Хэрэв…? | Ослын дараах эргэцүүлэл

unnu.news
unnu.news
1 жилийн өмнө

Энэ сарын 24-ний өдөр Баянзүрх дүүрэгт автомашины осол гарсны улмаас газ дэлбэрч, олон хүн амь нас, эд хөрөнгө, сэтгэл санаагаараа хохирлоо. Монголчууд бид "Саалиа бэлдэхээр саваа бэлд" гэж ярьдаг. Тиймээс энэ ослоос сургамж авч, дараа дараагийн осолд бэлэн байх хэрэгтэй. 

unnu.news-ийн редакц уг ослын дараа бидэнд төрсөн "Хэрэв?" гэх асуултуудад ямар гарц, гаргалгаа байж болох байсныг тодорхой судалгаа, баримтуудад тулгуурлан санал болголоо.


ХЭРЭВ ТУХАЙН МӨЧИД NISSAN PATROL АВТОМАШИН I ЭГНЭЭНД ТҮР ЗОГСООГҮЙ ЭСВЭЛ ДАГАЖ ЭРГЭЭГҮЙ БОЛ?

Монгол Улсын “Замын хөдөлгөөний дүрэм”-д уулзварт болон гарц дээр 20 м, гарцад 10 м-ээс ойр зайд бол түр зогсохыг зөвшөөрдөггүй.

Хэрэв уг тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байсан бол зам тээврийн осол гарахгүй байж болох байсан. Нөгөө талаар албаны эх сурвалжуудаас ил болгосон дүрс бичлэгт Nissan Patrol машин түр зогссон нь тодорхой харагдахгүй байгаа тул дүгнэлт хийх боломжгүй. 

Мөн дүрэмд зааснаар жолооч баруун тийш эргэхдээ тээврийн хэрэгслийн оврын хэмжээ болон бусад шалтгаанаар хамгийн баруун захад урьдчилан байр эзлэх шаардлагыг биелүүлэх боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг саатуулахгүйгээр уг үйлдлийг өөр эгнээнээс гүйцэтгэхийг зөвшөөрдөг. 

Зам тээврийн осол гаргасан том оврын автомашин нь “Дашваанжил” ХХК-ийн эзэмшлийнх, Nissan Patrol" автомашин нь Батлан хамгаалах яамны эзэмшлийнх байсныг албаны эх сурвалжууд мэдээллээ.


ХЭРЭВ ТУХАЙН МӨЧИД УГ МАШИН “BLIND SPOT” БУЮУ СОХОР БҮСЭД БАЙГААГҮЙ БОЛ?

Том оврын автомашины зүүн хойд талыг үзэгдэх орчим хязгаарлагдмал “сохор бүс” гэж, эгц урд, эгц хойно болон баруун талын дийлэнх хэсгийг үзэгдэх орчингүй “хориотой бүс” гэж тодорхойлдог.Дээрх зам тээврийн ослын үед том оврын жийп ачааны тэргийн “хориотой бүс”-д байгаагүй бол зам тээврийн осол гарах нөхцөл үүсэхгүй байх боломжтой юм. Олон улсын жишигт эргэлт хийж байгаа ачааны машины жолооч, сохор бүсэд нь бусад тээврийн хэрэгсэл байхгүй үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэх үүрэгтэй гэж үздэг.

2020 онд гарсан судалгаагаар АНУ-д “сохор бүс”-тэй холбоотой жилд 840,000 зам тээврийн осол гарч, 300 гаруй хүн ослоор нас бардаг гэсэн тооцоолол бий.

Эх сурвалж: НҮБ-ын Европын эдийн засгийн комисс


ХЭРВЭЭ УЛААНБААТАРЫН ХОТ ТӨЛӨВЛӨЛТ, АВТО ЗАМ, БАРИЛГА БАЙГУУЛАМЖ СТАНДАРТЫН ДАГУУ ЗӨВ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ БАЙСАН БОЛ?

