2026 оны Венецийн биеннальд Монголын павильон амжилттай нээгээд байна.
Энэ удаа манай улсаас уран бүтээлч Д.Дорждэрэм, Ё.Төгөлдөр, Б.Номин, Г.Гэрэлхүү нар баг болон оролцож байгаа. Харин куратораар урлаг судлаач, PhD. Ц.Уранчимэг, Томас Эллер нар ажилласан.
Манай павильоны концепцын нэрлэгээ бол “Сүлжилдээн: Хил дамнасан холбоосууд” юм.
Энэ талаар куратор Ц.Уранчимэг ярихдаа “Монголын эзэнт гүрнийг судлах явцад дэлхийн урлагийн хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмэр тодрон гарч ирдэг. Бидний нөлөө ерөөсөө энд тэндгүй, хил хязгааргүй, сүлжилдэн оршиж байгааг би сэдэв болгон судалж, илтгэл тавьж байсан. Энэ илтгэлээ концепц болгон зангидаж байгаа” хэмээсэн билээ.
Үнэхээр артистуудын сонголт, тэдний баримталдаг хэл хэллэг, материалын арга ажиллагаа, ихэвчлэн хөнддөг сэдэв зэргийг авч үзвэл монгол мөртлөө дэлхийн шинж чанарыг агуулж байна.
Д.Дорждэрэмийн эсгий ажлууд, холимог техник бүхий бүтээлүүд нь абстракт, философийн санааг гарамгай дүрсжүүлэн үзүүлдэг. Харин Ё.Төгөлдөр маш олон төрлөөр ажилладаг ба амьтны хэлийг сэдэв болгон сонирхож, монголчуудын уламжлалт аман зохиол Хан харангуй туулийг могойн арьсан дээр морз хэлээр бичсэн байх жишээтэй. Б.Номин Монголын орчин үеийн урлагт гавал ясын дүрслэлийг хүчтэйгээр нэвтрүүлсэн. Буддын шашны домог, бэлгэдэл дүрслэлээс эх авсан ч энэ нь цаашлаад үхлийн дараах амьдрал, зэрэгцээ ертөнцийн тухай нэгэнлэг сэдвийг хөндөж чаддаг. Г.Гэрэлхүүгийн хувьд орон зай, цаг хугацаанаас эс хамаарах том хэмжээтэй, олон деталь, үйл явдал, дүр дүрслэл бүхий монгол зургийн элементтэй бүтээлүүд дээр ажилладгаараа танигдсан. Тэдний өнгө төрх уусан сүлэлдээд монгол хүний сэтгэлгээ дэлхийн сэтгэлгээ байж чаддагийг харуулахаас гадна илэрхийлж буй санаа, материал техник нь цаг хугацааны хувьд өнгөрсөн, одоо, ирээдүйг холбож байна.
Сүүлийн жилүүдийн Венецийн биенналь илүү технологи, хиймэл оюун төвтэй болж буй талаар шүүмжлэл ирсэн. Өнөөгийн урлагт тавигдаж байгаа технологийн шийдлийн асуудалд жинхэнэ уран бүтээлчийн зиндаа харагддаг.
Энэ жилийн биеннальд Камерун гаралтай артист Койо Куо ерөнхий куратороор сонгогдон ажиллаж байсан ч 2025 онд хорт хавдрын улмаас нас барсан. Тэрээр “In Minor Keys” гэсэн концепцыг дэвшүүлжээ. Энэ нь даяаршиж буй нийгэмд системийн гол тоглогчид (major) биш, дарагдмал, нуугдмал, туслах байр суурийн дуу хоолойг товойлгон харуулах, тэднийг энэ зэрэгцэх түвшинд авчирч тавих тэмүүлэл аж.
Тийм ч учраас Венецийн биенналь өдгөө хүчтэй, технологи давамгайлсан гэхээс илүү зөөлөн, дөлгөөн, алгуур атлаа гашуун дуу хоолойг илэрхийлж байгаа талаар шүүмжлэгчид бичиж эхэлжээ. Мөн Койо Куо нас барсан тул эмгэнэлийн мэт, чимээгүй өнгө аяс бүхэлдээ давамгайлж байгааг онцолжээ.
Улс орнуудын павильоноос Австри улсынх хэлэлцүүлгийн төв болсон. Үзэгчдийн шээсийг хурааж, шүүн цэвэршүүлээд түүн дотор амьд, нүцгэн хүмүүс перформанс хийж байгаа нь анхаарал татсан. Урлагийн бүтээлд шээсээ “хандивлах” гэсэн үзэгчдийн дараалал хоёр ширхэг ариун цэврийн байгууламжийн гадна үүсжээ.
Түүнчлэн биенналь ОХУ-ыг оролцуулсан явдал шүүмжлэл дагуулсан хэвээр байна. Мөн улс төрийн нөхцөл байдлын үүднээс Израилийн павильон ч багагүй эсэргүүцэлтэй нүүр тулж байгаа.
Үүний дээр биенналийн концепц, уур амьсгал бүхэлдээ колоничлогдсон орнууд, жижиг улсууд, хил хязгаар, африк, ази тив рүү төвлөрч байна. Хэв маягийн хувьд шинээр бий болоод байсан хурдтай, өнгөлөг, Artsy-ийн тодорхойлсноор Tik-Tok-Able хэлбэрээс зайлсхийсэн шинжтэй. Эргээд бүтээлийн өмнө удаан хугацаанд төвлөрөн зогсож, хүртэхийн тулд мэдрэмжээ сонсдог, гоо зүйн суурьтай, сүнслэг өнгө аяс давамгай уламжлалт байдал руу шилжжээ.
Яг энэ цэг дээр Монголын павильон бүхий л шинж чанараараа огтлолцож чадаж байна.
Дэлхийн контемпорари урлагийн олимп гэгддэг Венецийн биенналь энэ жилийн арваннэгдүгээр сар хүртэл үргэлжилнэ.
Венец хотод ажиллаж байгаа уран бүтээлч Б.Бат-Оргилын гэрэл зургуудын онцгой эрхээр ашиглав.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.