HI TRUMP, BYE BIDEN (Д.Трампын тангараг өргөх ёслолын талаар бүгдийг)

1 өдрийн өмнө

АНУ-ын Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Доналд Трамп өнөөдөр (01.20) хоёр дахь удаагаа тангараг өргөж, албан ёсоор үүрэгт ажилдаа орлоо.

Өнөөдөр АНУ-ын түүхэнд 60 дахь удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх үйл явдал тохиож байна. 

Тэгвэл тангараг өргөх ёслолын үеэр юу болсон бэ?

Ерөнхийлөгч Д.Трамп тангараг өргөн, албан ёсоор үүрэгт ажилдаа орсон энэ өдөр Дэд ерөнхийлөгч Ж.Д.Ванс тангараг өргөлөө.

Тангаргийн ёслолын дараа шинэ Ерөнхийлөгч Капитол ордонд үг хэлж, эрх мэдэл шилжүүлэх үйл явц олон нийтэд нээлттэй зохион байгуулагдлаа.

Ёслолын дараа цэргийн жагсаал, уламжлалт үдийн зоог, урлагийн үзүүлбэр, үдэшлэг зэрэг олон арга хэмжээ болно.

ХЭН ХЭН ИРСЭН БЭ?

Д.Трампын тангараг өргөх ёслолд хууль тогтоогчид, албан тушаалтнууд зэрэг ердийн төлөөллөөс гадна амьд байгаа дөрвөн ерөнхийлөгч болох Билл Клинтон, Жорж В.Буш, Барак Обама, Жо Байден нар оролцлоо.

Сонирхуулахад, Д.Трамп 2021 онд Ж.Байдены тангараг өргөх ёслолд оролцоогүй. Ингэснээр тэр залгамжлагчийнхаа ёслолд оролцоогүй тав дахь ерөнхийлөгч болсон.

Мөн тангараг өргөх ёслол болон бусад хүндэтгэлийн ёслолтой холбоотой үйл ажиллагаанд “Tesla”, “X” компанийн гүйцэтгэх захирал Элон Маск, “Amazon”-ыг үүсгэн байгуулагч Жеф Безос, “Meta” компанийн гүйцэтгэх захирал Марк Цукерберг, “TikTok”-ийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чу нар оролцлоо.

АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гадаадын төрийн тэргүүнүүд оролцдоггүй, ихэвчлэн АНУ-д суугаа Элчин сайд эсвэл Гадаад хэргийн сайд нар төлөөлж оролцдог уламжлалтай. 

Гэвч Д.Трамп энэ удаагийн арга хэмжээгээр АНУ-ын уламжлалаас хазайж, консерватив, барууны үзэл баримтлалтай арваад орны төрийн тэргүүнийг урьсан.

Харин Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр оролцлоо. 

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обама, АНУ-ын Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын дарга асан Нэнси Пелоси нар энэ удаагийн тангараг өргөх ёслолд оролцоогүй бөгөөд ямар нэг шалтгаан дурдаагүй байна.

Тэд Д.Трампын 2017 оны тангараг өргөх ёслолд оролцож байсан билээ. 

ЗАРДАЛ ХЭД ВЭ? ХЭН ТӨЛӨХ ВЭ?

Тангараг өргөх өдөр болон уг өдрийг тойрсон долоо хоногийн үйл ажиллагаанд 250 сая ам.долларын хандив цугларсан.

Ёслолын нийт зардлыг хандивлагчид болон татвар төлөгчид хувааж төлдөг. Тэгвэл энэ их хандив хаанаас хэр орж ирснийг сонирхъё.

Технологи, хиймэл оюун ухаан, криптовалютын салбарын корпорациуд болон гүйцэтгэх захирлууд сая сая доллар хандивлажээ. Үүнээс дурдвал:

Доналд Трампын тангараг өргөх ёслолд хандиваар цугларсан мөнгийг өмнөх жилүүдийнхтэй харьцуулбал:

Трампын тангараг өргөх ёслолд цугларсан хандив шаардлагатай хэмжээнээс илүү цугларсан бөгөөд одоогоор хэрэглэгдээгүй санхүүжилтийг хэрхэн зарцуулах талаар ямар ч ил тод мэдээлэл байхгүй.

Тийм ч учраас Конгрессын Демократуудын дунд энэ асуудал ихээхэн шүүмжлэл дагуулж байна.

Тодруулбал, Невада мужийн Сенатор Катрин Кортец Масто 2018 онд анх танилцуулсан "Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хорооны ил тод байдлын тухай хууль"-ийн төслийг дахин өргөн барьж, хандивын хяналт, ил тод байдлыг сайжруулахыг зорьж байна.

Тэрээр "Америкийн ард түмэн эдгээр хандивууд хэрхэн зарцуулагдаж байгааг, тэдгээр нь яг хэнээс ирж байгааг мэдэх эрхтэй. Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол нь ямар нэг намын, Ерөнхийлөгчийн хувийн ашиг сонирхол эсвэл хамаатан садны хэрэгцээг хангах ёсгүй” гэжээ.

Энэхүү хуулийн төсөл нь тус хороонд 

  • $200 болон түүнээс дээш хандив өгсөн хүмүүсийн нэрийг ил зарлаж,
  • хандивын зарцуулалтыг тайлагнахыг шаардаж,
  • зарцуулаагүй хандивыг тангараг өргөсөн өдрөөс хойш 90 хоногийн дотор бүртгэгдсэн буяны байгууллагад хандивлах үүрэгтэй гэж заасан.
0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.