Зудын цаана

unnu.news
Б.Мичидмаа
1 жилийн өмнө

Энэ жил Монгол Улсад сүүлийн 49 жилд ажиглагдаагүй цас ихтэй өвөл боллоо. Өнгөрөгч 12-р сард Монгол орны хэмжээнд олон жилийн дунджаас 1.9 дахин их, 1-р сард олон жилийн дунджаас хоёр дахин их хур тунадас орлоо. Энэ 2-р сарын 20-оос 21-нд шилжих шөнө 1960 оноос хойших агаарын хэм хамгийн бага хэмжээнд хүрлээ.

Үүний улмаас зудын эрсдэлтэй нүүр туллаа. Тэгвэл зудын бодит үр дагавар юу вэ? Зудаас сэргийлэх боломжтой юу?


“Зуд” гэх ойлголт нь бэлчээрийн мал аж ахуй, тал нутгийн цаг уурын онцлогоос үүдэлтэй зөвхөн Монголд тохиолддог байгалийн гамшиг. Ингэхдээ их хэмжээний цас орж, мөсөн бүрхүүл тогтох эсвэл хэт хүйтний улмаас мал бэлчих аргагүй болж, өвс тэжээлээр гачигдаж улмаар олноор хорогддог. 

Мал аж ахуйн салбар нь манай улсын эдийн засгийн хоёр дахь том тулгуур болохоос гадна хөдөө, орон нутгийн хүн амын 77%-ийн амжиргааны эх үүсвэр болдог. 

Одоогийн байдлаар улсын хэмжээнд 2.1 сая толгой мал хорогдоод байна. Харин сүүлийн 84 жилийн хугацаанд хамгийн их мал хорогдож байсан нь 2010 онд бөгөөд тухайн үед том малын зүй бус хорогдол 10.3 сая хүрсэн.

Цаашид малын хорогдол өмнөх түүхэн дээд үзүүлэлтийг ч давах магадлалтайг мэргэжилтнүүд хэлж байна. 

Энэ жилийн урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн, хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Өвлийн турш цас ихтэй, хүйтэн, цасан шуургатай зудын хүнд нөхцөлд байсан аймаг, сумдын нутгаар мал хорогдох, турж эцэх, хээл хаях, жилбэ муутай төллөх зэргээр хаваржилт хүндрэхээр байна. 

Түүнчлэн цас ихтэй нутгуудаар цас нэмж орох, үе үе хүчтэй цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байгаа тул хавар мал төллөх үед цаг агаарын байдал түргэн өөрчлөлттэй учраас дунд болон богино хугацааны мэдээг тухай бүр авч ашиглаж байхыг ОБЕГ-аас анхааруулжээ.

Монгол Улсад сүүлийн 80 жилийн хугацаанд агаарын дундаж температур 2.46 хэмээр нэмэгдсэнээр уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртсөн орнуудын нэг болоод байна. Улмаар байгалийн гамшгийн хохирол, давтамж хоёр дахин нэмэгджээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэж зундаа ган гачиг, өвөлдөө зуд, турхан тохиолдох давтамж ихэссэнээр хөдөө аж, ахуй, эдийн засгийн салбарт томоохон эрсдэл бий болж буй юм. 


ЗУД ЭДИЙН ЗАСГААС ГАДНА БОЛОВСРОЛД Ч НӨЛӨӨЛДӨГ

НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр энэ оны 2-р сарын байдлаар 62.5 мянга гаруй хүүхэд зудын гамшигт өртөөд байгаа бөгөөд 2012-2022 оны хооронд нийт 502 хүүхэд байгалийн гамшигт үзэгдлээс шалтгаалж эрүүл мэнд, амь насаараа хохиржээ. 

<b>НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан</b>
“Байгалийн гамшиг, онцгой байдлын үед хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд хамгийн эмзэг байдаг.”
НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан

Хөдөө, орон нутгийн хүүхдүүдийн хувьд өвөлжилт хүндэрч, зам, харгуй цасанд боогдсоноор хичээл тасалдах тохиолдол ихээр гардаг. Өнгөрсөн оны 2-р сард НҮБ-ын Хүүхдийн сангаас Увс аймгийн Давст, Түргэн, Ховд аймгийн, Алтай, Үенч, Булган сумд өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцах, тусламж үзүүлсэн. Тус байгууллагын мэдээлснээр дээрх таван сумд л гэхэд нийт 2,200 хүүхдийн хичээл, сургууль тасалдсан нөхцөл байдалтай байжээ. 

Энэ жилийн хувьд өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулах багц шийдвэрийн хүрээнд хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг Засгийн газраас БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан юм.


ЗУДААС СЭРГИЙЛЭХ БОЛОМЖТОЙ ЮУ?

Зудаас бүрэн урьдчилан сэргийлэх боломжгүй ч нөлөөллийг бууруулж, хохирлын хэмжээг бага байлгах боломжтой.

  • Өвөлжилтийн нөхцөл байдлыг урьдчилан таамаглах боломжтой эрт сэрэмжүүлэх системийг бий болгож, малчид, эрх баригчдад бэлтгэл хугацааг олгох
  • Мал аж ахуйн тогтвортой менежментийн арга барилыг дэмжих, сүргийн хэмжээг тогтвортой түвшинд хүргэх, мал сүргийг төрөлжүүлэх
  • Зудад нэрвэгдэх магадлалтай бүс нутгуудад хуваарилах өвс тэжээл бусад зайлшгүй шаардлагатай бараа, материалын нөөцийг бүрдүүлэх
  • Малчдад зудад бэлтгэх, хариу арга хэмжээ авах, тэр дундаа цаг агаарын эрс тэс нөхцөлд малыг арчлах зэрэг мэдээллийг хүргэх
"Зудын хохирлыг бага байлгах хамгийн гол хүчин зүйл өвлийн бэлтгэл, өвс тэжээл. Хэдий малчид өвлийн бэлтгэлээ сайтар базаасан ч өвөл, хаврын турш нэг бүрчлэн үхэр, хонь бүрийг бэлчээрт гаргахгүйгээр хашаандаа өвс, тэжээлээр тэжээгээд байх боломжгүй.
Цаг агаарын мэдээгээ хараад цасан шуургатай, хэт хүйтэн өдрүүдэд малаа ойр бэлчээж, нөмөр газар байлгах, эрт хураагаад өвс, тэжээл өгч хонох зэрэг арга хэмжээг авдаг. Ийм өдрүүд их байх тусам өвс, тэжээлийн хэрэгцээ төдий чинээ их байдаг.”
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын малчин Д.Хандсүрэн

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан өнгөрсөн сарын 14-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас Улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Улмаар өнгөрсөн лхагва гараг /02.28/-ийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг давах туулах багц шийдвэрийг гаргасан.  

Түүнчлэн малчдад эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг тасралтгүй хүргэх, эрэн хайх аврах ажиллагааг шуурхай зохион байгуулах, хаагдсан зам, давааг нээх, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулж буй. 

Эдгээр шийдвэр нь малчдыг эрсдэлээс хамгаалж, нийгмийн эмзэг байдлыг бууруулж, өвөлжилтийн хүнд үеийг даван туулах ач холбогдолтой юм.


▶️ ҮЗЭХ | unnu.news

Watch on YouTube
1
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.