Монгол Улсад 6500 гаруй, нийслэлд 52 стандарт байдаг. Гэвч стандартын шаардлага зохих түвшинд хангалттай хэрэгжихгүй байснаар гарах үр дагаврыг энэ удаагийн осол харууллаа.

Доорх зурагт үзүүлснээр дэлбэрэлтэд өртсөн Глоб Иннова сургууль, Эдү Апартментийн хооронд барилга, байгууламжийн стандарт үл хангах буюу хоорондоо зайгүй байгаа нь аврах, гал унтраах ажиллагаанд ихээхэн саад учруулсан.

Гэхдээ нийслэлд стандартын шаардлага үл хангах барилга, байгууламж зөвхөн эдгээр барилгаар хязгаарлагдахгүй олон байдаг. Тиймээс цаашид ч ашиглалтад орох болон одоо байгаа барилга, байгууламж, авто замыг хот төлөвлөлт, стандартад нийцүүлэх, шаардлага хангуулах ёстойг харууллаа.

Түүнчлэн цас орсноос үүдэлтэй авто зам, явган хүний зам хальтиргаатай байгаагаас шалтгаалан олон хүн хохирч байна. Тиймээс аюулгүй байдлыг хангах үүднээс халтиргаа гулгаагүй болгоход чиглэсэн арга хэмжээ авах хэрэгтэй.


ХЭРЭВ АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХДЭЭ ӨӨР ЧИГЛЭЛИЙГ СОНГОСОН БОЛ?

Шадар сайдын тушаалаар 2019 онд “Аюултай ачаа тээвэрлэх маршрут”-ыг тогтоосон байдаг. Гэтэл ослын байршил нь эргэлт хийхэд зай талбай бага, орон сууцны хотхоны ойр орчмоор явж өнгөрдөг зэргээс авч харахад “Дашваанжил” ХХК-ийн газ тээвэрлэж явсан автомашины маршрут стандартын дагуу төлөвлөгдөөгүй нь ажиглагдаж байна.

Олон улсад аюултай ачааг тээвэрлэх маршрутыг төлөвлөхөд: 

  1. Хүн амын нягтаршил
  2. Автозамын төрөл, бүтэц, хэмжээс
  3. Зохицуулалт
  4. Автозамын хөдөлгөөн, зохицуулалт, урсгал
  5. Ослын статистик
  6. Түргэн тусламж хүрэх зай болон бусад хүчин зүйлсийг харгалзан үзэж төлөвлөхийг зөвлөдөг.

Эх сурвалж: Milanovic et al, 2011


ХЭРЭВ ГАЛ УНТРААХ ТЕХНИК, АВРАГЧДЫН ХУВЦАС ХЭРЭГЛЭЛ НЬ СТАНДАРТЫН ДАГУУ БАЙСАН БОЛ?

Дэлхийн хамгийн сайн техник, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэглэлтэй гал сөнөөх ангиуд АНУ-ын Нью Йорк, Японы Токио хотуудад байдаг. Эдгээр ангиуд зөвхөн техник технологийн хангамжаас гадна бэлтгэл сургуулилт, төсөв зэрэг нь хангамж сайтай байдаг. 

Харин манай улсад гал сөнөөгчдийн техник, хувцас хэрэглэлтэй холбоотой долоон стандарт байдаг ч дээрх ослын үед аврагчдын аюулгүй байдлыг хангаж чадсангүй. Урьд өмнө нь болсон зарим гал унтраах ажиллагааны үеэр ч мөн адил шаардлагатай тоног төхөөрөмж дутмаг байдлаас болж аврах багийн гал сөнөөгчдийн эрүүл мэнд, амь нас эрсдэх олон тохиолдлууд гарч байсан түүхтэй. 

