Пүрэв гарагийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Улмаар 61.8 хувийн саналаар дэмжсэн. Өөрөөр хэлбэл энэ хууль УИХ-аар хэлэлцэгдэх эхний босгоо давсан гэсэн үг.
Тамхины хуулийн өөрчлөлтийг О.Номинчимэг нарын 78 гишүүн нэгдэж, өргөн барьснаар онцлог. Анх 2014 онд УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг Тамхины хяналтын тухай хуулийг санаачлан батлуулсан. Ингэснээр дотор орчинд янжуур тамхи татахыг хориглосон.
Харин түүнээс хойн тамхин бүтээгдэхүүний татварын бодлогыг шинэчлэх нөхцөл үүссэнээс гадна электрон тамхийг янжуур тамхины ижил ангилалд оруулж тооцох шаардлага бий болоод байсан юм.
О.Номинчимэгийн хуульд хамгийн товчоор хоёр гол онцлог бий нь,
- Цэнэглэдэг электрон тамхи одоогоор “Электрон бараа” гэсэн ангилалд багтдаг. Улмаар янжуур тамхины адил онцгой албан татвар төлөхгүйгээр импортоор орж ирж буй. Иймд ангиллыг тодорхой болгож, ижил татвар ноогдуулах
- Янжуур тамхинд ноогдуулах татвараар манай улс дэлхийд хамгийн багад тооцогдоно. Олон улсад тамхи, архинд онцгой албан татварыг өндөр тавьдаг, үүнийг “Нүглийн татвар” ч гэж нэрлэдэг. Иймд бусад орны жишигт дөхүүлж, янжуур тамхины ч татварыг нэмэх агуулга багтсан.
Харин өчигдөр тус хуулийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүд дараах байр сууриудыг илэрхийлж байлаа.
Хөндөгдсөн асуудал нэг: Янжуур тамхи ямар үнэтэй болох вэ?
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Татварыг нь нэмчихээр хуурамч тамхи орж ирэх, хууль бус худалдаа гаарах эрсдэл байгаа юм биш үү? Нөгөө талаас, янжуур тамхины татварыг нэмэхээр үнэ нь яг хэдэн төгрөг болох юм бэ?
ХАРИУЛТ: Өмнө нь янжуур тамхины татварыг нэмэхэд тийм асуудал гарсан удаагүй. Харин ч хуурамч тамхины тоо 2.5 тахин буурсан үзүүлэлт бий.
Нэмэгдсэн татварын орлогоор улсын төсөв бүрдүүлэхээс илүү эргээд хүүхэд залуусын эрүүл мэнд, спортын үйл ажиллагааг санхүүжүүлнэ.
2025 оны байдлаар янжуур тамхины дундаж үнэ 3742 төгрөг байна. Энэ хууль батлагдсанаар нэг дор огцом биш, үе шаттайгаар татварыг нэмнэ.
Ингэснээр,
- 2026 онд 4366
- 2027 онд 7082
- 2028 онд 9815
- 2029 онд 12567
- 2030 онд 15339 төгрөг болно гэлээ.
Өөрөөр хэлбэл, янжуур тамхины үнэ 2030 он гэхэд дөрөв дахин өсөх аж.
Хөндөгдсөн асуудал хоёр: Сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдахгүй гэдэг заалтыг өөрчлөх үү?
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: 2013 оны хууль маш том өөрчлөлт авчирсан ч сургууль, цэцэрлэгээс 500 метрийн зайд тамхи худалдахыг хориглох заалттай. Энэ заалт бол хэрэгждэггүй. Дэлгүүр тамхи худалдах зөвшөөрлөө авчихаад ажиллаж байтал 500 метр дотор нь шинэ сургууль, цэцэрлэг баригдчихдаг. Зарим дүүрэгт сургууль цэцэрлэг хоорондын зай маш ойр. Аймаг, сумдад энэ заалт бүр “амьдралгүй” болж хувирдаг. Үүнийг өөрчлөхөөр тусгасан уу?
