Өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүхийг толилуулж байна

unnu.news
unnu.news
21 өдрийн өмнө

Амстердам хотноо төвтэй Дэлхийн Хэвлэлийн Гэрэл зургийн сан, Нидерландын Хаант Улс хамтран зохион байгуулж буй “Сэтгэлийн хат – өөрчлөлтөд хөтөлсөн эмэгтэйчүүдийн түүх” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт энэ сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод боллоо.

Энэхүү онцгой гэрэл зургийн үзэсгэлэнд Дэлхийн Хэвлэлийн Гэрэл Зургийн Тэмцээнээс 2000-2021 онуудад шагнал хүртэж байсан гэрэл зургууд багтсан бөгөөд дэлхий дахины эмэгтэйчүүд, охид бүсгүйчүүд, олон нийтэд тулгарч буй сорилтууд, саад бэрхшээлийг хэрхэн давж буйг харуулсан түүхүүдээс сонгон үзүүлж буйгаараа онцлог.

Жендерийн тэгш байдал, шударга ёс бол хүний үндсэн эрх бөгөөд нийгмийн бүлгүүд хоорондын харилцан уялдааг бий болгоход чухал үүрэгтэй. Хэдий тийм боловч дэлхийн өнцөг булан бүрд эмэгтэйчүүдэд тэгш бус хандах хандлага амь бөхтэй оршсоор, тэдний төлөөлөл улс төр болон эдийн засагт хангалтгүй хэвээр байсаар байна.

Статистик дурдахад, 2021 оны байдлаар дэлхий дахинд эмэгтэйчүүд парламентын нийт 35,500 орчим суудлын дөнгөж 26.1%-ийг, 3,400 орчим сайдуудын 22.1%-ийг, бүх удирдах албан тушаалуудын 27%-ийг бүрдүүлж байна. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл дэлхий дахины эрүүл мэнд, аюулгүй байдлын ноцтой асуудал хэвээр байгаа ба гурван эмэгтэй тутмын нэг нь бие махбодын эсвэл бэлгийн халдлагад өртдөг гэсэн тооцоо бий.

Тиймээс энэхүү үзэсгэлэнгээр дамжуулан Нидерланд Улс эмэгтэйчүүдийн эрх, жендерийн тэгш байдал, шударга ёсыг хангахын төлөө үүрэг хүлээсэн гэдгээ харуулж байгаа билээ.

Энэ чиглэлээр 13 улсын 17 гэрэл зурагчны буулгасан гэрэл зургууд хүйсээр ялгаварлан гадуурхах үзэл, жендерт суурилсан хүчирхийлэл, нөхөн үржихүйн эрх, тэгш боломжоор хангагдах эрх зэрэг асуудлуудын талаар гүнзгий ойлголтыг олон янзын дуу хоолойгоор дамжуулан хүргэнэ. Бидний сонгож авсан эдгээр түүхүүд 21-р зуунд эмэгтэйчүүдийн болон жендерийн асуудлууд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг, гэрэл зургийн сэтгүүл зүйд эдгээр асуудлуудыг дэлгэн харуулах арга замууд хэрхэн хөгжсөнийг харуулах юм.

Энэхүү үзэсгэлэнд Финбарр О’Рейлли, Майка Элан, Каталина Мартин-Чико, Пабло Тоско, Оливиа Харрис, Террел Гроггинс, Жонатан Бахман, Хеба Хамис, Даниель Берехулак, Робин Хаммонд, Диана Маркосиан, Йан Граруп, Магнус Веннман, Фулвио Бугани зэрэг бусад гэрэл зурагчдын бүтээлийг мөн дэлгэн толилуулсан болно.

Тус үзэсгэлэнг Улаанбаатар хотын Лхам Галерейд 2024 оны 8 дугаар сарын 22-ноос 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл дэлгэх бөгөөд үнэ төлбөргүй үзэж танилцах боломжтой.


Үзэсгэлэнд толилуулж буй зарим гэрэл зургаас...

Анна Бойазисын Усанд олсон эрх чөлөө гэрэл зурагт Занзибарын Муюуни далайн эргээс зайтай, Энэтхэгийн далайд усанд сэлж, аврах ажиллагаа явуулж сурч буй Кижини Бага Сургуулийн сурагчдын түүхийг харуулна. Занзибарын Архипелаго арлын охидыг усанд сэлж сурахыг хүмүүс эртнээс дэмждэггүй байсан нь голчлон тэдний биеийг бүрэн халхлах усны хувцас байхгүй гэх шалтгаантай холбоотой байв. Хойд Занзибарт их тохиолддог усанд живж осолдох тохиолдлын тоог бууруулах зорилгоор Панже Төслийн хүрээнд нутгийн охид эмэгтэйчүүдэд усанд сэлэх ур чадвар эзэмшүүлдэг.


Форо Алаейн Эрх чөлөөний төлөө гэрэл зурагт Иран улсын хөлбөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнгүүдэд орох эрхээ хасуулсан эмэгтэй хөгжөөн дэмжигчдийг харуулсан ба тэд хэрхэн эрэгтэй хүмүүс болж цэнгэлдэх хүрээлэнгүүдэд орж, мөн эмэгтэйчүүдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулж байгааг харуулжээ.


Ирина Вернингийн Амлалт гэрэл зурагт Аргентин улсын Буэнос Айрес хотод амьдардаг 12 настай Антонелла охины талаар өгүүлжээ. Урт ургуулсан үсээрээ алдартай тэрээр КОВИД-19 цар тахлын улмаас зайнаас үйл ажиллагаа явуулах болсон сургуульдаа буцаж очиж хичээлээ хийх боломжтой болсон үедээ үсээ тайруулах амлалт өгсөн байна. Антонелла сургуулийн амьдралдаа буцаж очихын тулд өөрийн хамгийн үнэт эрдэнэ болсон үсээ оронд нь өгч байна гэж хэлж байсан юм. Тэрээр 2021 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр буюу хичээлдээ буцаж очихын өмнөх амралтын өдөр үсээ тайрсан юм.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.