Хүний эрх ийм жижиг зүйлээс эхэлдэг

unnu.news
Б.Мичидмаа
21 өдрийн өмнө

Монгол Улсын Үндсэн хуулиар хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан төдийгүй Үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг юм. Манай улсын хувьд Хүний эрхийн комиссын тухай хуулийг 2000 онд баталж, комиссын гишүүдийг томилсноор хүний эрхийн үндэсний байгууллагыг байгуулсан. 

Тус байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд жил бүр Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсруулж, УИХ-д хүргүүлдэг. Комиссоос өргөн барьсан илтгэлийг УИХ-аар хэлэлцэж, тодорхой шийдвэр бүхий тогтоолыг баталж, хэрэгжүүлэх чиг үүргийг Засгийн газарт даалгадаг.

Энэ сарын 2-ний өдөр ХЭҮК-оос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлийг УИХ-д өргөн барьсан юм. Энэ удаагийн илтгэлд долоон бүлэг асуудлыг хөндсөнөөс хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн нийгэм, эдийн засаг, соёлын эрхийн асуудлыг онцлон хүргэж байна. 


МОНГОЛ УЛС ДАХЬ ХОРИХ ЯЛЫН БОДЛОГО

Монгол Улсад сүүлийн хоёр жилийн дунджаар 2,614 хүн хорих ялаар шийтгүүлж, 1,597 орчим хүн хуульд заасан үндэслэл, журмын дагуу суллагджээ. Нийт хорих ял эдэлж байгаа хүний 45% орчим нь тав хүртэлх жилийн хугацаагаар хорих ял эдэлж байна. 

Хорих ял нь хүний эрхийн хязгаарлалтын хамгийн хүнд хэлбэр бөгөөд хувь хүн, нийгэмд олон сөрөг үр дагаврыг бий болгодог. Өөрөөр хэлбэл хорих ялын бодлого нь хорих ял оногдуулах, хуульд заасан үндэслэл, журам, хугацаагаар хорих ангид тусгаарлаж эрх чөлөөг нь хасах ажиллагаанаас илүү өргөн хүрээтэй ойлголт бөгөөд ял эдлээд суллагдсан хүнд чиглэх цогц арга хэмжээ юм. 

Түүнчлэн энэ нь санхүүгийн хувьд харьцангуй өндөр зардалтай боловч нийгэмд үзүүлэх үр нөлөө нь төдийлөн өндөр байдаггүй. 

Үүнийг олон улсад хүлээн зөвшөөрч аль болох хорихоос өөр төрлийн ялыг сонгох, гэмт хэргийн шинж байдлаас нь шалтгаалан ялыг ялгамжтай оногдуулах, гэмт хэргийн нийгмийн хор уршгийг ухамсарлуулах, өөрийн хөдөлмөрөөр нь учруулсан хохирлыг барагдуулах зэргийг илүүд үздэг. Улмаар гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр зөвхөн хохирогчийн аюулгүй байдалд заналхийлсэн, онц хүнд гэмт хэрэг үйлдсэн зэрэг цөөн тооны тохиолдолд хэрэглэх нь зүйтэй гэсэн хандлага практикт давамгайлж байна. 


МОНГОЛ УЛСАД ХОРИХ ЯЛ ЭДЭЛЖ БУЙ ХҮНИЙ ТОО ТОГТМОЛ ӨССӨН ҮЗҮҮЛЭЛТТЭЙ БАЙНА

Сүүлийн жилүүдэд хорих ял эдэлсэн хүний тоо тогтмол өссөн үзүүлэлттэй байгаа бөгөөд хоригдлын тоо буурахгүй байгаа нь шинээр хорих ялаар шийтгүүлж байгаа хүний тоо суллагдаж байгаа хүний тооноос тогтмол өндөр хувьтай байгаатай холбоотой юм. Түүнчлэн хорих ялыг урт хугацаагаар оногдуулахаас гадна гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн зэргээс шалтгаалж байна.

Хорих ял шийтгүүлсэн хүмүүсийн хувьд өмчлөх эрхийн эсрэг (хулгайлах, залилах) үйлдсэн гэмт хэрэг 35% орчмыг эзэлж байгаа бол хорих ял эдлээд суллагдсан хүмүүсийн 38.6% нь суллагдсанаас хойш хоёр жилийн дотор дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлжээ. 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь ихэвчлэн хүн амын амьжиргааны түвшин, ядуурал, ажилгүйдэл, боловсролын түвшнээс ихээхэн шалтгаалдаг бөгөөд эд материалын болон бусад хангагдаагүй хэрэгцээгээ нөхөх зорилгоор бусдын эрх ашгийг хохироох явдал түгээмэл байдаг.

Улмаар хоригдлын тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор хорих байгууллагын ачаалал, төсвийн зардал нэмэгдэж, хорих ял эдлүүлэх, хоригдогчидтой харьцах наад захын стандарт шаардлага зөрчигдөх нөхцөл үүсэж буй юм.

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ХОРИХ ЯЛААР ШИЙТГҮҮЛСЭН ХҮМҮҮСИЙН 30% НЬ ДАХИН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭЖ БАЙНА

Энэ оны 3-р сарын байдлаар 42 хүүхэд Сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад хорих ял эдэлж байна. 

Насанд хүрээгүй хүмүүсийн дахин гэмт хэрэг үйлдэх шалтгаанд эцэг, эх асран хамгаалагчийн зүгээс хүүхдэд тавих анхаарал халамж сул, тэжээн тэтгэх үүрэг хариуцлагаа хэрэгжүүлдэггүй, амьдрах орчин, боломж бололцоо муу, зарим тохиолдолд асрах газарт байсан хүүхэд дахин гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлдэг байна.


