Старлинк Монголд "газардав"

unnu.news
Б.Тамир
1 жилийн өмнө

Өргөн уудам нутагтаа хүн ам нь тархан суурьшсан манай улсад газар зүйн байршил, нөхцөл байдлаас хамаарсан давуу, сул тал олон бий. Сул талуудыг эхнээс нь жагсаавал харилцаа холбоо, интернэтийн асуудал гээд эхэлнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, алслагдсан жижиг сумын ЕБС-д сурдаг Намжил хүү өвдсөн бол одоог хүртэл үүнийгээ багшдаа утсаар мэдэгдэхэд хүндрэл гардаг.

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад сүлжээнд огт холбоогүй 191 баг байна. Бид технологийн хурдацтай хөгжлийг шагшин магтдаг ч нөлөө талаас харилцаа холбооны суурь хэрэгцээ нь хангагдаагүй цөөнгүй хүнээ “хөгжлийн гадна” орхижээ.

Манай улсын нийт газар нутгийн 65 хувьд хүн амьдрах бололцоотой байдаг. Гэвч үүний ердөө 23.8 хувийг үүрэн холбооны сүлжээгээр хангасан байна. Үлдсэн 42 хувийг интернэт, харилцаа холбоогоор хангахын тулд 15 их наяд төгрөг шаардлагатай гэх тооцооллыг Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас хийжээ. Харин энэ жилийн манай улсын төсвийн зардал 20 их наяд. Ингээд шаардлагатай зардлыг өнөөгийн санхүүгийн байдалтайгаа жишээд авч үзэхэд ихээхэн хүндрэлтэй гэдэг нь шууд харагдаж байна. Тиймээс шинэ дэд бүтцийг эрэлхийлэх нь манай улсын хувьд хамгийн оновчтой алхам байв.

Сайн мэдээ!

Нам орбитын интернэт үйлчилгээ Старлинк энэ сарын 1-ний өдөр Монгол Улсад албан ёсоор нэвтэрлээ. Харин энэхүү үйлчилгээ Монголын харилцаа холбооны асуудлыг яаж шийдэх, ирээдүйд хэрхэн нөлөөлөх тухай олон асуулт бидэнд байна. Үүнийг хамгийн ойлгомжтой байдлаар тайлбарлая.

Старлинк гэж юу вэ?

Товчоор: “Старлинк” бол Илон Маскын SpaceX компанийн төсөл. 

Үүнийг энгийнээр тайлбарлавал дэлхийг тойрон эргэдэг олон тооны хиймэл дагуулаас бүрдсэн сүлжээ гэсэн үг. Тэдгээр хиймэл дагуулын гол зорилго нь дэлхийн алслагдсан, сүлжээ муутай бүс нутгийг интернэтээр хангах юм.

Старлинкийг бусдаас онцгой болгодог зүйл нь нам орбитын хиймэл дагуулууд гэж ойлгож болно. Нам орбитын хиймэл дагуул нь дэлхийтэй ойрхон нисдэг. Ингэснээр бусад төрлийн хиймэл дагуулуудтай харьцуулахад аливаа мэдээллийг илүү хурдан дамжуулна гэсэн энгийн логиктой. Үүнийгээ ч сайн хийдэг.

Одоогоор ийм төрлийн 4600 гаруй хиймэл дагуул дэлхийг тойрон эргэлдэж байна. Алсдаа энэ тоог 42,000-д хүргэх зорилго Старлинкт бий. 

Энэ оны 1-р сарын байдлаар 2.6 тэрбум хүн буюу дэлхийн хүн амын гуравны нэг нь интернэтэд холбогдоогүй гэж “World Economic Forum” мэдээлсэн. Хэрэв Старлинк зорилгоо биелүүлж чадвал бидний амьдарч буй дэлхий дээр интернэтэд холбогдоогүй газар үлдэхгүй. Өөрөөр хэлбэл та дэлхийн аль ч хэсэгт заавал уулан дээр гарах шаардлагагүйгээр инстаграм ухаж болно гэсэн үг.

Яаж хэрэглэх вэ?

