага гэдэг бүх зүйлийн маш тодорхой илэрхийлэл болдог.

Хэдэн чухал санаануудыг жагсаан харъя.

1.    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр шууд Л.Оюун-Эрдэнэтэй онцлон маргалдсан.  Ерөнхийлөгч ба Л.Оюун-Эрдэнийн зөрчил үнэн хийгээд одоо ч асуудлын углуурга энд байгааг батлан харуулсан.

2.    УИХ-ын чуулганы хуралдаанд ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал парламентын гишүүдийг дандаа загнав. УИХ-ын гишүүн Б.Жаргаланг “Миний хичээлд нэг ч суугаагүй байж дүн гуйхад нь тавиад өгдөг бурууджээ” гэх мэтээр хэлсэн нь хандлагын хувьд маш их анхаарал татав.

3.    Ерөнхийлөгчийн талынхан хандлага нь том байг, хуулийн төслөө яг таг хамгаалж чадаж байна уу гэвэл дүгнэлт сайнгүй гарна. Парламентад О.Номинчимэг, Х.Баасанжаргал, Х.Тэмүүжин гээд мэргэжлийн хуульчид шүүмжлэлээ хэлж, асуултаа асууж байгаа. Зарим нь Нью-Йоркийн хуулиар мэргэшсэн, олон улсын хэмжээний арбитрын маргаан дээр ажиллаж ирсэн, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Асуулт мэргэжлийн, хариулт мэргэжлийн бус байна.

4.    Энэ хуулиар УИХ-ын гишүүн тангаргаас няцвал Үндсэн хуулийн цэц эгүүлэн татах эсэх дээр нь дүгнэлт гаргана. Гэтэл УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Хариуцлага тооцох субъект нь эргээд ард түмэнд байх ёстой. Тэгвэл ард түмнийг Үндсэн хуулийн цэц төлөөлөх үү? Эхний асуудал.

5.    Үндсэн хуулийн цэц бол аливаа хууль Үндсэн хуульд нийцэж байгаа эсэх дээр л дүгнэлт гаргадаг бүтэц. Харин гишүүний тангаргаас няцсан эсэх дээр дүгнэлт гаргаж болох уу, боломжтой юу? Тангаргаас няцна гэдгийг юу гэж авч үзэх вэ? Маш харьцангуй ойлголт гарч ирнэ. Хоёрдугаар асуудал.

6.    Мэдээж авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн бол энэ тангаргаас няцсаны тод жишээ. Энэ бол факт. Ийм төрлийн гишүүнийг эгүүлэн татдаг механизм одоо манай хуульд бий. Харин “Ард түмний төлөө зүтгэнэ гэж тангараг өргөчихөөд хэлсэндээ хүрсэнгүй” гэх мэтийн асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэх болж байна уу? Гуравдугаар асуудал.

7.    Үндсэн хуулийн цэцэд Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхий сайд байхдаа хэд хэдэн удаа нөлөөлж, шийдвэр гаргуулж байсан. ҮХНӨ-ийг тэгж л хийсэн. Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэхгүй байх замыг тэгж л зассан. Сүүлд Г.Занданшатарыг огцруулахгүй байх асуудлыг Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн нөлөөгөөр шийдсэн. Эрх мэдэлтэйд үйлчилдэг нь дефакто нотлогдоод байгаа Үндсэн хуулийн цэцэд итгэж болох уу? Дөрөвдүгээр асуудал.

8.    Жагсаалтаар сонгогдсон гишүүд ёс зүйн зөрчил гаргавал нам нь шууд эгүүлэн татах зохицуулалт орж ирж байгаа. Энэ бол намын даргад, намын томчуудад таалагдахгүй бол шууд татна гэсэн үг. Учир нь ёс зүй бол харьцангуй, харьцангуйгаас гадна хийсвэр ойлголт. Хуульчлах боломжгүй, ийм практик хаана ч байхгүй. Угтаа нам том уу, парламент том уу? Намын гишүүн том уу, УИХ-ын гишүүн том уу? Аль нь манай ардчилал вэ? Тавдугаар асуудал.

9.    Л.Оюун-Эрдэнийн фракцад ихэвчлэн жагсаалтын гишүүд байгаа. Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан Г.Занданшатарыг Ерөнхий сайдаас огцруулах ажиллагааг жагсаалтынхан л эхлүүлсэн. Жагсаалтын гишүүдэд тусгайлан ийм заалт оруулж ирээд байгаа нь Л.Оюун-Эрдэнийн талынхны амыг барих так тик биш үү? Зургадугаар асуудал.

10. Монголын парламент хэдэн зуу, мянган жилийн настай. Амьдрал баян. Өнөөдөр батлагдсан хуулийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ хоёр улс төрөөс явсны дараа ч даган мөрдөнө гэсэн үг. Монголд хэзээ нэгэн цаг жинхэнэ дарангуйлал тогтвол яах вэ. Тэр дарангуйлагч энэ хуулиар хүссэн УИХ-ын гишүүнээ цэцэд өгөөд л, жагсаалтынх бол намаас нь шийдвэр гарган татаад л зайлуулах боломж харагдаж байгаа биш үү? Хуулийг ирээдүйн эрсдэл, олон янзаар мушгигдан ашиглагдах боломжийг харгалзан тооцож хийдэг. Долоодугаар асуудал.