Цаашид гал сөнөөгчдийн амь нас, эрүүл мэндийг болзошгүй аюулаас хамгаалахын тулд одоо байгаа нөхцөл байдлыг хэд дахин сайжруулж, олгогдсон төсвийг нэмэгдүүлж, олон улсын хамгаалалтын хувцас хэрэглэлийн стандартыг чанд мөрдөх зайлшгүй шаардлагатай байна. 


ХЭРЭВ МАНАЙ УЛС ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛДАГ БАЙСАН БОЛ?

Хиймэл оюун ухаан ашиглаж (DALL-E, Midjourney г.м. Generative AI) талийгаачдыг дүрсэлсэн зураг, постер бүтээх нь хууль эрх зүйн болоод ёс зүйн олон эрсдэл, асуудлуудыг үүсгэж болохыг олон улсад идэвхтэй хэлэлцэж байна. Жишээ нь, Европын холбооноос 2023 онд баталсан Хиймэл оюуны хуулийн хүрээнд хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг түгээхдээ заавал контент бүтсэн хэлбэр аргыг дурдах шаардлагатай болсон. Мөн хүний биометрик мэдээллийг ашиглахдаа заавал зөвшөөрөл авахыг шаардах хуулийн зохицуулалтыг Австрали 1988 онд баталсан байдаг.

Дээрх жишгийн хүрээнд, амь насаа алдсан хүний царай төрхийг тэдний гэр бүлийн зөвшөөрөлгүйгээр ашиглаж шинэ зураг бүтээж түгээхийг хориглох боломжтой юм.


ХЭРЭВ ИРГЭД ОНЦГОЙ БАЙДЛЫН МЭДЛЭГ, БЭЛТГЭЛТЭЙ БАЙСАН БОЛ?

  • Осол болсон газар ойртохгүй

Хийн газ дэлбэрэхэд хоёрдогч дэлбэрэлт үүсэх эрсдэл өндөр байдаг ба тэсэлгээний радиус хэдэн зуун метр хүртэл үргэлжилдэг.

Цаашлаад дэлбэрэлтийн улмаас агаарт цочролын долгион тархаж ойр орчмын барилгын цонх, шил хагарах эрсдэлтэй байдаг. 

Гэтэл ослын үед иргэд галын аюулгүй байдлын талаарх мэдлэг дутмагаас үүдэн цонхтой ойр бичлэг хийх, ослын цэгийн хажуугаар автомашинтайгаа зорчих, хувцас нь шатахад хэрхэн унтраах зэргийг мэдэхгүй байсан тохиолдлууд гарав.

  • Гамшгийн бэлэн байдлын цүнхтэй байна

Ослын үеэр ихэнх иргэд яарч гарахдаа өмссөн хувцаснаасаа өөр чухал эд, хэрэгслээ авч гарж чадаагүй. Хэрэв иргэн бүр гамшгийн бэлэн байдлын цүнхийг бэлтгэсэн байдаг бол чухал бичиг баримт, анхны тусламжийн хэрэгсэл, шүгэл, гар чийдэн, ус, хоол хүнс зэрэг хэрэгцээт зүйлс нь бэлэн тул ослын газраас гарахдаа цаг алдахгүй.

  • Эрсдэлийн боловсрол сайн, амь нас, эд хөрөнгөө даатгуулсан байна

Эрсдэлд бэлэн, амь нас, эд хөрөнгөө даатгуулсан байна. Дэлбэрэлтэд өртсөн орон сууц, автомашинууд даатгуулсан тохиолдолд даатгалын компани хохирлыг барагдуулна. Мөн ипотекийн зээл зэргээр худалдан авсан бол нөхөн төлбөр авах боломжтой. Мөн ослын үеэр эрсэдсэн иргэд амь насны даатгалтай тохиолдолд ар гэр нь нөхөн төлбөр авдаг.  


Холбоотой нийтлэл:

3
Сэтгэгдэл

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг баримтлах. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд unnu.news хариуцлага хүлээхгүй.