Старлинк Монгол Улсад албан ёсоор нэвтэрснээр энэхүү үйлчилгээг ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр авах боломжтой. Одоогоор дараах дөрвөн төрлийн багцыг танилцуулжээ. Үүнээс гэр бүл, ажлын хэрэгцээнд хамгийн тохиромжтой нь нэг сарын 185,000₮-ийн төлбөртэй багц юм. Гэхдээ цаашид тус багцыг ашиглахын тулд танд зайлшгүй хиймэл дагуултай холбогдох антен шаардлагатай болно. Антенаа 1,525,000₮-р аваад сар бүрийнхээ төлбөрийг тогтмол төлөөд явна.

Багцын мэдээллийг эндээс харна уу.

Юуг анхаарах хэрэгтэй вэ?

Монгол дахь Старлинк хэрэглэгчид 2021 оны 6 сараас хойш Фэйсбүүк группт нэгдэж туршлагаа хуваалцаж эхэлсэн. Тиймээс Старлинк Монгол Улсад албан ёсоор нэвтэрч, хэрэглэгчдийн тоо ч нэмэгдэхтэй холбогдуулан анхаарах зүйлсийг тус группт хуваалцжээ.

  • Интернэтийн хувьд татах хурд 250mbps, хуулах/байршуулах хурд 40mbps хүртэлх байна. (Юнивишны интернэт багцын дундаж хурд 30mbps байдаг.)
  • Антен нь саад болох зүйлгүй барилгын дээвэр дээр байх ёстой.
  • Wifi төхөөрөмж нь 185м2 талбайд сүлжээг хүргэх хүчин чадалтай. Ойролцоогоор 25-30м радиустай гэсэн үг.
  • Старлинкийн төхөөрөмж нь 220Вт-ын цахилгаанаар ажилладаг.
  • Орон нутгийн хэрэглэгчид 12Вт-ын цахилгаанаар ажиллуулах боломжтой. 
  • Цахилгаанаа 12Вт-ийн нарны хавтан, аккумлятораар шийдсэн орон нутгийн өрхүүд сайн чанарын
  • Тогны хэлбэлзэл их байдаг газарт хэлбэлзлээс шалтгаалж WIFI цацах төхөөрөмж шатах эрсдэлтэй байдаг. Үүнийг тог тогтворжуулагч эсвэл UPS, Ecoflow зэрэг төхөөрөмжийг ашиглан эрсдэлээ бууруулж болно.
Старлинк хэрэглэгч, Старлинк Монголиа коммунитигийн үүсгэн байгуулагч Жавхлан
Шинээр хэрэглэгч болж байгаа хүмүүс зааврын дагуу захиалга хийнэ үү. Захиалга хийж өгнө гэсэн хүмүүс картын мэдээлэл шаардах юм бол бүү өгөөрэй. Энэ нь таны санхүүгийн аюулгүй байдалтай холбоотой учир эрсдэлээс сэргийлнэ үү.
Старлинк хэрэглэгч, Старлинк Монголиа коммунитигийн үүсгэн байгуулагч Жавхлан

Старлинк яаж нөлөөлөх вэ?

Одоо бидэнд Монголын хаанаас ч өндөр хурдны интернэтэд холбогдох боломж бүрдлээ. Үүнийг дагаад Монголын бусад интернэт үйлчилгээ үзүүлэгч компаниуд яах вэ гэдэг асуулт төрнө. Гэхдээ шилэн кабелиар интернэт үйлчилгээ явуулдаг Монгол компаниуд илүү хямд үнийг санал болгодог тул Старлинктэй шууд өрсөлдөнө гэж ойлгоход хэцүү. Эцэст нь хэрэглэгч бидэнд л сонголт үүсэж байгаа юм.

Старлинкийн Монгол улсад нэн тэргүүнд үзүүлэх нөлөө боловсрол, эрүүл мэндийн салбарт гарна гэж найдаж байна. Энгийнээр тайлбарлавал орон нутагт ажилладаг эмч, багш нар цаг үеийн мэдээллээс хоцрохгүйгээр өвчтөн болон шавь нартаа шаардлагатай мэдлэг, туршлагыг олгоно гэсэн үг. Яаралтай үед ч шууд холбоо барих боломжтой сүлжээ Старлинкийн тусламжтай Монголын харилцаа холбоогүй байгаа хэсгүүдэд үүсэх юм.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.