11. Муу ажиллаж байгаа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг механизм бий болгоё гэдэг санаачилга нь зөв. Харин дээрх бүгдээс харвал энэ ердөө шалтаг, харин шалтгаан нь ахиад л У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнийн зөрчил юм биш үү? У.Хүрэлсүх нөлөөгөө хадгалж, улам хүчирхэг байх гэж оролдож байгаа нь парламентын ардчиллыг хамгаалан дуугарч буй Л.Оюун-Эрдэнээсээ буруу харагдах цэг дээр очин зогсчихжээ. 

Арван нэгэн санаа, долоон асуудал жагсаан үзсэний дараа дүгнэлт тэгж гарч байна.

Төсөөлье. 126 гишүүн 63, 63-аар санал тэнцэж болно. Харин 64, 62-оор хуваагдан нэг хүн нөгөө талд гарвал асуудал шийдэгдэнэ. Тэр хүнд шийдвэр гаргах эрх мэдэл бүхэлдээ очиж байна. УИХ-ын нэг гишүүн гэдэг ийм үнэ цэнтэй. Тийм учраас УИХ-ын нэг гишүүнийг хялбархан зайлуулчихаж болдоггүй хэмжээний хамгаалалт хэрэгтэй. Амь насанд нь хүрчих вий гээд хамгаалдаг, бүрэн эрх гэж олгодог, хэнээс ч айхгүйгээр үгээ хэлж, саналаа өгдөг байх боломжоор хангадаг. Энэ зарчмаараа УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг хуультай болъё гэвэл тэр нь ихээхэн бүтээлч, нарийн хийгдсэн, хууль зүйн техникийн хувьд хөлбөрөлтгүй байх учиртай болж таарч байна. Харин өнөөдөр хараат бусаар ажилладаггүй Үндсэн хуулийн цэцэд энэ бүгдийг даатган өгөх, эсвэл мөнөөх ганц гишүүн нь жагсаалтынх байвал нам нь татаад аваад явчих нөхцөл рүү гулсах гэж байна.

Манайх шиг газар зүйн онцлогтой, геополитикийн нөхцөлтэй улс оронд парламент амин чухал. Хэрэв Ерөнхийлөгчийн засаглалтай бол тэр Ерөнхийлөгчийг нь Орос, Хятадаас, эсвэл Америкаас тавьдаг болно. Украины зовлон нүдэн дээр харагдаж байна. 126 хүнийг лоббидохоос нэг хүнийг лоббидох нь амархан.

У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ гэдэг хоёр хүн хагарч болно, ардчиллаа хагалж болохгүй. Парламентаа бол аль эрт хагалсан. МАН-ын бүлэг 30, 38-аараа ил цагаан хуваагдсан. Ардчилсан нам цаг үеийн маневр хийж МАН-д ашигтай талд шийдвэр гаргадаг болоод удсан. Л.Оюун-Эрдэнэ ч Ерөнхий сайд байхдаа Засгийн газраас өргөн барьсан хуулийг УИХ-аар яаралтай горимоор батлуулдаг, сөрөг хүчний гишүүнийг үг хэлэхээр “Залуу хүн байж битгий сонин юм яриад бай” гэж хэлдэг болтлоо вакуумжсан. Тэдний бүх улс төрийн үйл ажиллагаа үргэлж парламентын дархлааг сулруулж өдийг хүрсэн. Гишүүдийг багцалж, бултаар нь хуралдаанд оролцох эс оролцох, санал өгөх эс өгөхийг нь заадаг болсон.

Одоо тэдний хагарал УИХ-ын гишүүнийг дуртай үедээ эгүүлэн татдаг хууль хэлэлцэх дээрээ тулж гүнзгийрсэн, ийм хэмжээнд хальсан байна.

Яг энэ асуудлаас гарахын тулд л парламент 126 гишүүнтэй болж, таван өөр намаас бүрдэж, олон нийтэд танигдаагүй мэргэжлийн залуу хүмүүс жагсаалтаар орж ирсэн.

Өчигдөр тус хуулийг хэлэлцэхэд гишүүдийн байр суурь хатуу байв. Тэгмэгц санал хураалтыг өнөөдөр болгон хойшлуулсан юм. Нэг ёсондоо өнөөдөр Монголын түүхэнд бичигдэн үлдэх санал хураалт болно. Монгол Улс Ерөнхий сайдын ч биш, Ерөнхийлөгчийн ч биш, хоорондоо хагарч, эрх мэдлээ булаалдсан хувь хүмүүсийн бүр биш, парламентын засаглалтай орон гэдгээ батлан харуулах өдөр болж байна.

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.