ХАРИУЛТ: Хэлэлцүүлгийн явцад ярилцах боломжтой. Одоогийн хуулийн төсөлд хөндөөгүй. Хэрэгждэггүй заалттай гээд одоогийн хуулиа сулруулж болохгүй гэлээ.
Энэ асуудлыг УИХ-ын дарга Н.Учрал ч бас онцолсон нь анхаарал татлаа. Хөдөө орон нутагт ихэнх дэлгүүр нь сургууль, цэцэрлэгийнхээ ойролцоо байдаг тул тамхи худалдах аргагүй болдог. Гэтэл хүний хэрэгцээ бий. Энэ үүднээс лангуун доороос зардаг асуудал үүсдэг гэдгийг хэлсэн юм. Мөн УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу ч үүнийг дэмжиж, “Сургууль цэцэрлэгийн ойролцоо тамхи зарахгүй байвал хүүхдүүдийн тамхидалт буурна гэдэг бол томчууд бидний л төсөөлөл” гэж энэ санааг дэмжсэн юм.
Хөндөгдсөн асуудал гурав: Татварын хууль уу, хяналтын хууль уу?
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Энэ бол татварын биш хяналтын хууль шүү. Иймд татвар нэмээд өнгөрөх биш, хүүхдүүдийн тамхидалтыг яг яаж бууруулах, үүнд хэрхэн хяналт тавих юм. Соён гэгээрлийн ажлыг яаж зохион байгуулах юм гэдэг дээр тодорхой шийдэл хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд өөрсдөө тамхины бизнесийн лоббинд орчихдог. Үүн дээр анхаараарай.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Тамхины диваажин шиг улс бол Монгол болчихсон. Тамхи маш хямд үнэтэй. Ядруу яваа нэгнээ “Тамхины ч мөнгөгүй” гэж ярьцгаадаг. Тиймээс одоо ямар ч архаг тамхичинд “Тамхинаас гарах юм сан” гэдэг эрмэлзэл төрүүлэх өөрчлөлт хийх ёстой. Эргээд татвараас олсон мөнгийг ЕБС-ийн сурагчдын үдийн хоол, спортын үйл ажиллагаанд яаж зарцуулах вэ?
ХАРИУЛТ: Манай улс Тамхины эсрэг конвенцод нэгдэн орсон. Бидэнд хоёр асуудлаар л зөвлөмж өгдөг. Нэг нь, татварын бодлого хоцрогдсон. Хоёрт, соён гэгээрлийн, нөлөөллийн ажлыг орхигдуулсан гэдэг. Зарим гишүүд электрон тамхины үнийг нэмлээ ч хүүхдүүд мөнгөө нийлүүлээд авчих байх гэж хэлсэн нь үнэн байх талтай. Тиймээс хяналт, соён гэгээрэл, нөлөөллийн ажилд маш их анхаарна. Татварын орлогыг Эрүүл мэндийг дэмжих санд хуваарилна, санхүүжилтийг нарийн тодорхой болгоно. Спортын барилга байгууламж баривал ААНОАТ-ын 1 хувийг буцаан олгох заалт өдгөө хэрэгжиж байгаа тул энэ хуулийн хамт өргөн бариагүй гэлээ.
Хөндөгдсөн асуудал дөрөв: Ж.Чинбүрэнгийн зөвлөх олон улсын хуралд Засгийн газрыг төлөөлж үг хэлэв үү?
УИХ-ын гишүүн Т.Мөнхсайхан: Янжуур, электрон тамхи гэж талцаад байгаа мэт боловч үнэндээ халаас нэгтэй болчихсон байдаг олон улсын жишиг бий. Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн тамхи таталт 6 дахин нэмэгдсэн. Хүүхдийн тамхинд ордог нас 15 болж залуужсан. Нийт хорт хавдрын шалтгааны 35 хувийг тамхи эзэлдэг. Электрон тамхи мөн л адил маш олон төрлийн хорт бодис агуулдаг. Иймээс энэ хуулийг заавал хэлэлцэх ёстой. Гэвч саяхан Женевт болсон Тамхины хяналтын олон улсын конвенцын хуралд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн зөвлөх “Манай улс тамхины бизнесийг дэмжинэ” гэсэн утгатай үг хэлжээ. Энэ юу болж байна вэ? Сайдын зөвлөх Засгийн газрын байр суурийг илэрхийлдэг болчихсон юм уу? Эрүүл мэндийн яам ер нь энэ хуульд ямар байр суурьтай байгаа юм бэ?
