Чернобылийг эргэн саная. Тэр осол давтагдах боломжтой юу?

unnu.news
Б.Мичидмаа
19 өдрийн өмнө

Өнөөдрөөс 38 жилийн өмнө Украины хойд хэсэгт, Беларустай хиллэдэг Припят хотын орчим Чернобылийн цөмийн цахилгаан станцад дэлбэрэлт болсон. Дэлхийн түүхэнд цөмийн ослын аюулаар VII зэрэглэл буюу олон улсын хамгийн хүнд зэрэглэлээр үнэлсэн хоёр томоохон осол байдаг бөгөөд үүний нэг нь Чернобылийн дэлбэрэлт юм. 

Дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхт бодис одоогийн Беларусь, Украин, ОХУ-ын нутаг дэвсгэрийн нэлээд хэсэгт тархаж, гурван орны 8.4 сая орчим хүн өртсөн байдаг. Гэвч байгаль орчин, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх урт хугацааны, үргэлжилсэн нөлөөллөөс шалтгаалан гамшгийн нийт хохирлыг тооцоолоход одоо ч хэцүү байдаг. 

Олон улсын цөмийн энергийн агентлагаас /IAEA/ 2006 онд тооцоолсноор зөвхөн Беларуст учирсан 30 жилийн хохирлын хэмжээ л гэхэд 235 тэрбум ам.доллар /822 их наяд төгрөг орчим/-ыг давах аж.

Улмаар НҮБ-ын 2016 оны тогтоолоор 4-р сарын 26-ны өдрийг Чернобылийг дурсах олон улсын өдөр болгон зарласан. Энэ нь гамшигт нэрвэгдсэн хүмүүсийг дурсах, хүндэтгэхээс гадна цөмийн эрчим хүчний болзошгүй аюулыг анхааруулах, ил тод, аюулгүй ажиллагааны талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.


Уг осол нь дэлхийн дахинаа цөмийн эрчим хүчний бодлогод хүчтэй нөлөө үзүүлсэн бөгөөд зарим орон энэ төрлийн эрчим хүчний хөтөлбөрөө зогсоох хүртэл арга хэмжээ авчээ. 

Жишээ нь, Итали Улс ​​1987 онд цөмийн цахилгаан станцын эсрэг бүх нийтийн санал асуулга явуулж, дийлэнх иргэд эсэргүүцсэн байдаг. Ингэснээр 1990 он гэхэд цөмийн станцуудын үйл ажиллагааг зогсоож, түүнээс хойш идэвхтэй цөмийн цахилгаан станцгүй хэвээр байгаа юм.

Гэхдээ үүнээс илүүтэйгээр маш олон орон уур амьсгал, эрчим хүчний тогтвортой эх үүсвэрийн хүрээнд цөмийн эрчим хүчийг сонгож, энэ төрлийн цахилгаан станцын хүчин чадлаа нэмэгдүүлсээр байна. Үүнд АНУ, Хятад, Энэтхэг, Франц, Өмнөд Солонгосоос гадна Ойрх Дорнод, Зүүн Европ, Хойд Америкийн орнууд багтдаг.

ЦӨМИЙН ЦАХИЛГААН СТАНЦЫН ОСОЛ ГАРАХ МАГАДЛАЛ ХЭР ИХ БАЙДАГ ВЭ? 

Олон улсын цөмийн энергийн агентлаг /IAEA/-аас АНУ-ын Цөмийн Зохицуулах Хороо (USAEC)-ны "Реакторын аюулгүй байдлын судалгаа" /WASH-1250/-д үндэслэн дараах эрсдэлийн магадлалыг боловсруулсан. 

Ингэхдээ бүх зүйлс эрсдэл дагуулдаг бөгөөд тэр ч бүү хэл хоол идэх, амьсгалах нь эрсдэл дагуулах боломжтой. Учир нь АНУ-д жил бүр хэдэн мянган хүн амьсгал боогдсоноор амиа алддаг. Үүний нэгэн адил цөмийн цахилгаан станцын үйл ажиллагаа ч тодорхой хэмжээний эрсдэлтэй. Гэхдээ эрсдэлийн магадлалаас хэдэн арав дахин үр өгөөжтэй юм. 

Тайлангийн үр дүн болон эрсдэлийн магадлалын томьёололд үндэслэснээр цөмийн цахилгаан станц нь ноцтой осол гарах магадлал 

жилд 1/1,000,000,000 (жилд/ нэг саяд нэг удаа тохиолдох магадлалтай)-аас

жилд 1/10,000,000,000 (жилд/ арван саяд нэг удаа тохиолдох магадлалтай)

Үүнээс гадна орчин үед цөмийн цахилгаан станцыг барьж байгуулахдаа аюулгүй байдлыг хангах олон тооны дэвшилтэт технологийг ашиглаж байна. Түүнчлэн дэлхий дахинаа цөмийн аюулгүй байдлын зохицуулалт, стандартыг маш хатуу байхаар тогтоож, тогтмол хяналт, шалгалт, аюулгүй байдлын үнэлгээг хийдэг. 


ТЭГВЭЛ МОНГОЛД ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ ТӨЛӨВЛӨЛТ ЯМАР ШАТАНД БАЙГАА ВЭ?

Манай улсын хувьд Цөмийн энергийн тухай хуулийг 2009 онд баталсан. Түүнчлэн Засгийн газрын харьяа Цөмийн энергийн комисс нь Монгол Улсад цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх судалгааг хөгжүүлэх, цөмийн болон цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах, хүний нөөцийг бэлтгэх зорилгын хүрээнд ажиллаж байна. 

Манай улсад 2009 оны УИХ-ын 45 дугаар тогтоолоор 10 жилийн дотор цөмийн эрчим хүчний төлөвлөлтийг зохион байгуулахаар тусгасан. 

Энэ сарын 17-ны өдөр Шинжлэх ухааны академи, Эрчим хүчний яам, Цөмийн энергийн комисс хамтран “Монголын эрчим хүчний систем ба цөмийн эрчим хүчийг ашиглах боломж” сэдэвт эрдэм шинжилгээний хурал-хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

<i><b>ЦЭК-ын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал&nbsp;</b></i>
"Цөмийн эрчим хүчний төлөвлөлтийг зохион байгуулах ажлын хүрээнд өнгөрсөн 3-р сард ажлын хэсэг байгуулагдаж цөмийн эрчим хүчний эх үүсвэр ашиглах талаар шийдвэр гаргахад шаардлагатай тайлан бэлтгэх, цөмийн эрчим хүчний станцыг барих, ашиглахтай холбоотой эдийн засгийн товч мэдээллийг хүргэх зорилго тавьсан.
Ажлын хэсгээс гаргасан тайланд цөмийн эрчим хүчний урьдчилсан төлөвлөлт гаргахад 5.7 тэрбум төгрөгийн зардал гарна гэсэн тооцоолол бий.”
ЦЭК-ын Ажлын албаны Цөмийн технологийн бодлогын газрын дарга М.Чадраабал 
0
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.