ГЭХДЭЭ ЯАГААД?

Хорих ял эдлээд суллагдсаны дараа нийгэмд дасан зохицох, амьдрах орон гэр, ажлын байр олох, ялгаварлан гадуурхалттай тулгарах, хуулиар тогтоосон хяналтын нөхцөлийг дагаж мөрдөх зэрэг хүндрэл бэрхшээлтэй тулгардаг. Эдгээр асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс дахин гэмт хэрэг үйлдэх зэрэг олон сөрөг үр дагаврыг бий болдог.

...анх 1990 онд шоронд орсон, түүнээс хойш шоронгоор явж байна. Олон жил бичиг баримтгүй явж байгаад хорих анги хөөцөлдөж байж 2021 онд иргэний үнэмлэхтэй болсон. Өмнө хорих ангиас суллагдсаны дараа бичиг баримт хөөцөлдөх гэхээр нас барсан гэдэг гэрчилгээ гарсан байсан. Орон гэр, хамаатан садан гэх хүн байхгүй. Төрөөс ард түмэнд олгосон 1072 хувьцаа, бусад тусламжийг одоог хүртэл авч үзээгүй....
(Хяналтад байгаа иргэдтэй хийсэн ярилцлагаас)
...хорих ангиас суллагдаж гараад бөөн юм болж байж ажилд орсон. Тэгээд машин бариад ажлын газрын 2 хүнтэй явж байхад замын цагдаа зогсоогоод үнэмлэх шалгадаг хар машинаараа регистрийн дугаар хийгээд “Та шоронгоос суллагдсан юм уу, машинаасаа буу, бичиг баримтаа нэг бүрчлэн шалгуул” гэж чанга дуугаар хэлсэн, үүнийг сонссон цуг явж байсан ажлын газрын хүн бусад хүмүүст хэлснээс хойш хамт олны харилцаа хөндийрч, гадуурхаж эхэлсэн...

...хорих ял эдлээд суллагдаад ажилд орно гэдэг үнэхээр хэцүү. Ах дүү, хамаатан саднаараа яриулаад дөнгөж ажилд ороод байтал гэнэт цагдаагаас явж байна “байгаа газрын чинь ойролцоо хулгайн гэмт хэрэг гарсан, чи саяхан шоронгоос гарсан гарцаагүй гээд” бариад явдаг. Тэгээд цагдаагийн газар авчраад 2-3 хоног яах гээд байгаа нь мэдэгдэхгүй байлгаж байгаад, одоо явж болно гээд явуулахад ажлаас халсан байдаг. Энэ байдлаас болж ажилгүй болж байна. Ер нь хорих ял эдлээд гарсан хүн заавал дахин гэмт хэрэг хийх ёстой мэтээр цагдаагийн алба хаагч ханддаг... 
(Дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хоригдолтой хийсэн ярилцлагаас)

ХОРИХ ЯЛ ЭДЛЭЭД СУЛЛАГДСАН ХҮМҮҮСТ ТӨРӨӨС ЯМАР ДЭМЖЛЭГ ОЛГОДОГ ВЭ?

Нийгмийн халамжийн тухай хуульд хорихоос суллагдсан хүнд амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоос гадна олон нийтийн оролцоонд түшиглэсэн амьдралын итгэл үнэмшил, бие даан амьдрах чадвар, хөдөлмөрийн дадал олгох, авьяасыг нь дэмжих сургалтад хамруулах, сэргээн засах үйлчилгээнд хамруулах, түр байрлуулан асрамжлах, бичиг баримтжуулах, нийгэмшүүлэх, хамт олны бүлэг бүрдүүлэх, орлогын эх үүсвэртэй болгох төсөл хэрэгжүүлэх, амьдрах ухаанд сургах зэрэг үйлчилгээг үзүүлэхээр тусгажээ. 

Мөн хорих ангиас суллагдсан хүүхэд ЕБС-д сурч байгаа бол хичээлийн хэрэгсэл, сурах бичиг, дүрэмт хувцасны үнийн хөнгөлөлт үзүүлнэ гэж заажээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд хорих ангиас суллагдсан иргэнд хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамрагдах хугацаанд нь хоол, унааны зардлын хөнгөлөлт үзүүлдэг. 

Гэхдээ суллагдсан хүмүүсийн 68.4% нь төрөөс ямар нэгэн нийгмийн халамж, дэмжлэг авч чаддаггүй, 11.2% нь төрийн алба хаагчдын хүнд суртал, үл тоомсорлосон байдлаас шалтгаалан халамжид хамрагдахад хүндрэлтэй байдаг гэж хариулжээ. Түүнчлэн 6.2% нь халамж өгдөг талаар мэдээлэл байхгүйгээс халамжийн байгууллагад хүсэлт гаргаж үзээгүй аж.

Хэдийгээр хорих ял эдлээд суллагдсан хүн бүр төрөөс нийгмийн халамжийн дэмжлэг авах шаардлагагүй боловч дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн хоригдлын дийлэнх хувь нь орон гэргүй, нийгэмд дасан зохицож амьдрах аргаа олоогүй, ойр дотнын хүний ялгаварлан гадуурхсан хандлага сөргөөр нөлөөлж байсан гэх шалтгааныг дурдаж байна.

Энгийнээр хэлбэл энэ нь дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхэд дэмжлэг үзүүлэх, нийгэмд дасан зохицоход чиглүүлж буй хэлбэр юм. 

Заримдаа нийгэмд дасан зохицож амьдрах аргаа олоогүй нэгэндээ жоохон дэмжлэг үзүүлэхэд зүгээр шүү дээ. 

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.