Шинээр гарсан Apple Watch-уудын борлуулалт зогсох уу?

unnu.news
Б.Тамир
1 жилийн өмнө

Apple компанийн захирал Тим Күүк 2014 оны намар iPhone 6 загварын гар утсыг олон нийтэд танилцуулж байсан түүхтэй. Тухайн үед iPhone 6 нь загвар дизайны хувьд олон нийтийн анхаарлын төвд байсан учир дараа хавар нь дагах бүтээгдэхүүн болгож Apple-ийн анхны ухаалаг цаг болох Apple Watch Series 1-ийг худалдаанд гаргажээ. Өдгөө тус бүтээгдэхүүн нь дэлхийн ухаалаг цагны зах зээлийн 30 хувийг эзэлдэг ба Apple компанид жилдээ 14-18 тэрбум ам.долларын орлого оруулдаг бүтээгдэхүүн болсон байна.

Одоогийн байдлаар Apple Watch-ийн нийт 14 загвар худалдаанд гарснаас сүүлийн хоёр нь Apple Watch Series 9, Apple Watch Ultra 2 юм. Тэгвэл өнгөрсөн 12 сарын 21-нд тус хоёр бүтээгдэхүүнд АНУ-ын Олон Улсын Худалдааны Комиссоос импортын хориг тавив.

Импортын хориг гэдгийг АНУ-ын зах зээлд тухайн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах болон импортоор оруулж ирэхийг хориглох шийдвэр гэж ойлгож болно.

Apple-ийн хувьд АНУ нийт орлогын 40-45 хувийг бүрдүүлдэг хамгийн том зах зээл нь юм. Ийм учир тус асуудал дэлхийн анхаарлын төвд ороод байна.

Яагаад хориглох болов?

АНУ-ын Олон Улсын Худалдааны Комиссын зүгээс Apple-ийг эмнэлгийн төхөөрөмж үйлдвэрлэгч Masimo компанийн хоёр патентыг зөрчсөн гэх үндэслэлээр хориг тавьсан. Эдгээр хоёр патент нь Apple Watch Series 9 болон Apple Watch Ultra 2-т байдаг цусан дахь хүчилтөрөгчийг хэмждэг технологитой холбоотой аж.

Тухайн үед мэргэжилтнүүд хэрэв зул сарын баярын ид шид тохиодоггүй л юм бол Apple-д тус хоригоос зайлс хийх боломж тун хомс гэж тайлбарлаж байв. Гэтэл 12 сарын 27-ны өдөр давж заалдах шатны шүүх хоригийг түр хугацаагаар цуцаллаа. Энэ нь маргаан үргэлжилж байх үед Apple компани Series 9 болон Ultra 2 загваруудыг зарах боломжтой гэсэн үг юм.

Ямартай ч цаашид хоригийг сэргээх боломжтой гэдгийг анхаарах нь чухал. АНУ-ын Олон Улсын Худалдааны Комиссын зүгээс давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хариуг 1 сарын 10-ны өдөр өгөх төлөвтэй байна. Энэ хооронд Apple компани патентын асуудлыг шийдвэрлэх программ хангамжийн өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ анхны тохиолдол уу?

Apple-ийн хувьд энэ нь Apple Watch-тай холбоотой анхны тохиолдол биш. Өнгөрсөн оны 2-р сард AliveCor-тай хийсэн маргаанаас үүдэлтэйгээр АНУ-ын Олон Улсын Худалдааны Комисс Apple Watch-д импортын хориг тавих санал гаргасан. Харин АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден үүнд татгалзсан хариу өгч байсан удаатай.

Энэхүү маргаан нь Apple Watch дээрх зүрхний үйл ажиллагааг хэмжих хэсэг нь AliveCor компанийн технологийг зөвшөөрөлгүй ашиглаж хийсэн байж болзошгүй гэсэн таамгаас эхэлсэн. Гэхдээ эцэст нь AliveCor-ийн технологи патентын хувьд асуудалтай байж таарсан учир Apple хөнгөн мултарч чадсан гэж хэлэхэд болно. Тэгэхээр цаашид юу болохыг харах л үлдлээ. Ямартай ч Apple-ийн хувьд энэ нь амаргүй даваа байх нь ойлгомжтой.

1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.