Ханиадны далд зардал

unnu.news
Б.Тамир
20 өдрийн өмнө

Өнгөрсөн сард ХӨСҮТ-өөс энэ оны эхний хоёр сард улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалт идэвхжилийн түвшинд байна гэж мэдээлсэн. Томуу, томуу төст өвчний тархалтыг таван түвшинд авч үздэг бөгөөд идэвхжилийн үе нь хоёрдугаар түвшин юм.

Томуу, ханиад хоёр ялгаатай юу? 

Ханиад нь томуутай харьцуулахад амьсгалын замын хөнгөн өвчин юм. Ханиадны шинж тэмдэг цөөн хоногт илэрдэг бол томуугийн шинж тэмдэг хүнд явцтайгаас гадна удаан хугацаагаар үргэлжилнэ.

Тэгвэл ханиад, томуу нь байгууллагад хэрхэн нөлөөлдөг вэ?

Саяхан олон улсын эрүүл мэндийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар ханиад хүрсэн ажилтны нэг өдрийн бүтээмж 22% буурдаг гэсэн үр дүн гарчээ. Мөн томуу хүрсэн ажилтан ажлын бүтээмжээр бусад ажилтнуудаас ажлын дөрвөн өдрөөр хоцордог байна. Гэвч ажилтнуудын 70% орчим нь сайн ажилтан байх, цалингаа бүтэн авах үүднээс өвдсөн ч гэсэн ажилдаа ирдэг.

Ханиад ажлын байранд хэрхэн тархдаг вэ?

Ханиад ажлын байранд агаар дуслын зам, бохир гадаргуугаар дамжиж тархдаг. Ханиадны тархалтыг илүү нарийн хэмжихийн тулд оффис дахь ажилтнуудын тоо, зай талбай, вакцинжуулалтын хувь хэмжээ гээд олон зүйл шаардлагатай болно.

Хамгийн энгийнээр тооцож үзвэл нэг өвдсөн ажилтан компанийн ажилтнуудын тоо, оффисын хэмжээнээс хамаарч ойролцоогоор 2-15 хүртэлх хүнд ханиад, томуу тараах эрсдэлтэй байдаг. Тэгвэл өмнөх дата мэдээлэлд үндэслэж Монголын нэг компанийн ажилтан ханиад, томуугаар өвчилбөл дунджаар хэр хэмжээний далд зардал гарах талаар авч үзье.

Энэ оны мэдээллээр Монгол Улсын дундаж цалин 2,200,000₮ байна. Ханиад, томуу туссан ажилтан ажилдаа тасралтгүй ирсэн ч нэг сарын хугацаанд дунджаар дөрвөн өдрийн бүтээмжээ алдана гэсэн үг.

Үүнийг мөнгөөр тооцвол

Өвдсөн ажилтан дээрх зардлаас гадна хувиараа ханиад, томуугаа эмчлэхэд зориулж зардал гаргадаг.

Үүний эсрэг олон улсын томоохон компаниуд дараах арга хэмжээг авдаг.

  • Ажилтнуудыг ханиад, томуугийн эсрэг вакцинжуулах.
  • Өвдсөн ажилтанд чөлөө олгох бодлогыг сайжруулах.
  • Оффисын орчинд тархалтыг багасгах зорилгоор гар ариутгах, маск зүүх соёлыг бэхжүүлэх.
  • Өвдсөн үед алсын зайнаас ажиллах боломжийг сайжруулах гэх мэт.

Компаниуд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эрүүл ажлын байрыг бий болгож, зардлаа үр ашигтай зарцуулах боломж бүрдэх юм.

0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.