ХАРИУЛТ: Тухайн олон улсын хуралд Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэнгийн УИХ-ын гишүүнийх нь статуст орон тооны бус зөвлөхөөр ажилладаг н.Энхбаяр оролцсон. Тиймээс энэ Эрүүл мэндийн яамны байр суурь биш. Бид Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг бүрэн дэмжиж байгаа.
Улмаар УИХ-ын дарга Н.Учрал “Орон тооны бус зөвлөх олон улсын хуралд яамыг төлөөлж оролцоно, байр суурийг нь илэрхийлнэ гэж байхгүй. Замбараатай байгаарай” гэж шүүмжилсэн юм.
Хөндөгдсөн асуудал тав: Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэх тул янжуур тамхи татварын хөнгөлөлт эдлэх үү?
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: Ихэнх янжуур тамхийг Казахстан, ОХУ-д үйлдвэрлэдэг. Гэтэл манай улс Евразийн чөлөөт худалдааны хэлэлцээрт нэгдэн орж байгаа. Энд тамхи тэргүүтэй хэд хэдэн бүтээгдэхүүний импортын татварыг хөнгөлнө. Ингэчихээр янжуур тамхи электрон тамхинаасаа хямд болчих биш үү? Электрон тамхины эсрэг хууль болж байгаа биш гэж үү? Электрон тамхийг иргэний мэдээллээ уншуулаад худалдан авч болдог ТҮЦ шиг зүйлээр худалдаалж болдоггүй юм уу?
ХАРИУЛТ: Евразийн хэлэлцээрийн асуудлыг судалсан. Онцгой албан татварыг нь уялдуулах байдлаар шийдэх тул тийм асуудал гарахгүй. ТҮЦ-ийн хувьд энэ нь электрон тамхины худалдааг бууруулах биш харин ч гааруулдаг гэдгийг судалгаанд өгүүлсэн байна. Иймээс энэ шийдэл хэрэггүй гэж үзсэн.
Дээрх таван гол асуудлын хүрээнд хэлэлцүүлэг өрнөсөөр 55 гишүүн дэмжиж, 34 гишүүн татгалзсанаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг төслийг хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм. Улмаар анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн.
Тамхи бол 100 хувь ашгийн маржинтай, 700 тэрбум төгрөгийн зах зээл. Дээр нь төгс бус өрсөлдөөнтэй, нэг ААН монополь болж төвлөрсөн онцлогтой тул уг хуулийн төслийг хэлэлцэхэд хөшигний ар дахь эсэргүүцэл багагүй өрнөж байгааг УИХ-ын гишүүн О.Номинчимэг онцолсон юм.
Ажлын хэсэгт хэн багтах вэ?
Харин хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг одоо томилогдох ёстой. Мөн ажлын хэсэгт тус хуулийг санаачилсан гишүүдээс орж болдоггүй хуультай.
УИХ-ын дарга Н.Учралын хувьд өөрөө тамхи татдаггүй, дээр нь дүүрэг, аймаг, сум удирдаж үзсэн туршлагатай хүмүүсийг оруулна гэж хэлсэн. Ийнхүү Хэнтий аймгийн Засаг дарга асан Ц.Идэрбат гишүүнээр ажлын хэсгийг ахлуулах саналтай байгаагаа мэдэгдсэн юм.
500 метрийн заалтыг эсэргүүцсэн буюу орон нутагт ажилласан туршлагатай гишүүдээр дийлэнх бүрдэх дүр зураг харагдсан билээ.

Newsletter
unnu.news-ийн редакцаас бэлтгэн хүргэх онцлох контентуудыг хүлээн аваарай.
Сэтгэгдэл
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.